
Хүсэн хүлээсэн цагаан сар ирж, хүн зоны зүрх сэтгэлийг догдлуулан байж өнгөрөн одлоо. Сар шинээр хэн хүний сэтгэл зүрхэнд хүрсэн, нүдэнд туссан онцгой тохиолдлууд байж л таарна. Миний хувьд хүүхэд байхын хөдөө гэртээ шинэлж ирсэн өнгөрсөн өнөөг эргэн дурсахад малчин айлын ахуй амьдрал, ёс заншилд тодорхой өөрчлөлт гарсан нь ажиглагдана. Тэр дундаа төрсөн нутаг Үзэмчин хошуугаа онцлон бичихэд үзэг шулуун. Үзэмчин монголчуудын ёс заншлыг сөхөн ярихад “жил оруулах ёс”-ыг эхэнд тодруулах нь зүйтэй болов уу.

“Жил оруулах ёс” нь нийт монголчуудын эрт дээр үеэс уламжилж ирсэн зан үйлийн нэгэн хэлбэр юм. Өвөр Монголын бусад аймгуудад “жил оруулах ёс” ялгаатай байдаг. Зүүн баруун Үзэмчин хошуунд “жил оруулах ёс” нарийн зан заншил, ёс журамтай хийгдсээр байгаа юм. Одоогоос арван жилийн өмнө Үзэмчинчүүд жил оруулахдаа жилийн бэлгэнд боорцог зэрэг хүнсний бүтээгдэхүүн өгдөг байсан бол сүүлийн арван жилд ихэвчлэн бэлэн мөнгө өгдөг болсон. Мөнгө төгрөгийг бэлгэнд өгөх нь маш хялбар, хэрэглээний үнэ цэнэ тодорхой байдгаараа давуу талтай хэдий ч монгол ёс заншлын үүднээс харахад шүүмжлэлтэй хандах нь зөв бол уу. Энэ жилийн сар шинээр өөрт тохиолдсон нэгэн сайхан явдлыг уншигч та бүхэнтэй хуваалцахыг хүслээ.

Саахалт айлын Г.Сод-Эрдэнэ дүү маань тахиа жилтэй. Энэ жил 25-ны жил орж байгаа юм. Жилийн бэлгэнд мөнгө төгрөг өгөх нь дадал болсон нийгмийн сөрөг асуудлыг дүү маань ажиж амжсан байжээ. Тэрээр жилийн бэлгэндээ юу өгвөл зохих тухай бодож эцэст нь монгол хүний буян хурах утга учрыг санаж “бэлэг бэлгийн дээд номын бэлэг”-ийг сонгосон байв. Хүний амьдралд зөв энерги хүртээж чадахаар сайн ном, сайхан ном, дэлхийн цуутнуудын амьдралд үйлчилсэн гайхамшигт уран бүтээлийн монгол хэл дээрх “Нууц” номыг сонгосон нь илүү үр өгөөжтэй болж чадсан юм. Монголчууд бие биедээ уух архи биш, унших ном бэлэглэж байхыг үйлдлээрээ хөндсөн Г.Сод-Эрдэнэ дүүдээ хүндэтгэл илэрхийлье.
“Ном унш! Эс бөгөөс тархи агшин үг золбиншин үйлдэл зэрлэгшинэ” гэдэг мэргэдийн үгэнд нэгээс хоёр, хоёроос олон монголчууд минь нэгдэнэ гэдэгт итгэж байна.

