solongonews
С.Хишигжаргал:Ээжийнхээ “Зориг бүхнийг ялна” гэсэн үгийг зүрхэндээ нандигнаж өөрийгөө хурцалдаг
2015-12-28 18:21
Хүний амьдралын утга учир хаана нуугддаг юм бол. Энэ асуултыг хүн бүр өөрөөсөө нэхдэг байх. Хариултын оньсыг тайлах түлхүүр нь үнэн шударга, энэрэл нигүүлслийн дэнсэнд өөрийгөө хурцлахад оршдог юм болов уу. Ийм л тавилангийн эргүүлэгт толгой гудайлгүй, зорьсон замдаа буцалтгүй мордсон эрхэмсэг бас үзэсгэлэнт бүсгүйчүүдийн төлөөлөл болсон нэгэн бүсгүйтэй ярилцсанаа уншигч танд хүргэж байна. Тэрээр манай уншигчдын хүндэтгэлийг хэдийнэ хүлээсэн дуучин С.Хишигжаргал. Түүний нандин сайхан дурсамжуудаар хамтдаа аялцгаая.

Миний уриалгыг Тэргүүн хатагтай хүлээн авсан эсэхийг мэдэхгүй байна

 

-Наадам ойртсон энэ өдрүүдэд хангай нутгийн сайхан бүсгүйтэй уулзаж ярилцаж байгаадаа баяртай байна. Үндэсний үүх түүхээрээ гоёдог энэ баяр ойртох тусам уудам сайхан хөдөө нутагт төрж өссөн хүн бүхний сэтгэл догдолдог байх?


-Их сайхан асуулт байна. Удахгүй, сарын дараа буюу долдугаар сарын 16, 17-нд миний төрж өссөн сумын 90 жилийн ой болох гэж байна. Архангай аймгаар овоглодог олон мянган хүн энэ наадамдаа бэлдээд сэтгэл тэнүүн сайхан байна. Дээлийн сайхныг бэлдэж, унааны сайхныг сойж байна даа. Үүнтэй л адилаар би ч бас бэлтгэлдээ орчихсон явж байна.

Ардчилсан Ерөнхийлөгчийн эхнэр энэ уриалгыг дэмжих байх гэж бодсон. Дэмжиж өөр дээрээ ус асгадаггүй юм гэхэд, өөрийнхөө хэмжээнд хандив өргөөд, олон сангаасаа нийтэд дэлгэрсэн, ил тод үйл ажиллагаа явуулаасай гэж хүссэн юм.

-Хүүхэд насны дурсамжууд, ялангуяа, тэр үеийн наадмын дурсамжуудаасаа хуваалцаач.


-Миний бага нас хөдөө өнгөрсөн. Зуны амралт бүрээрээ хөдөө сумын наадмаа алгасна гэж үгүй. Өвөөгөө дагаж явна, мотоциклийнх нь хойд суудалд сундлаад явна. Наадмын концертонд их ордог байсан. Дөрөвдүгээр ангид байсан жилээ санамсаргүй тохиолдлоор морь унаж таарсан. Уг нь би морь унахдаа тун тааруу байсан юм. Манай хот айлын хүүхэд гараа хугалчихсан болохоор би зориг гарган хурдан морь унаж, айргийн тавд орж явлаа. Сүүлийн хэдэн жил нийслэл хотынхоо баяр наадмыг үзэж байна. Энэ жил нутагтаа сэтгэл их яарч байна. Төрсөн нутаг үнэхээр сайхан шүү дээ. Урлагийн төлөө, эцэг эхийнхээ нэр алдрыг өргөхийн төлөө зүтгэж яваа хүний хувьд нутаг устай байна гэдэг бахархам сайхан, түшиг тулгууртай, үгээр зүйрлэхийн аргагүй өег дөө.


-Архангай аймаг гэхээр Тэрхийн цагаан нуурын зөөлөн урсгал нүд баясгаж, үзэсгэлэнт байгаль, уруул чимчигнүүлсэн айраг, амттай сайхан ааруул, цагаан идээ санаанд буудаг даа?


-Идээ цагаа их сайхан шүү дээ, манай нутгийн. “Тэрхийн голын хүүхэн сайхан, Тэсийн голын унага хурдан” гэж үг бий. Аз болж би Тэрхийн голын хөвөөн дээр төрж өссөн учраас нутгийн сайхан хүүхнүүдийн шинжээс багахныг нь ч гэсэн өвлөж авсан юм болов уу гэж “найддаг” юм. Айргийн хувьд Хотон тал руугаа сайн. Харин цагаан идээгээрээ манай нутаг Монголдоо №1. Монголдоо №1 гэхээр мэдээж дэлхийд ч №1 гэдэг нь лавтай.


-Архангай гэдэг нэрийг сонсох тоолонд танд ямар дурсамж сэтгэлд “үнэртэж”, ухаанд цэлийдэг вэ?


-Улаанбаатар хотдоо тэр бүр яргуйг олж харахгүй юм. Нутагтаа бол хүүхэд байхад урин цагт хамгийн түрүүнд яргуй нүдэнд цэнхэртээд л ирдэг. Энэ үед л сэтгэл гэгэлзээд, сайхан дуу аялмаар санагддаг. Хаврын униар гэдэг чинь өглөө, оройдоо их сайхан харагддаг юм. Тийм болохоор хавар болохоор л нутгаа их үгүйлдэг. Би бас шүлэг оролддог хүн. Энэ минь хөдөө нутагт төрж, байгалийн үзэмжийг харж өссөн сэтгэлийн хөг юм уу даа.


-Ярилцлагаа таны эхлүүлж, уриалж байсан аяны талаар үргэлжлүүлмээр байна. Та тархины саажилттай хүүхдүүдэд туслахын тулд Мөсөн давалгааны сорилтыг өөр дээрээ хийж, мөн Тэргүүн хатагтайг дуэльд дуудсан эрэмгий эмэгтэй шүү дээ?


-Мөстэй усны сорилтод өөрөөсөө гадна 3 хүнийг уриалан дуудах боломж байсан учраас ийм сонголт хийсэн юм. Миний уриалгыг Тэргүүн хатагтай хүлээн авсан эсэхийг сайн мэдэхгүй байна. Гэхдээ би хэзээ ч Монгол Улсын Тэргүүн хатагтайтай уулзаж үзээгүй. Нэгдүгээрт, ардчилсан Ерөнхийлөгчийн эхнэр энэ уриалгыг дэмжих байх гэж бодсон. Дэмжиж өөр дээрээ ус асгадаггүй юм гэхэд, өөрийнхөө хэмжээнд хандив өргөөд, олон сангаасаа нийтэд дэлгэрсэн, ил тод үйл ажиллагаа явуулаасай гэж хүссэн юм. Хоёрдугаарт, тухайн үеийн Эрүүл мэндийн сайд Н.Удвалыг ч бас уриалсан. Ингэхдээ Монгол Улсын амаржих газар ямар байна, өнөөдөр гудамжинд хүүхдүүд төрж байна, траншейнд хүмүүс өсч байна. Энэ хэвээрээ байсаар байна. Гэтэл одоог хүртэл бидний чихэнд сонсогдож, гарт баригдах зүйл хийхгүй байгаад нь сонгож гаргасан иргэн хүнийхээ хувьд байр сууриа илэрхийлсэн.


-Тэргүүн хатагтай, Н.Удвал сайд нар таны мөсөн сорилтын урилгад хариулт өгсөн үү?
-Үнэнийг хэлэхэд хариулт өгөөгүй. Тэр хүмүүс ийм зүйлээс хол байдаг юм болов уу. Эсвэл Монголын улс төр гэхээр хэт хар бараан юман дээрээ анхаарлаа хандуулаад нийгмээ дагасан, бусдыг уриалсан, хүмүүсийн зүрх сэтгэлийг хөдөлгөсөн зүйлсэд арай л хүч хаяж ажиллахгүй байгаа юм болов уу гэж харагдаад байна. 1990-ээд онд анх Монголд рок поп урсгал орж ирж байхад сонгууль гэдэг зүйлээр дамжуулж Монголын урлагийг нэг шат ахиулж байсан. Тэгвэл одоо энэ хямралын үед урлагийн хүмүүсээр дамжуулж ард түмэндээ сайхан хандлагуудыг илэрхийлбэл энэ хүмүүсийн уур бухимдал бага багаар намжиж, арай цэгцтэй болж болох юм гэж би боддог.


-Та энэ үгийг ирээдүйд ээж болох хүнийхээ хувьд ингэж хэлж байна гэж ойлгож байна. Эх хүн бүхэн энэ асуудалд санаа зовнидог ч тан шиг ил тод хэлж чадсан нь ховор юм.


-Тийм ээ. Би тэнд Ерөнхийлөгчийн толгой дээр ус асга гэж уриалаагүй. Гол нь Тэргүүн хатагтай яагаад ганц удаа хариулт өгч болдоггүй юм бэ, эсвэл утсаараа бичлэг хийгээд эх хүний ёсоор ард түмэнтэйгээ зүгээр л энгийнээр харьцаж яагаад болдоггүй юм бэ гэж асуумаар байна. Эрүүл мэндийн сайд асан Н.Удвал гуай мундаг хүн шүү дээ. Түүнд олон туслах, зөвлөхүүд байдаг. Яагаад тэднийхээ нэгээр нь ч гэсэн дамжуулаад бидэнд хариулт өгч болдоггүй юм бэ. Гэтэл тэгээгүй, зүгээр л үл тоомсорлож байна. Үл тоомсорлоно гэдэг бол бүдүүлэг зан.


-Таны энэ их сэтгэлийг хэн нэгэн хүн ажил хэрэг болгоё гэвэл яах вэ. Ингэхдээ танд хүн хөрөнгө оруулалт хийгээд өгье, харин та эх, хүүхдийн төлөө чадах юмаа хий гэвэл юу гэж хариулах вэ?


-Би нэг л өдөр Монгол Улсдаа амаржиж таараа. Тэгэхэд би хаана, аль эмнэлэгт төрөх вэ, бас надад ор олдох үгүйг сайн мэдэхгүй байна. Хэрэв үнэнч шударгаар зүтгээд явбал амаржих эмнэлгийнхээ ханыг налж зогсож байгаад л, дөнгөж төрөөд боссон хүний халуун орон дээр хэвтэж амжив уу үгүй юу л төрөх байх. Харин амиа бодоод, өөрийнхөө хэмжээнд мөнгөө төлье гэвэл гайгүй эмнэлгүүд байдаг л юм билээ. Тийм болохоор л төрөх, амаржих эмнэлгийн асуудалд би маш их эмзэглэдэг дээ.


Ажилтай анхиатай эгэл эрхэмсэг монгол эмэгтэйчүүд өнөөдөр энэ асуудлыг шийдэж чадаж байгаа жишээг бид харж байна шүү дээ. Төрөх эмнэлгүүдийг тохижуулчихлаа. Энэ ажлыг хийж чадсан гавьяат жүжигчин И.Одончимэг, жүжигчин Г.Ундармаа эгч хоёроороо маш их бахархаж байна. Энэ хоёр мундаг эмэгтэй ийм зэргийн юм хийж байхад яагаад Монгол Улсын улс төр, эх орныг атгаж яваа хүмүүс төрөх эмнэлгийн ядаж орных нь тоог нэмээд, өргөтгөөд өгч болдоггүй юм бэ. Өнөөдөр хүртэл манай найз охины хүүхэд эмнэлгийн коридорт хэвтэж байна. Энэ бол жинхэнэ асуудал. Үүн дээр л эмэгтэй хүний хувьд, хэзээ нэг өдөр ээж болох хүний хувьд надад аймшигтай санагддаг.

 

Би улсын эмнэлэгтээ л амаржина

Миний ганц баримталдаг зарчим бол өөрийнхөө урд байгаа юмаа л хийгээд явах. Урдахь ажлаа хийгээд, бусдын юм руу халдахгүй, өөрийнхөө юмыг алдахгүй, буруу замаар будаа тээхгүй. Тиймээс л би аль болох зөв боломжуудыг харж хөдөлдөг. Бас хурдтайн дээр чанартай байхыг хичээдэг.


-Яг үнэнээ хэлээрэй. Та төрөх болбол улсын болон хувийн эмнэлгийн алийг нь сонгох вэ. Магадгүй таныг хүмүүс өөр өөрөөр харж байгаа байх?


-Би улсын эмнэлэгтээ төрнө гэж бодож байгаа. Хувийн эмнэлэг бол найдвартай нь найдвартай. Гэхдээ асар их өндөр үнэтэй. Монгол хүмүүс чинь цагаа тулахаар жудагтай шүү дээ. Улсын эмнэлэг хэчнээн ачаалалтай ч гэсэн коридорынхоо ханыг түшүүлээд ч гэсэн ээжүүдийг төрүүлээд байна шүү дээ. Гэхдээ алийн болгон энэ чигээрээ үргэлжлэх юм бэ. Үүн дээр би эмзэглэдэг дээ.


-Ний нуугүй ярилцаж байгаа танд баярлалаа. Танаас тайзан дээрх хөшигний ар талын амьдралын талаар асуумаар байна. Эмэгтэй хүн урлагийн салбарт хөлөө олоход хэр бартаа саадтай байдаг юм бол. Тулгарч байгаа бэрхшээл юу байна уу?


-Зүйрлүүлвэл, салхитай өдөр гадаа зогсч байхад салхи нэг зөөлхөн үлээнэ. Харин салхины өөдөөс морь унаад давхихад ямар ширүүн байдаг билээ. Яг л тэрэн шиг хэр их хурдтай, эрчтэй, чадалтай байна, төдий хэмжээний л ширүүн юм үзнэ. Би бол нэлээд хурдтай давхиж байгаа учраас надад ширүүн байна, яг үнэнийг хэлэхэд. Мэдээж, би ганцаараа салхи сөрж давхиагүй. Надтай зуузай холбож давхих, хааяа нэг урд гарч, хааяа нэг хол хоцрох хүмүүс байна л даа. Энэ хүмүүс өөр өөрийн гэсэн унаатай, өөр өөрсдийн гэсэн зорьсон газартай. Адилхан нэг гараанаас бид гарсан ч байж магадгүй. Гэхдээ одоо л дөнгөж уралдаан эхэлж байна. Миний ганц баримталдаг зарчим бол өөрийнхөө урд байгаа юмаа л хийгээд явах. Урдахь ажлаа хийгээд, бусдын юм руу халдахгүй, өөрийнхөө юмыг алдахгүй, буруу замаар будаа тээхгүй. Тиймээс л би аль болох зөв боломжуудыг харж хөдөлдөг. Бас хурдтайн дээр чанартай байхыг хичээдэг. Жил гаруйн хугацаанд нэлээд сайхан уран бүтээлүүдтэй боллоо. Энэ бол ганц миний биш миний продьюсер, ая зохиогч Б.Ангирмаа багшийн маань нөр их хөдөлмөр.


-Та бас нэг ярилцлагадаа “Би уран бүтээл хийхийн тулд хэтэвчээ сэгсрэхээс наахнуур ажилладаг. Чанартай уран бүтээл гаргахын тулд мөнгө хайрладаггүй” гэж ярьсан байсан?


-Миний уран бүтээлийг харахад “Тэр компаниас ивээн тэтгэв”, “Sponsor by…” гэсэн бичиг ер байдаггүй. Энэ бол өөр лүүгээ өнгийдөг хүний зан юм шиг байна лээ. Одоохондоо би шинэ залуу дуучин. Өөрийнхөө нэрийн үсгийг бичиж эхэлж байгаа хүн учраас өөрөө өөртөө хөрөнгө оруулалт хийж, яг өөрийнхөө хүссэнээр байхгүй бол хэн нэгний заавраар шоколадны рекламанд шоколадны дуу дуулаад явбал миний дуу хоолой болж чадахгүй. Гэхдээ мэдээж, надад тохирох болоод үнэ хөлс нь таарах сайхан санал ирвэл татгалзахгүй. Харин одоохондоо бүх уран бүтээлдээ өөрт байгаа бүх боломжийг шавхаад, уран арга бодоод, наана цаана нь оруулаад явж байна. “Олны хүч оломгүй далай” гэгчээр болдог юм билээ. Илүү дутуу зарлага гаргах дургүй. Сайн тооцоолно. Сайн хийнэ. Чанар нэхнэ. Энэ маань л намайг бага багаар урагш явуулж байна.


-Та ая зохиогч Б.Ангирмаагийн шавь. Гэхдээ таныг хүмүүс гавьяат жүжигчин Б.Сарантуяатай их адилхан гэдэг. Зарим нь бүр хамаатан ч гэлцдэг юм билээ.


-Өвөрмонголд тоглолт хийгээд явж байтал сэтгүүлч нь “Таныг ар Монголын гавьяат жүжигчин Б.Сарантуяагийн охин дүү гэж ярьдаг” гэж байсан. Тэр эмэгтэй бол Монголын рок попын түүх. Энэ хүнтэй төстэй гэж яригдана гэдэг миний хувьд нэр хүндийн хэрэг. Яг үнэнийг хэлэхэд, хамаатан садан биш. Сайхан монгол төрхтэй эмэгтэйтэй төстэй байж харагдаж байгаадаа баярлаж байна. Би Сараа эгчийгээ хүндэлдэг, хайрладаг, шүтдэг. Би ер нь алтан үеийнхнийгээ бүгдийг нь их хайрладаг. Яагаад гэвэл би ч гэсэн нэгэн өдөр бас нэгэн үе болно шүү дээ.


-Ая зохиогч Б.Ангирмаа эгчийг хатуу багш гэлцдэг юм билээ. Харин та багшийгаа тодорхойлбол...


-Б.Ангирмаа эгч маань “Nature sound” студийн хамгийн анхны дуулах урлагийн багш байсан. Түүний дараагийн багш маань тус студийн багш А.Мөнгөнсүх. Манай А.Мөнгөнсүх багш бол миний хамгийн анхны ноотын багш. Аз болж Б.Ангирмаа багш маань надад “Angel” дууг санал болгож, бид хамтран ажиллаж эхэлсэн. Би анх багшаасаа их айдаг байсан. Ер нь айна гэдэг бол их хүндлэл. Сүүлдээ дасаад ирэхээр айхаасаа илүүтэйгээр хүндэлдэг, хайрладаг болдог юм байна. Манай багш хатуудаа хатуу, зөөлөндөө зөөлөн. Ихэмсэг эмэгтэй, олон хүний зүрх сэтгэлийг чагнаж, тэднийг хөглөх гэж яваа бүсгүй ямар байх ёстой вэ, тийм л чадварлаг, мундаг. Би багшаасаа их юм сурч байгаа. Би багштайгаа бүтэн жил гаруйн хугацаанд хамтарч ажиллах хугацаанд бүсгүй хүн болсон, миний ухааныг зөв залж, зүрх сэтгэлийг минь зөв хурцалж, чангалахдаа чангалж, зөөллөхдөө зөөллөж авч яваа хүн дээ.


-Багш тань танд юу гэж хэлэх дуртай вэ?


-Манай багш “Урд байгаа ажлаа л сайн хий. Өөр зүйл байхгүй” гэж хэлдэг. Манай багш хов живээр орооцолдох, эсвэл шалдир булдар зүйлд их дургүй. Их төв хүн. Маш дипломатч, мундаг соёлтой, гайхамшигтай хүн.

 

 

Хатуужилтай бай. Үнэнч бай. Дахиад урагшаа зүтгэ

 

-Нэг зүйлийг асуухгүй өнгөрч чадсангүй. Таны хамгийн анхны уран бүтээлүүдийн нэг “Хоёулаа унтах уу” кинонд та эротик дүр бүтээсэн шүү дээ. Тэр дүрийг одоо хэр нь хүмүүс ярьдаг юм билээ.


-Хүмүүст янз бүр л хүрсэн байх. Ер нь урлаг гэдэг маань хүмүүст янз бүрээр хүрч чадаж байвал тэр нь оюуны амттай, мөлжүүртэй зүйл. Жинхэнэ урлаг гэдэг хүсээгүй мэдээллийг дахин дахин давтсаар байгаад оюунд нь суулгадаг реклам биш шүү дээ. Харин миний хувьд би өөртөө нэг л зүйлийг тусгал болгож хүлээж авсан. Энэ бол “Хатуужилтай бай. Үнэнч бай. Дахиад урагшаа зүтгэ” гэдэг урмыг энэ киноноос олж авсан. Магтаалаас илүү бусдын ширүүхэн хэлсэн үг хүнийг их хурцалдаг. Ер нь намайг урагш сайн явуулъя гэвэл муулах хэрэгтэй юм шиг байна лээ. Тийм ч учраас энэ кино намайг сайн түлхэж өгсөн. Мэдээж, муулах нь муулсан, сайлсан нь ч сайлсан. Сайлснаас илүү муулсан нь миний сэтгэлд үлдсэн болохоор би тэндээс их зүйлийг олж авч, тэр зүйлээс ангид, салангид хүн гэж баталж нотлохын тулд зүтгэж байна.

“Хоёулаа унтах уу” киноноос миний хэсгүүдийг хасчихсан байсан бол та кинотеатрт барьж орсон мөнгөнийхөө араас харамсах л байсан. Энэ бол олон хүнийг ажилтай болгож, олон хүнд урам өгч, олон хүнийг урагш гишгүүлэх хөрөнгө оруулалт болсон юм шүү. Тийм болохоор энэ ганцхан миний асуудал биш юм. Хэрэв би хийгээгүй бол өөр хэн нэгэн нь хийх л байсан.


 

-Магадгүй хүмүүс тэр киноны талаар янз бүрийн юм ярихад сэтгэлдээ битүүхэн шаналж байв уу. Хүмүүсийн тэр хандлагуудыг хэрхэн хүлээж авч, өөрийгөө ялан дийлж байв.


-Үнэнийг хэлэхэд, зүрх базлах шиг л болсон. Гэхдээ энэ бол буруу зүйл биш. Энэ бол зөв зүйл, энэ бол урлаг. Гэхдээ хэзээ нэг өдөр хэн нэгэн энэ зүйлээр, намайг биш юм гэхэд миний хажуу дахь хүмүүсийг хэлэх вий гэж бодож байсан. Яагаад гэвэл манай монголчууд тийм зүйл их гаргадаг шүү дээ. Яг ингүүлэхгүйн тулд, ингэх байсан ч хамаагүй “Уулын чинээ харыг туулайн чинээ цагаан арилгана” гэгчээр би энэ бүх сөрөг хандлагыг олон сайхан уран бүтээлийнхээ давалгаагаар даван гарч, элсэн ширхэг болтол нь арилгана гэж бодсон. Угаасаа энэ бүхэн цаг хугацааны аясаар өөрөө алга болно. Өнөөдөр Монголын бүх сайхан эмэгтэйчүүд нүцгэлсэн. Энэ бол зөвхөн Монгол биш, дэлхийн түүх. Мадоннагийн хүртэл сонирхолтой түүх байдаг шүү дээ. Түүнийг хэн ч од, дуучин гэж хүлээн зөвшөөрөхгүй байхад оддын алганы хээг тамгалсан талбай дээр ув улаанаар уруулаа будаад, нүцгэн алхсан байдаг. “Яагаад гэвэл би од” гэж тэр өөртөө хэлсэн. Саранд хүртэл сүүдэр байдаг. Тийм болохоор намайг нэг сайн уран бүтээл хийгээд явж байхад хүмүүс энэ сэдвийг маань л сөхөж ярьдаг. Одоо ч би бүр тоохоо больчихсон. Хүмүүс ярьж л байдаг. Энэ бол байх л ёстой зүйл.


-Гэхдээ энэ кинонд та хамгийн хүнд хүчир ачааг нь үүрсэн мэт санагдсан. Магадгүй энэ киноноос таны тоглосон хэсгүүдийг хасчихвал үзэх зүйл үлдэхгүй юм шиг?


-Энэ бол завсрын дүр юм шиг хэрнээ энэ киноны эротик гэсэн чиглэлийг хамгийн ихээр гаргаж чадсан, хамгийн их ачааг үүрсэн дүр. Тийм учраас энэ киноны хамт олон надад их баярладаг. “Хоёулаа унтах уу” киноноос миний хэсгүүдийг хасчихсан байсан бол та кинотеатрт барьж орсон мөнгөнийхөө араас харамсах л байсан. Энэ бол олон хүнийг ажилтай болгож, олон хүнд урам өгч, олон хүнийг урагш гишгүүлэх хөрөнгө оруулалт болсон юм шүү. Тийм болохоор энэ ганцхан миний асуудал биш юм. Хэрэв би хийгээгүй бол өөр хэн нэгэн нь хийх л байсан.


-Энэ кинонд тоглосны дараа таныг өөлж, таны хөдөлмөр зүтгэлийг эсрэгээр нь бусдад ойлгуулж байсан хүмүүс байсан л байх. Тэдэнд хандаж та өнөөдөр юу гэж хэлэх вэ?


-Өнгөрснийг өнгөрсөнд нь л үлдээ. Миний өнгөрсөн амьдрал танд байтугай надад хүртэл тийм их хамаатай биш болчихож. Одоо ч гэсэн намайг “Ээ, чааваас даа. Яах гэж...” гэж хэлэх хүмүүст хандаж хэлэхэд “Наад үгээ толинд харж байгаад өөртөө сайн хэлээд үз” гэнэ дээ. Хүн өөртөө муухай үг хэлэхийг хүссэн үедээ бусдад яг тэр үгээ хэлж байдаг. Өөрөө л ууртай байгаа үедээ бусдад муухай үг хэлж байдаг. Тэр нь уг нь өөртөө хэлээд байгаа үг юм шүү дээ. Яг үнэндээ өнөөдөр, над дээр ирээд нүүрэн дээр минь тэгж хэлсэн хүн алга. Анх удаагаа би хүмүүст хандаж сөрсөн үг хэлж байх шиг байна. Учир нь би ганцхан өөрийнхөө төлөө, эсвэл ганц мөнгөний төлөө тийм зүйл хийгээгүй. Би урлагийн төлөө, энэ кинонд тоглосон баг, энэ зохиолыг бичсэн хүний сэтгэл, нийгэм дэх хэтэрхий ил задгай байсан садар самуун, сөрөг хандлагуудыг дарахад үгүйлэгдэж байгаа зүйлсийн төлөө хийсэн уран бүтээл юм.


-Тэр үед гэр бүлийнхэн тань энэ шүүмжлэл, сөрөг хандлагуудыг хэрхэн хүлээж авсан болоо. Учир нь ийм үед хажуудахь хүмүүс л хамгийн их шаналдаг юм шиг ээ.


-Миний ээж бол маш их сэтгэлийн тэнхээтэй хүн. Нэг удаа архи ууж, тамхи татаж байгаагүй. Тийм л учраас намайг ингэж сайхан өсгөж, хэн нэгний өмнө шалдир булдир зүйл яриад сууж байдаг ухаан муутай хүн болгож хүмүүжүүлээгүй. Тэр утгаараа энэ киног цэвэр урлаг талаас нь харсан. Угаасаа намайг урлагийн хүн гэж миний гэр бүлийнхэн хайрлаж хүндэлдэг учраас энэ талаар бид ширээгээ тойрч хоол идэхдээ инээж ярилцаад л дараагийн ажилдаа орсон доо. Иймэрхүү юм угаасаа байх шүү дээ. Мундаг хүмүүсийн ээж аавууд ийм л байдаг байх. Тэгж байж үр хүүхдүүд нь ингэж сэтгэлийн тэнхээтэй амьдардаг байх.


-Ингэхэд, ээжийнхээ тухай манай уншигчдад танилцуулаач.


-Миний ээж Т.Батсайхан гэж хүн бий. Миний ээж 50 нас дөхөж яваа. Монголын сайхан ээжүүдийн нэгэн үлгэр жишээ. Миний ээж цэцэрлэгийн багш. Олон мянган хүүхдийн бүхэл амьдралынх нь суурь хүмүүжлийг тавьж өгдөг, олон хүнийг хүмүүжүүлсэн тийм л сайхан хүн дээ. “Universe best songs” наадмын үеэр намайг амьдралынхаа тухай ярихад хүмүүс янз бүрээр л хүлээж авч байсан. Би үүнд бас дургүйцдэггүй л дээ. Хүн л юм чинь олон талаас нь харна. Гэхдээ тэнд ярьсан зүйл үнэн байсан. Хүний амьдралд юу эс тохиолдох билээ. Ялангуяа, цагийн шуурганд өртөөд нийгэм тэр чигээрээ хэцүү болж байх үед ганц бие эмэгтэй хүн хоёр өнчин хүүхдээ хөтлөөд өдий зэрэгтэй өндийлгөөд явж байгаа нь миний ээжийн жинхэнэ хүч, ямар хүн бэ гэдгийг нь миний одоо байгаагаас харахад илт юм даа. Ээж минь нэртэй айлын зүстэй охин байсан. Одоо ч гэсэн нутаг усандаа нэртэй, хөдөлмөрч, хүн чанар сайтай хүний үр удам.

 

 

Энэ хатуу хорвоог чинь хатуу байж л давна

 

-Хүн ер нь багаасаа зовлон амсаад өсчихөөр нас ахих тусам алив зүйлийг наанатай цаанатай харж, холын бодол тээдэг болчихдог юм шиг санагддаг.


-Тийм байх аа. Зовлон үзсэн хүн нэг бол их хатуу, эсвэл их зөөлөн хүн болдог гэдэг. Би зөөлөн тал руугаа болсон. Гэхдээ энэ хатуу хорвоог чинь хатуу байж л давна. Хатуу зүйлдээ би хатуу байдаг. Өмнө нь сул асгарсан нулимстай байсан бол хэр баргийн зүйлд нулимсаа барьж чаддаг, өнөөдөр би нэг хүнд зориулаад алга тэнийлгэчихлээ гэхэд тэр хүн архи аваад уучихвал тус биш ус. Тийм учраас хэзээ хэнд алга тэнийлгэж, хэзээ хэнд алгаа зангидаж харуулах вэ гэдгээ мэддэг л болчихдог юм байна. Зарим хүнийг харахад амьдралыг мэдэхгүй, цэцгэн дундаас ургаад гараад ирчихсэн юм шиг загнах нь өсвөр насныхны анхаарлыг татаад байна шүү дээ. Миний бодлоор энэ нь их буруу үлгэр дууриалал. Үнэндээ амьдрал алдаатай, оноотой л байдаг. Би урлагийн хүн, бас ном бичихийг оролддог учраас олон талаас нь хүнийг судалж явдаг. Өөрт дааж давшгүй олон ачааг үүрээд явж байна. Энэ маань хэзээ нэгэн өдөр надад хэрэг болох л байх.


Ижий халуунтай хэрнээ хүчлээд босохдоо “Зориг бүхнийг ялна” гэж хэлж байсан. Тэгж хэлэхдээ хоёр хүүхдийнхээ төлөө гээд хэчнээн халуурч, өвдөж, даарч байсан ч босоод галаа түлж байсан нь сэтгэлээс гардаггүй юм.

-Би ч бас бага насандаа амьдралын хатуу хүтүүг амсаж, ижий, ах хоёртойгоо гурвуулахнаа амьдрахын зовлонг амсч явсан хүн л дээ. Тэр хатуу хүтүү дунд ижийдээ хамгийн ихээр баярлаж талархаж явсан үе надад зөндөө олон бий. Амьдралын ширүүн салхийг үр хүүхдүүдийнхээ төлөө гэсэн сэтгэлийн хатан зоригоор сөрөн гарсан ачлал буянт ижий нарын нандин сайхан дурсамж бүхэн үнэтэй байдаг. Таны хувьд ч гэсэн тийм нандин сайхан дурсамжаасаа манай уншигчдад хуваалцаач?


-Бололгүй яахав. Гэхдээ хүмүүс эмзэглэж мэдэх л юм. Яагаад гэвэл өөрөөс минь илүү миний амьдралын талаар эмзэглэдэг хүмүүс байдаг юм билээ. Тэр хүмүүст хандаж “Битгий эмзэглээрэй. Амьдралд маш олон зүйл солигдон өөрчлөгдөж байдаг юм байна” гэж хэлье дээ. Миний амьдралд тохиосон хамгийн сайхан үеүдийн нэг гэвэл зүрх шимшрүүлсэн хэцүү цаг үеэс жаахан ч гэсэн гэрэл гэгээг олж харсан тэр нэгэн мөч юм болов уу. Миний дүү 3 настай, би 3-р ангид, ээж минь 30 настай байсан тэр нэгэн гурван 3-ын тоо давхацсан жил их хэцүү байсаан. Хөдөө байдаг эмээ, өвөө маань зуданд боогдоод наашаа, цаашаа явж чадахгүй...
Тэр үед манайх хотод гэр хороололд байлаа. Өглөө ээжийн минь бие өвдөөд босч чадахгүй, гэр хүйтэн, сормуусны үзүүр цантатлаа даарчихсан тийм жавар хургачихсан байсан. Бид хоёр ээжийнхээ өвөрт хоёр бөөрөнд нь наалдчихсан хэвтэж байлаа. Тэгэхэд ижий халуунтай хэрнээ хүчлээд босохдоо “Зориг бүхнийг ялна” гэж хэлж байсан. Тэгж хэлэхдээ хоёр хүүхдийнхээ төлөө гээд хэчнээн халуурч, өвдөж, даарч байсан ч босоод галаа түлж байсан нь сэтгэлээс гардаггүй юм. Одоо бол би ямар нэгэн хүнд зураг авалт болоход, эсвэл давж чадахгүй мэт хэцүү асуудалтай тулгарах үедээ “Зориг бүхнийг ялна” гэж өөртөө хэлдэг. Зориг байна гэдэг бол тэр хүнд үнэн байна гэсэн үг. Үнэн байна гэдэг бол тэр хүн хүчтэй байна гэсэн үг. Худлаа ярьж байгаа хүн хуурамч, бас аймхай байдаг. Үнэнээ хэлж байгаа хүн хэзээ ч харц нь дальдардаггүй, хэзээ ч хийсэн зүйлдээ толгой гудайлгаж зогсдоггүй. Тийм учраас л ээжийнхээ “Зориг бүхнийг ялна” гэсэн үгийг амьдралынхаа далдын далдад нандигнаж өөрийгөө хурцалж явдаг даа. Жаахан байхад яг тэр үед муу ээжийгээ хараад их юм бодож байж билээ. Одоо ч гэсэн хааяа нэг шантрах үед “Энэ юу юм бэ, энэ зовлон юм уу. Энэ чинь юу ч биш” гэж өөртөө хэлээд л босоод ирдэг. “Зориг бүхнийг ялна” гэж бодох болгонд ээжийн минь царай нүдэнд харагддаг юм.

Зовлонг давж гарахаас өөр замгүй. Өвдөхийг нь өвдөөд, айхыг нь айгаад сөрөөд л гар. “Зовлон үзэж яваа хүнд ноён мундахгүй” гэгчээр зовлонгоор нь далимдуулж дайралт хийх үе гарах бүрт улам хүчтэй болоод, тэр үедээ сөрж зогсч чаддаггүй юм гэхэд, тонгойж байхдаа өөрийгөө хэзээ нэгэн өдөр ялна гэж итгэ.

 

-Таны ярилцлагыг уншиж байгаа хүмүүсийн дунд өрх толгойлсон олон ижий нар байгаа. Магадгүй хэцүү хатууг туулаад явж байгаа бүсгүйчүүд ч бий. Тэр хүмүүст хандаж та юу гэж хэлэх вэ?


-Хүн бүрт өөрийн гэсэн зовлон байдаг. Өнөөдөр бидний нүдэнд жаргалтай харагдаж байгаа хүмүүсийн цаана хэчнээн аймшигтай зовлон нуугдаж байгааг бид мэдэхгүй. Тийм учраас өөрт ирсэн зовлонг даваад л гар. Зовлонг давж гарахаас өөр замгүй. Өвдөхийг нь өвдөөд, айхыг нь айгаад сөрөөд л гар. “Зовлон үзэж яваа хүнд ноён мундахгүй” гэгчээр зовлонгоор нь далимдуулж дайралт хийх үе гарах бүрт улам хүчтэй болоод, тэр үедээ сөрж зогсч чаддаггүй юм гэхэд, эрхгүй толгой гудайх үе ирсэн ч өөрийгөө хэзээ нэгэн өдөр ялна гэж итгэ. Надад тийм үе зөндөө л байсан. Хэн нэгнээс дандаа дутуу хувцастай, хэн нэгний өмнө дандаа дундуур явсан үе бишгүй л байсан. Тэгэхэд би юу гэж боддог байсан гэхээр, би хүмүүсийн өөдөөс эрээ цээргүй ам мурийж үзээгүй. “Би зүгээр ээ. Одоо биш ч гэсэн хэзээ нэгэн цагт би ялна” гэж дандаа боддог байсан. Өнөөдөр ирсэн зовлонг үүрд байх юм шиг бодож ердөө болохгүй. Давна, яаж ийж байгаад л давна. Тэр зовлонг давсны цаана ямар их бахархам хүч зориг байхыг би гэрчилж байна. Үнэхээр хүний зовлонгийн цаана жаргал байдаг юм шүү. Одоо байгаа зовлонг тань хэн нэгэн нь хуваалцахгүй байна гэж битгий буруутгаарай. Ер нь хүн өөрийнхөө зовлонг олон хүнтэй хуваалцах тусам эргээд барих хариу нь их байдаг юмаа. Тиймээс болж өгвөл зовлонгоо улаан гараараа тэмцээд давчихвал дараа нь чам руу хэн ч халдаж чадахгүй.


-Ийм зориг тэвчээрийг уншигч олонд маань ярилцлагаараа дамжуулан ойлгуулж байгаа танд маш их баярлалаа. Та ингэхэд ямар ном унших дуртай вэ.


-Би ер нь Монголын уран зохиолын шилэгдмэл, сонгомол бүх номыг унших дуртай. Сүүлийн үед орчуулгын ном руу орж байна. Би монгол ахуйтай, гадаад соёлтой хүн юм шиг байгаа юм. Бид энэ зуунд дэлхийн аль хүчтэй байгаа орны соёлыг дагаж амьдарч байна. Тийм учраас бид гаднаасаа дэлхийн жишгийг дагаж хувцаслаж, биеэ авч явах нь зүйн хэрэг. Харин дотроо монгол хүн гэчихээд Монголынхоо түүхийг мэдэхгүй, уйгуржин бичгээрээ бичиж, уншиж чадахгүй байж болохгүй. Би хамгийн анх 4 насандаа уншиж, бичиж, бодож сурч байсан. Анх юуг нь ч ойлгохгүй байж “Чингис хааны цадиг” гэдэг номыг уншиж байлаа. Тэр ном бол хатуу хавтастай, бор нуруутай, хавтсандаа татлаган зурагтай байсан санагдаж байна. Үүний дараа манай аав намайг ном унших дуртай байгааг ойлгоод “Буратино”, “Багачуудын үзэх физик”, “Ногоон арал” зэрэг номыг өгч уншуулж байлаа. Арван жилдээ номноос жаахан хөндийрсөөн. Амьдрал хүнд, ном уншаад сууж байх орчин ч байсангүй. 2010 онд эмээгээ бие нь муудахад эмнэлэгт сахиад сууж байхдаа XX зууны их романч Ж.Пүрэв гуайн 3 цадиг роман болох “Зүрхний хилэн” номыг уншиж байсан. Тэр номоо уншаад дуусч байхад эмээ минь өөд болж байлаа. Түүнээс хойш түүхийн номонд хорхойссон. Хамгийн сүүлд “Сорхугтани хатан”, “Мандухай цэцэн хатан”, “Ану хатан” зэрэг номыг эмэгтэй хүнийхээ үүднээс уншихад илүү их сонирхолтой байгаа юм. “Оройгүй сүм”, “Хүжийн гал” гээд номнуудад дуртай. Залуу зохиолчдоос Г.Аюурзанын “Шүгдэн”, “Бөөгийн домог”, мөн Р.Эмүжин эгчийн шүлгүүдэд дуртай. Зохиолч Х.Болор-Эрдэнийн “Сувдан даруулгатай бүсгүй” гээд олон л ном уншдаг. Гадаадын уран зохиолоос гэвэл кино болсон зохиолуудыг уншиж, найруулагчийнх нь ур авьяасыг олж харж унших дуртай. “Лолита”, “Үзэсгэлэнт Анжелика” гээд л.


-Таны ярилцлагыг уншиж байгаа өсвөр насны охид, хөвгүүдэд та унших номны тухайд юу гэж зөвлөх бол?


-Охидод зөвлөхөд, “Ариухан цэцэг” гэдэг номыг уншаарай. Энэ бол өсвөр насны охидод тохиолдож болох эрсдэлтэй бөгөөд гэнэдэж болох асуудлыг хөндөж тавьсан, уран зохиолын маш сонирхолтой, нэг их зузаан биш ном. Үүнийг бие биедээ бэлэглэхэд өнгө үзэмжтэй. Хөвгүүдэд хэлэхэд, “Чонын алтан шагай” их сонирхолтой, гоё зохиол.
-Та ном бичнэ гэсэн. Ямар сэдвээр ном бичье гэж бодож байна даа?
-Эхний ээлжинд эмээгийнхээ надад ярьж, сэтгэл оюунд үлдээсэн, хэн нэгэнд одоо хэр нь сонсогдохгүй байгаа монгол ардын үлгэрүүдийг ном болгох бодолтой байна. Энэ номоо хэвлийдээ үр тээх үедээ бичиж гаргавал үр хүүхдэд маань, бас эмээд маань ч гэсэн их том буян болох юм болов уу гэж бодоод байна. Мөн өөрийнхөө хэмжээнд, асуудлыг арай өөр өнцгөөс харуулсан богино өгүүллэгүүд бичье гэж санаж байна.

 

-Ярилцлагадаа зориглоод таны аавын тухай асууж болох уу.
-Миний аав бол сайн хүн. Бидний үеийнхэн бол маш их салалт дунд хүүхэд насаа өнгөрөөсөн шүү дээ. Энэ үеийн л шуурганд өртөж надаас холдсон хүн. Түүнээс биш тэр хүнд гомдож явах зүйл надад байдаггүй. Миний аав намайг 4 настай байхад л уншуулж, бичүүлж бодуулж сургасан. Хатуужилтай байлгаж сургасан. Хүний өмнө шударга байж, үнэн зүйлийнхээ төлөө нүд завчилгүй ярьж сурахад миний аав надад нөлөөлсөн юм. Миний аав одоогоор өөр сайхан эхнэртэй, өөр сайхан хүүхдүүдтэйгээ амьдарч байна. Эндээс харахад, жаахан хожуу л надтай холбоо барьсан юм даа. Саяхнаас л холбоо барьж байна гэхээр, аль аль нь амьдралын төлөө гээд явсаар нуруу өргөж, толгой өндийх завтай болохоороо эргээд үр хүүхдээ гэдэг юм шиг байгаа юм.

 

“Алив зүйлд хэзээ ч болохгүй, бүтэхгүй гэж бүү бод. Бүх юм болно. Болгохын төлөө зүтгэ. “Сална” гэдэг үгийг үгсийн сангаасаа авч хаяад болно гэж зүтгэх хэрэгтэй” гэе. Үүний тулд эхнээсээ сонголт нь зөв байх ёстой, эхнээсээ бие биедээ хүндэтгэлтэй хандах ёстой.

 


-Гэхдээ хүүхэд насны шарх аньдаггүй юм шиг ээ...


-Ер нь тийм шүү дээ. Томчууд мартчихдаг. Бид ч гэсэн том хүн болчихсон болохоор хүүхдүүдэд нэг үг хэлээд мартчихсан л байдаг. Харин бид багаасаа ээж ааваасаа сонсч байсан хатуу үгийг мартдаггүй. Мэдээж, гэр бүл салахад ямар нэгэн зүйл нөлөөлсөн, харин тэндээс гарсан шарх үр хүүхдүүдэд нь үлддэг.


-Хэрэв та яг одоо хүүхэд насандаа байсан бол ээж аавдаа юу гэж хэлэх байсан бэ.


-Хэрэв би хүүхэд байсан бол ээж аав хоёртоо “Миний хажууд битгий маргалдаач. Миний хажууд битгий чанга дуугараач” гэж хэлэх байсан. Энэ бол хүүхдийн хувьд маш том цочрол юм. Эндээс хүүхдүүд сонин сонин зүйлсийг өөртөө суулгаж зан чанар болгохыг үгүйсгэхгүй. Харин миний үеийн залуустаа хандаж хэлэхэд, “Нэгэнт та хоёр хайртай гэж суусан. Үр хүүхэдтэй болсон. Алив зүйлд хэзээ ч болохгүй, бүтэхгүй гэж бүү бод. Бүх юм болно. Болгохын төлөө зүтгэ. “Сална” гэдэг үгийг үгсийн сангаасаа авч хаяад болно гэж зүтгэх хэрэгтэй” гэе. Үүний тулд эхнээсээ сонголт нь зөв байх ёстой, эхнээсээ бие биедээ хүндэтгэлтэй хандах ёстой.


-Тэгвэл таны хамгийн их эмзэглэдэг зүйл юу вэ?


-Миний ганц үзэн яддаг зүйл бол хүн хүндээ гар хүрэх, хүүхдээ, эхнэрээ зодож байгаа, бусдыг зовоож байгаа явдал. Хэзээ нэгэн өдөр би үүний төлөө дорвитой зүйл хийнэ. Нэгэн сайхан эмэгтэйг зодсоор байгаад хөнөөчихлөө. Бас нэг жаахан охиныг зодсоор байгаад аминд нь хүрчихлээ. Энэ бол аймшиг, аюул. Ийм зүйлс дээр цаазын ял хэрэгжих ёстой. Энэ талаар би судлаад л байна. Хүчирхийллийн эсрэг төв, хүчирхийллийн хохирогчдыг байрлуулдаг 72 цагийн байр үнэхээр хангалтгүй байна. Би хэрэв эхнэрээ зоддог эр байсан бол 72 цаг хүлээж байгаад ирэхээр нь хөнөөх байсан ч юм билүү. Тиймээс энэ асуудлыг хүн талаас нь хараач, хууль гэдэг чинь нэр төдий зүйл биш шүү дээ. Хохирогчдыг 72 цаг байрлуулахын оронд тэр нөхрийг нь 72 цагаас дээш хугацаагаар баривчлаад, хохирогчдыг нь нутаг зааж зугатуулах зэрэг арга хэрэглэх хэрэгтэй. Одоо тэр жаахан 4 настай охины тухай бодоход л хар хөлс минь чийхарч байна. Тэр үед би ч бас талбай дээр очиж эмгэнэн гашуудсан болохоор сэтгэл дэндүү их өвдөж байна.


Хүчтэй байхын тулд гоё байх дуртай


-Сэтгэлийн тань гуниг хөндсөн дурсамжууд руу өнгийж чилээсэндээ уучлал хүсье. Тиймээс одоо таныг анх урлагийн тайзан дээр хөл тавьсан гэгээн сайхан үеийн талаар ярилцлагаа үргэлжлүүлэх үү. Та анх “Universe best songs” наадмаас урлагийн тайзан дээр гарч ирсэн дуучдын нэг шүү дээ. Махлагдуу хөөрхөн охин олонд танигдаж байсан санагдана. Анх олонд танигдсан үеэсээ одоог хүртэл гоо сайхандаа төгс эргэлт хийж чадсан эмэгтэй гэж таныг хүмүүс үнэлдэг юм билээ?


-“Universe best songs”-ийн бичлэгээс өөрийгөө харахаар хайр хүрдэг байхгүй юу. Надад бол хөөрхөн харагддаг аа. Жаахан байсан болохоор бумбагар байсан. Би мэс засал энэ тэрд ороогүй шүү. Тэр үеэс хойш өнөөдрийг хүртэл би өөрийгөө хөгжүүлэх, нээх тал дээр өдөр шөнөгүй хөдөлмөрлөж, судалгаа хийж байгаа хүний хувьд бусдад ингэж үнэлэгдэж, сайхан сэтгэгдэл төрүүлж байгаадаа их баярлаж байна. Миний дотоод ертөнц бас л яг гаднах байдал шигээ сайн сайхан болоод төгөлдөршиж байгаа. Хүний доторх нь гаднаа яг л адил харагддаг.

Би урлагийн хүн болохоор гоё байх ёстой гэж боддоггүй ээ. Харин би гоё байвал би хүчтэй байдаг. Ер нь эмэгтэй хүн бүр л тэгдэг байх. Нэг л гоё үсээ янзлуулчихад дэлхийг эргүүлчих хүчтэй юм шиг санагддаг шүү дээ.

-Та урлагийн хүн болохоор өөрийгөө гоё байх ёстой гэж тэмцэж өнөөдрийн энэ гоо сайхнаа бүтээсэн юм болов уу.


-Үгүй ээ. Би урлагийн хүн болохоор гоё байх ёстой гэж боддоггүй ээ. Харин би гоё байвал би хүчтэй байдаг. Ер нь эмэгтэй хүн бүр л тэгдэг байх. Нэг л гоё үсээ янзлуулчихад дэлхийг эргүүлчих хүчтэй юм шиг санагддаг шүү дээ. Хүчтэй байхын тулд гоё байх дуртай. Гоё байна гээд тэгтлээ ил задгай хувцаслах дургүй. Ер нь зохиомол, хиймэл “ёстой” гэсэн үгэнд өөрийгөө боомилох дургүй. Хөдөлгөөнтэй байх их дуртай. Өдөртөө махан хоолыг нэг л удаа иддэг. Хийжүүлсэн ундаа уудаггүй, шоколад, мөхөөлдөс огт иддэггүй. Угаасаа идэх дургүй.


-Та өдөртөө хоолны тал дээр ямар дэглэм барьдаг вэ?


-Би өглөө босоод эхлээд 3 стакан ус уудаг. Үүний дараа бие цэвэрлэгддэг. Дараа нь сүүтэй будаа иддэг. Эсвэл бор будаагаар сүүтэй будаа иддэг. Өдөр нь ямар ч хамаагүй, өөрийнхөө дуртай хоолоо иддэг. Орой 16.00-17.00 цагаас хойш юм иддэггүй. Жаахан өлсөөд ирвэл цангис, чавга иддэг дээ. Бага байхад эмээ ийм амттангуудыг өгдөг байсан болохоор тэр амтыг эргэн дурсах гэж иддэг дээ. Оройдоо зурагт ч нэг их үзээд байдаггүй. Фэйсбүүкээр жаахан ороод, сайхан ном байвал өөд уруугүй уншаад л...


-Гоо сайхны ямар бүтээгдэхүүн хэрэглэдэг вэ?


-Би хуурай арьстай. 7 хоногтоо заавал 1 өдөр нь монгол тосоо түрхэж унтдаг. Тэгэхгүй бол арьс үрчийх гээд байдаг юм. Одоо би “Ланком” брэндийн бүтээгдэхүүнийг хэрэглэж байна. Уруулын будаг цуглуулдаг. Зөвхөн улаан өнгийн уруулын будаг гэхэд надад 18 байна. Хүмүүсийн нүдэнд яг л адилхан харагддаг гэсэн. Харин миний нүдэнд огт өөр өөр харагддаг.


-Зарим хүн “Залуу хүн байж яасан тод өнгөөр буддаг юм бэ” гэж хэлж байв уу?


-Ер нь хүн бүр тэгж хэлдэг юм. Би ээжийнхээ улаан өнгөөр уруулаа будах  их дуртай хүүхэд байлаа. Одоо ч хэвээрээ. Энэ өнгөөр уруулаа будаад явахад хүчтэй, зоригтой санагддаг.
 

-Ийм сайхан ярилцлага өгч, нандин сайхан дурсамжуудаасаа, эрхэм тэнгэрлэг зорилго зорилтуудаасаа уншигч олонтой маань харамгүй хуваалцсан танд маш их баярлалаа. Сүүлийн асуултыг танд үлдээе.


-Миний ярилцлагыг уншаад хүмүүст өөр өөрсдийн гэсэн бодлууд төрөх байх. Би өөрийгөө ярилцлаганы төгсгөлд тодорхойлж хэлэхэд, би худалч хүн биш. Би зүгээр л монгол эмэгтэй хүн. Нэгэнт эхэлсэн эрч хүчээ алдахгүйгээр зүтгэж байна. Тиймээс миний дууг сонсдог, миний ярилцлагыг уншаад сүүлийн өгүүлбэрийн цэг хүртэл харж суугаа уншигчдадаа баярлалаа. Бас миний ертөнц рүү сонирхож өнгийсөн та бүхэнд баярлалаа.

 

Найруулагч: Энхтуяа
Эх сурвалж : Mongoljingoo.mn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл