solongonews
Бүсгүй хүн инээмсэглээд хандахад “Үгүй” гэх хүн хорвоод ховор...
2015-12-28 18:21
Энэ бол гагцхүү олны танил эрхмүүд, одод гэгддэг алдартнуудын амжилт биш юм. Албан болоод амин хувийн аль нэг ажлаа бүтээхдээ бид бусдын дэм, оролцоо яалт ч үгүй хэрэгтэй үед тэдэнд хандахаас өөрцгүй.
Ийм тохиолдолд хамгийн бүтэмжтэй хариу сонссон, итгэл авсан хийгээд нэг үгээр хүслээ биелүүлж чадсан хүүхнүүдийн дийлэнх нь хөмсгөө зангидсан зовлонтон болж очоогүй, харин даруухан дулаахан инээмсэглэлээр өөртөө үзэсгэлэн нэмж байгаад үнэн учир байдлаа хэлсэн гэлцэх вий.  Зууны манлай дуучин, МУГЖ Б.Сарантуяа телевизийн нэгэн ярилцлагад ингэж хэлснийг та ч бас санаж байж мэднэ. Өөртөө үзэсгэлэн нэмж, өрөөл бусдад эерэг энерги цацраадаг инээмсэглэлд далдын их шид оршдог.
 
Хүн амжилт гаргаж, сайн сайхан яваадаа аз жаргалтай байдгаас илүүтэй  аз жаргалтай өөдрөг хүн л амжилт гаргаж, сайн сайхан явдаг тайлагдашгүй нэгэн нууц бий. Тэгэхээр та бид амжилт хийгээд аливаа эерүү бүхний эзэн байхсан гэвээс эхлээд аз жаргалыг мэдрэх сэтгэлтэн байх учиртай санж. Таныг аз жаргалтан болгох очис мэт нууцлаг талстын нэг нь ердөө л чин сэтгэлийн инээмсэглэл... 
 
Замын уулзварт зөрөөд өнгөрөх танихгүй инээмсэглэл танд бүтэн өдрийн урам таашаал хайрлах нь бий. Лангууны ардах уриалгахан үг, сайхан инээмсэглэлийг тосож авахдаа хүн, хэдий тэгтлээ хүсээгүй ч сонирхон үзэж байсан зүйлээ өөрийн эрхгүй худалдан авдаг тохиол амьдралд бас хааяа байдаг.
 
Өвчтөний орон дээр эмнэлгийн цагаан тааз ширтэн зовиурлаж хэвтээ хүнд эмч, сувилагчдын ялдамхан инээмсэглэл, эм тарианаас илүүтэй ид шид болон шингэж, саяхан үхлийн тухай эмээнгүй эргэцүүлж байсан өвчтөн орчлонг олон жил элээх итгэл зоригоор хөглөгдөн тэжээгдэж, зохирон илааршсан гэгээн сайхан түүх бас олоон. Сайхан сэтгэлээр эелдэг найртай инээмсэглэх, баяр хөөртэй тас тас хөхрөхийн сайхныг яанав... 
 
Инээмсэглэхэд  санаа сэтгэл   өөдрөг найрсуу болж, эерэг энергийн урсгал хөврөн, шинэ эрүүл эсүүд төлжөөд эгээ л нэгэн нас нэмэхийн дайны таашаал хийгээд эмчилгээ болдгийг анагаах ухаан батлажээ. Үнэн сэтгэлийн дотно инээмсэглэл бол та бид өөрөө өөрийгөө өөрчлөн бүтээх илбэ шидийн босго юм шүү. Баяр баясгалантай хүнийг бурхан адислан ерөөдөг. Инээмсэглэж байгаа царайг хорт сум онодоггүй гэдэг дээ...
 
Жинхэнэ өгөөмөр сэтгэлийн инээмсэглэл  хүмүүсийг ядрахад нь амралт, гуньж гутрахад нь гэрэл гэгээ, өвдөж зовход нь эм болдог. Инээмсэглэл чухамдаа хоромхон зуур болж өнгөрөх хэдий ч заримдаа насан туршид мартагддаггүй гайхамшиг билээ. Сэтгэлийн сайхныг бусдад дамжуулах хамгийн дөт зам, өөртөө үзэсгэлэн нэмж, эрүүл мэндээ хамгаалах шидэт эм бол инээмсэглэл. Инээмсэглэснээрээ бүсгүйчүүд бид  бодож байснаасаа хавьгүй ихийг нааштайгаар өөрчилж чадна аа. 
/Гэгээ/
 
 
Найруулагч: Энхтуяа
Эх сурвалж : Mongoljingoo.mn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл