Нээлтийн ёслолд бүх орны өнцөг булан бүрээс, мөн улсын гаднаас ном зохиолыг эрхэмлэн хүндэлдэг эгэл жирийн уншигчаас эрхэм хүндтэй зохиолчид, яруу найрагч, эрдэмтэн мэргэд хүрэлцэн ирж оролцсон юм. Энэхүү номын санг анх 2013 онд Өвөр Монголын Их Зуу аймгийн Цагаан нуур сумын уугуул, яруу найрагч Хас-Уянга санаачлан байгуулсан байна. Өдгөө түүх соёл, уран зохиол, анагаах ухааны зэрэг олон төрөл сэдэвт хорин мянга гаруй төрлийн номтойн дээр Монгол Улсаас ном бүтээлүүдийг тусгайлан худалдан авч, номын сангаа өргөжүүлэн баяжуулсаар байна.

Яруу найрагч Хас-Уянга эгэл малчин бөгөөд 1993 онд нутгаасаа гарч Өвөр Монгол орноор гурван жил гаруйн хугацаанд ганцаараа тойрон аялсан байдаг. Тэрээр ном цуглуулахаас гадна, 2002 оноос эхлэн “Гурван даваа” уран зохиолын сэтгүүлийг санаачлан өнөөг хүртэл бие даан эрхэлсээр иржээ. Тус сэтгүүл нь ӨМӨЗО-ны хэмжээнд хувь хүн ганцаараа эрхэлж буй цорын ганц сэтгүүл юм. Түүнчлэн хот, хөдөөгийн олон уншигчдад ном түгээх ажлыг санаачлан өрнүүлсэн.
Тус номын сангийн нээлтийн ёслолын үеэр нэр хүндтэй олон уран бүтээлчид номын бэлэг өргөсний дотор Япон улсад ажиллаж, амьдарч буй Өвөр Монголын яруу найрагч Б.Болд өөрийн туурвисан “Б.Болдын бөхийн яруу найраг” номын түгээлт хийсэн юм. Тэрээр "Хас Уянга" номын санд 100 гаруй ном хандивлахын зэрэгцээ хурсан олонд номын бэлэг хүргэсэн нь энэхүү ёслолын нэгэн онцлог боллоо.














Э.ҮРЖИНХАНД
