Хятадын Нийслэлийн музейд “Утга урлагийн сэргэн мандалтын үе”-ийн Итали улсыг цоо шинэ аргаар үзүүлж байна. Бээжингийн олон улсын 8-р кино наадамд “Тяньтань шагнал”-д шалгарсан кинонуудын нэрийг зарлалаа зэрэг соёл урлагийн мэдээллийг хүргэе.
Саяхан Английн дуудлага худалдааны Кантербури компани 04 сарын 11-нд түүхэн дурсгалт зүйлсийг дуудлага худалдаанд оруулах гэж байгаа ба тэдгээрээс “барын сийлбэртэй хүрэл эдлэл” нь Хятадын Юаньмин-Юань хүрээлэнгээс алдагдсан эдлэл байж болзошгүй хэмээн хүмүүс үзэж байна. Үүнтэй холбогдуулан Хятадын түүхэн дурсгалт зүйлсийн үндэсний газар: “Хууль бусаар алдагдсан түүхэн дурсгалт зүйлсийг худалдаалахыг Хятад улс эсэргүүцэн, зэмлэсээр ирсэн” хэмээн мэдэгджээ.
Тус компанийн бүрдүүлсэн түүхэн материалаас үзвэл, Баруун Жөү улсын үеийн хүрлээр хийсэн “барын сийлбэртэй” үнэт эдлэлийг хамгийн эртдээ Английн тэнгисийн цэргийн хурандаа Харри Левси Еванс Юаньмин-Юань хүрээлэнгээс булааж авчээ. Тэрээр нэг захидалдаа: “Би Юаньмин-Юань хүрээлэн рүү дайран дээрэмдэх ажиллагаанд оролцож, үнэт ховор түүхэн дурсгалт зүйлсийг олсон. Үүнд хүрэл эдлэл, цэцгийн лонх, шаазан сав зэрэг бий” гэжээ. Дуудлага худалдааны тус компани эдгээр захидлыг ил болгосон зорилго нь тус хүрэл эдлэл уламжлалт, үнэт ховор зүйл гэдгийг нотлох гэсэн боловч тэр материал нь “барын сийлбэртэй” хүрэл эдлэлийг Юаньмин-Юань хүрээлэнд байсан үнэт эрдэнэ гэдгийг гэрчилсэн юм.
Үүнтэй холбогдуулан Хятадын түүхэн дурсгалт зүйлсийн үндэсний газрын албаны хүн: “Бид дуудлага худалдааны байдлыг ойлгон тодруулж байна. Хууль бусаар алдагдсан түүхэн дурсгалт зүйлсийг наймаалах ажиллагааг бид эсэргүүцэн зэмлэсээр ирсэн юм. Холбогдох байгууллага олон улсын конвенцын үзэл санааг мөрдөн сахиж, түүхэн дурсгалт зүйлсийн эзэн улсын ард түмний сэтгэгдлийг хүндэтгэж, хууль бусаар алдагдсан түүхэн дурсгалт зүйлсийг худалдаалахгүй, иймэрхүү түүхэн дурсгалт зүйлсийн нэрээр бизнесийн сурталчилгаа хийж хөөрөгдөхгүй байхыг хүсэж байна” гэжээ.
Бээжин хотноо Хятад, Итали хоёр улсын хамтран төлөвлөж, Хятадын Нийслэлийн музейд хамран зохион байгуулсан “Сэргэн мандалтын үеийн Италийн урлаг соёл, амьдрал” үзэсгэлэн гарч байна. Үзэсгэлэнд дүрслэх урлагийн Уффизи ордон, Баржелло үндэсний музей зэрэг Италийн 17 музей, соёлын байгууллагад хадгалагддаг 102 зүйлийн үзмэрийг дэлгэн үзүүлж байна. Үзэсгэлэнгийн төрөл зүйл олон, Тизиано Веселли, Сандро Боттиселли зэрэг алдартай уран бүтээлчдийн уран зураг, хувцас засал, амьдралын хэрэглээний эд зүйлс, барилгын бүтэц, загвар зэрэг нь сэргэн мандалтын үеийн Италийн өвөрмөц орчныг бүх талаар харуулж байна. Тус үзэсгэлэнг төлөвлөсөн Италийн талын төлөөлөгч, хатагтай Залабра үзэсгэлэнгийн тухай ийнхүү танилцууллаа:
“Нэгдүгээр хэсгийн гол сэдэв нь уламжлал ба шинэчлэл, гол нь дундад зуунаас сэргэн мандалтын үе хүртэлх барилга байгуулалт, хот төлөвлөлт зэрэг салбарын гүн гүнзгий өөрчлөлт, шашинтай холбоотой уран зургийн бүтээлүүд. Хоёрдугаар хэсэгт гол нь хүний үнэ цэнийг онцолж, хөрөг зураг, амьдралын хэрэглээний эд бараа, дайн байлдаан, ан агнуурын холбоотой зүйлс. Гуравдугаар хэсгийн гол сэдэв нь урлаг, шүтээн, сэргэн мандалтын сүүлчийн шатанд урлагийн хөгжил удаавтар боловч хүн ардын дунд тогтвортой дэлгэрэн хөгжиж байсан, уран зурагт эрхэм дээд хүмүүсийн эгэл боргил сэтгэлгээг дүрсэлж, уран бүтээлчид эртний урлагийн аргаар шашны сэдвийг хөндөснийг харуулж байгаа юм. ”
Тус үзэсгэлэнг Нийслэлийн музейд 06-р сарын 22 хүртэл үзүүлнэ. Хэрэв та хүсвэл онлайнаар буюу утсаар захиалга өгч, үнэ төлбөргүй үзэж болно.
04-р сарын 15-22-нд Бээжин хотод Бээжингийн олон улсын 8-р кино наадам болно. 2017 оны 01-р сарын 01-нээс хойших шилдэг кино бүтээлийг дэлхий дахины олон орноос хүлээн авсны дүнд 19 улс орон, бүс нутгийн 15 киног “Тяньтань шагнал”-ын янз бүрийн номинацад нэр дэвшүүлжээ. ХОУР-гийн дэд ерөнхий редактор, Бээжингийн олон улсын кино наадмыг зохион байгуулах комиссын дэд дарга Рэнь Чянь кино наадамд оролцсон уран бүтээлүүдийн тухай танилцуулсан юм:
“Одоогийн байдлаар, таван тивийн 71 улс орон, бүс нутгийн 659 кино бүртгүүлэн оролцож байна. Бүртгүүлж оролцсон киноны тооны хувьд 7-р кино наадмаас 235-аар илүү гарсан юм. Гадаадын болон Хонконг, Макао Тайваний нийт 532 кино, Хятадын эх газрын 127 кино бүртгүүлсэн бөгөөд сэдвийн хувьд өргөн цар хүрээтэй, төрөл зүйл олон, хэв намба нь өөр өөр байна. Эдгээр киног таван шатаар шалгаруулсны үр дүнд 19 улс орон, бүс нутгийн 15 киног “Тяньтань шагнал”-д нэр дэвшүүллээ. Эдгээрийн 13 нь гадаадын, 2 нь Хятадын кино байна.”
Чехийн “Хөл нүцгэн”, Энэтхэгийн “Хар салхи”, Өмнөд Африкийн “Кротоа”, Францын “Нохой”, Хятадын “Арван найман агуйтай тосгон” буюу “Hold Your Hands”, “Улаан тэнгисийн үйл ажиллагаа” зэрэг кино “Тяньтань шагнал”-ын 10 номинацад өрсөлдөх юм. Шалгаруулсны эцэст хаалтын ёслолын үеэр олонд зарлах болно.
