
"Хятад орныг танин мэдэх" Хятад, Монголын хооронд диполамт харилцаа тогтоосны 70 жилийн ойг тэмдэглэх соёлын цуврал арга хэмжээний нэг болох "Хайрын зөвлөх" телевизийн олон ангит кино бэлэглэх үйл ажиллагаа 08 дугаар сарын 31-ний өдөр Монгол Улсын ниййслэл Улаанбаатар хотноо боллоо.

Тус үйл ажиллагааг БНХАУ-ын ӨМӨЗО-ы Ардын Засгийн Газрын Хэвлэл мэдээллийн алба болон БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-аас санаачлан ӨМӨЗО-ы Радио Телевиз Хороо, Монгол Улсын Боловсрол суваг телевизээс хамтран зохион байгуулж байгаа аж.
Тус арга хэмжээнд БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны Соёлын зөвлөх, Улаанбаатар дахь Хятадын Соёлын Төвийн тэргүүн хатагтай Ли Вэй, Монгол Улсын Харилцаа Холбооны Зохицуулах Хорооны дарга Г.Чинзориг, БНХАУ-ын Радио Телевизийн Үндэсний Ерөнхий Газрын Олон Улсын Хамтын Ажиллагааны Хэлтсийн дэд дарга Жөү Жихун, БНХАУ-ын ӨМӨЗО-ы Ардын Засгийн Газрын Хэвлэл мэдээллийн албаны дэд дарга Хань Юньшян, ХКН-ын ӨМӨЗО-ы Хорооны Суртал Ухуулгын Хэлтсийн дэд дарга, ХКН-ын ӨМӨЗО-ы Радио Телевиз Хорооны дарга Ван Шюефэн, Монгол Улсын Боловсрол суваг телевизийн захирал Н.Мэндбаяр зэрэг албаны хүмүүс оролцлоо.

Үйл ажиллагааны үеэр Өвөр Монголын Радио Телевиз хороо болон Монгол Улсын Боловсрол Суваг Телевиз нь хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурсан бол Өвөр Монголын Радио Телевиз хорооноос Монгол Улсын Боловсрол Суваг Телевизэд "Харын зөвлөх" хэмээх киног бэлэглэн, эрхийн бичгийг гардуулан өглөө.

Арга хэмжээг нээж ХКН-ын ӨМӨЗО-ы Хорооны Суртал Ухуулгын Хэлтсийн дэд дарга, ХКН-ын ӨМӨЗО-ы Радио Телевиз Хорооны дарга Ван Шюефэн үг хэлсэн байна. Тэрээр хэлсэн үгэндээ: Хятад, Монгол хоёр орны харилцаа хурдацтай хөгжиж, хамтын ажиллагаа улам бүр өргөжин тэлж, гайхалтай үр дүнд хүрээд зогсохгүй, хоёр орны ард иргэдэд бодит өгөөжөө өгсөөр байна. Радио телевиз нь Хятад, Монголын хамтын ажиллагааны чухал салбар бөгөөд ӨМӨЗО-ы Радио Телевизийн Хороо нь хоёр улсын кино телевизийн солилцоо, хамтын ажиллагаанд гол түлхэц болж, Монголын хэд хэдэн телевиз, хэвлэл мэдээллийн байгууллагатай урт хугацааны найрсаг харилцаа тогтоон хамтран ажиллаж байгаа билээ. Түүний нэг нь энэхүү арга хэмжээ бөгөөд цаашид олон талд хамтран ажиллаж, Хятад, Монголын ард иргэдийн нөхөрсөг харилцаа улам бүр өргөжиж, хөгжин цэцэглэхийг хүсч байна гэлээ.

Боловсрол суваг телевизийн захирал Н.Мэндбаяр: Манай телевиз Өвөр Монголын Одон телевизтэй 2014 оноос хойш хамтран ажиллаж байгаа бөгөөд энэ хугацаанд хамтын ажиллагаа улам бүр гүнзгийрч үүнийгээ дагаад хоёр орны хооронд хөгжлийн таатай хандлага гарч байна. Аsian Box сувгаар цацагдах Хятадын ес дэх олон ангит кино нь “Хайрын зөвлөх” болж байна гэжээ.

БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны Соёлын зөвлөх, Улаанбаатар дахь Хятадын Соёлын Төвийн тэргүүн хатагтай Ли Вэй: Өнөөдрийн энэ арга хэмжээнд оролцож байгаадаа баяртай байна. Миний бие БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Шин Хаймин болон ЭСЯ-ныг төлөөлж, энэхүү арга хэмжээнд оролцож байна. Сүүлийн жилүүдэд хоёр орны хүмүүнлэгийн үйл ажиллагаа олширч байгаа бөгөөд “Торгоны зам- Кино телевизийн гүүр” төслийн 2018 оны шилдэг киногоор шалгарсан тус киногоор дамжуулан Монголын ард түмэн Хятадын ард түмний аз жаргалтай амьдралыг ойлгоно гэдэгт итгэлтэй байна хэмээн илэрхийлэв.

Монгол Улсын Харилцаа Холбооны Зохицуулах Хорооны дарга Г.Чинзориг хэлсэн үгэндээ, Монгол Улсын Харилцаа Холбооны Зохицуулах Хороо тусгай зөвшөөрөлтэй үйлчилгээ үзүүлэх, олон нийтийг соён гэгээрүүлэх, шинэ тоног төхөөрөмж нэвтрүүлэх, шинэ үйлчилгээ үзүүлэхэд дэмжлэг болсоор ирсэн. Боловсрол суваг телевизийн танин мэдэхүйн нэвтрүүлгийн үзэгч олон, үзэгчдийн таашаалд нийцдэг төдийгүй хөтөлбөрийн цар хүрээгээ өргөжүүлж бусад улс орнуудын кино контентийг албан ёсны зөвшөөрөлтэй хүргэж байгаад баяртай байна гэлээ.

Тус кино нь 45 ангитай бөгөөд нэгэн хосын хайрын түүхээр сэдвэлэн Хятад улсын орчин үеийн гэр бүл болон хайр дурлалыг тусгажээ. “Хайрын зөвлөх” олон ангит кино нь Asian Box сувгаар энэ сарын 26-ны өдрөөс эхлэн гарч байгаа ажээ.

