Хүн гэдэг шинэ зүйлийг өөрөө сурч амжилт гаргана гэдэг асар их хөдөлмөр,зориг шаардах нь тодорхой. Шинэ цаг үед ирээд нийгмийн хөгжлийг дагаад сурч судлах нөхцөл боломж маш ихээр нэмэгдсэнээр соёл боловсрол эзэмшсэн тусгай мэргэжилтэн бидний дэргэд олон гарч байгаагаар барахгүй дээд шинэ мэргэжлийг өөрөө эзэмшээд мал аж ахуйн үйлдвэрлэлдээ хэрэглэн, малчин олон түмэндээ тус дэм болж, маш амжилттай яваа малчид ч бидний дэргэд олширч байна. Түүний нэгэн бодит жишээ болгон малчин Эрдэнэбаярыг дурдагдах ёстой. Малчин Эрдэнэбаярын камер угсарсан жилийн орлого 150 мянган юаньд хүрч байгаа нь их гайхалтай санагдаж байгаа биз. Тэрээр энэ хэмжээнд хүртэл хийж чадсаны учир ухааныг олон нийтэд таниулж учирлах гэсэн юм.

Малчин Эрдэнэбаярынх Баруун Үзэмчин хошууны Горхон суурингийн Баянтал багийн Дэлийн овооны баруун энгэрт тавтай аж төрөн амьдарч байна. Тэднийх багахан нутагтаа 70-аад үхэр, 30-аад адуу, цөөн хэдэн хонь маллан, ажил хөдөлмөрөөрөө мал аж ахуйн үйлдвэрлэлээ хийж, ашиг орлого бүтээхийн дээр бусад талаар орлогоо нэмэгдүүлж аж амьдралдаа өнгө будаг нэмж яваа нь бахархууштай.
Эрдэнэбаяр айлын отгон хүү нь болж заяасан юм. Арван долоо, наймтай байхдаа цэргийн албанд мордож, гадуур дотуур явснаас ихийг үзэж нүд нээж, харилцаа холбоо сайтай болжээ. Энэ суурин дээр хэдэн жилийн өмнө интернэтээс компьютерын мэргэжил, зураглах мэргэжлийг өөрөө сураад ураг хурим, жил усыг даган сүүдэрлэж CD-нд найр наадмын хамгийн баяр жаргалтай мөчийг хадгалан үлдээж өгдөг байв. Эхлээд эв дүйгээ сайн олохгүй байснаар эрж хийлгэх хүн ч цөөхөн байлаа. Эрдэнэбаяр зориг мохсонгүй хичээн чармайж боловсрол мэргэжлээ дээшлүүлжээ. Үнэхээр хичээл зүтгэл хүнийг гомдоодоггүй. Түүнийг эрж хайн хийлгэх хүн улам бүр олон болж, сүүлд нь агаар дээрээс зураглах машин худалдан авч, Зүүн, Баруун Үзэмчинд ураг хуримын зураг авалтыг хийж, орлого нэлээд сайн байлаа. Гэвч зураглах ажлыг хийх хүн олширч, мөн ийм ажил хийхэд шөнө орой унтаж амарч ч чадахгүй болж, эхнэр хүүхдэдээ ч анхаарал халамж тавих завгүй болсон тул энэ ажлаа таягджээ.
Оролдлоготой хүн гэж цаанаа өөр. Хоёр жилийн өмнөөс тэрээр малчдын хашаа саравчинд камер угсарч эхлэв. Ардын амьдралын түвшин дээшлэх хийгээд хэрэгцээ шаардлагын дагуу одоогийн малчид хороо хотондоо камер угсрах болсон юм. Камер малчдын үйлдвэрлэл амьдралд амар хялбар нөхцөлийг бүрдүүлж, манаа манахаас эхлээд төл малын үед хурга тугалаа гэрээсээ үзэх, гадагшаа гарвал гар утсан дээрээ хот суурин, мал сүргээ харж болохоор болсон. Өмнө нь ийм зүйлтэй ойртож үзээгүй Эрдэнэбаярт бас нэг шинэ өрсөлдөөн тулгарсан байлаа. Тэрээр угсрах утсыг яаж залгахаа ч мэдэхгүй байсан. Гэхдээ энэ нь зөвхөн түр цагийн шалгалт төдий байсныг хийж чадсан хүний амжилт бүрэн гэрчилдэг ажээ. Эрдэнэбаяр ер нь сурч судлах дуртай мөртөө ямар ч юманд нарийн нямбай ханддаг зантай болохоор камер угсрах зааврыг дахин дахин үзэж, яаж угсрах тухай интернэт сүлжээнээс өөрөө сурсан байна. “Түм сонсохоос нэг үзсэн нь дээр” гэдгээр Эрдэнэбаяр өөрөө оролдож, зориг мохолгүйгээр дахин дахин оролдсоор нэг л өдөр үнэхээр бүтээчихсэн байв. Оргилд гарах хүнд оролдлого чармайлга хэрэгтэй байдгийг Эрдэнэбаярын биеэс харж болох юм. Хамгийн анх өөрийн хот хороондоо камер угсарч сурсан Эрдэнэбаяр бусад малчин айлуудаар камер угсрах ажлаа эхлүүлж билээ. Эхлээд яаж өөрийн мэргэжлээ олонд таниулах тухайд санаа зовж байсан ажээ. Вичат группд орж зар тавин, хүн татдаг байлаа. Шинэ цаг үеийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл Эрдэнэбаярт тусалсан нь дамжиггүй. Гэхдээ хамгийн гол нь Эрдэнэбаярын хийж бүтээснийг харсан бүхэн шагширч байгаагаас тэрээр хоосон хэлээд суусан биш. Харин хийж үзүүлсэн байна. Эрдэнэбаяр нарийн хянамгай ажилладаг болохоор камер угсрах мэргэжил нэгээс арав, арваас зууд дамжин, нэг л мэдэхэд олны танил болсон малчин мэргэжилтэн болсон байх нь тэр.
Одоо тэрээр Шилийнгол аймгийн хэмжээнд Зүүн Үзэмчиний зүүн захаас Баруун Сөнид хүртэл малчин айлын хот сууринд камер угсрах ажил хийдэг болсон юм. Мэдэхгүй чадахгүй малчдад нарийн зааж, бас зарим малчид нь чадахгүй бол Эрдэнэбаярт вичатаар холбогддог билээ. Ингэж хариуцлагатайгаар хэрэглэгчиддээ хандсанаар малчдын дунд хүлээн зөвшөөрөгдөж, ашиг орлого нь ч тасралтгүй нэмэгдэн, 2018 онд зөвхөн камер угсарсан орлого нь 150 мянган юаньд хүрч билээ. Тэрээр:
- Эхлээд хийхэд чадахгүй олон олон хүндрэл тулгарч байлаа. Нэг юмыг өөрөө сурна гэдэг хэцүү. Гэвч дуртай байхад урам зориг ордог. Камер угсарч сураад над шиг байдалд орсон малчин түмэндээ дэм тус болох гэсэн юм. Одоо мэргэжлийн хүнээс дутахааргүй болсон гэж маш итгэлтэйгээр инээж байв.
Зүүн Үзэмчин хошууны Баянхөөвөр сумын Тосонбулаг багийн малчин Сарантодынх 2018 оны 06-р сард Эрдэнэбаяраар камер угсруулжээ. Тэднийх гэрийн гадаа, хашаа саравч, хээрийн бэлчээртээ хэд хэдэн камер угсруулсан байна. Сарантод хэлэхдээ:
- Уг нь хонь малаа бэлчээрт гаргасны дараа уулын цаагуур орвол заавал араас нь өөрөө очиж үзэх хэрэгтэй байдаг. Харин камер угсарсны дараа гэрээсээ бэлчиж байгаа хонь малаа үзэж чадах болсноор бидэнд маш амар болсон. Цаг, хөдөлмөр хүч хэмнээд маш сайхан эд байна. Хашаа саравчиндаа угсарснаар өвөл, хавар төл малын үед хурга, тугалаа гэрээсээ үзээд үнэхээр сайхан байна. Үгүй бол манай малчид өвлийн хүйтэн шөнө тугаллах үнээгээ харахаар байн байн гардаг болохоор өдрийн удаандаа хөл нурууны өвчин хуучтай болдог байлаа. Одоо сайхан болжээ. Манаагаа машинаар манана, хошуу суурингаар явахдаа гэрээ, хонь малаа гар утсан дээрээсээ харж болдог болохоор хаана явсан ч сэтгэл амар. Угсарсан машин нь хэрэглээний өндөр түвшинд хийгдсэн, угсарч байгаа хүний мэргэжил ч өндөр, дээр нь маш хариуцлагатай хийдэг гэж ярилаа.
Оролдлоготой хүн хоосон байх ёсгүй. Олны үнэлэлт хүнд урам зориг хайрладаг болохоор малчин Эрдэнэбаяр олзтой мөртөө урамтай амжилт дүүрэн гялалзуулж явна.
