Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны дээд хэмжээний XI дэх хэлэлцээ 05-р сарын 09, 10-нд Вашингтонд боллоо. ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны гишүүн, Төрийн зөвлөлийн ерөнхий сайдын орлогч, Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны иж бүрэн яриа хэлцлийн Хятадын талын ахлагч Лю Хэ хэлэлцээ өндөрлөсний дараа хэвлэлд хандан хэлэхдээ: Хятад, Америкийн харилцаа маш чухал, эдийн засаг, худалдааны харилцаа нь Хятад, Америкийн харилцааны тулгуур бөгөөд хоёр орны харилцаа, тэрчлэн дэлхийн энх тайван, цэцэглэлттэй шууд холбоотой юм. Хамтран ажиллах нь хоёр талын цорын ганц зөв сонголт, гэхдээ хамтран ажиллахад зарчим байх хэрэгтэй, зарчмын чухал асуудлаар Хятад улс яасан ч бууж өгөхгүй гэжээ.
Лю Хэ: Хоёр талын хэлэлцээр заавал эрх тэгш, харилцан ашигтай байх ёстой, зарчмын чухал асуудлаар Хятадын тал яасан ч бууж өгөхгүй. Одоогийн байдлаар хоёр тал олон талаар чухал нийтлэг ойлголтод хүргээд байгаа ч Хятадын талын шаардаж буй үндсэн гурван асуудлыг заавал шийдвэрлэх ёстой.
Нэг. Нэмэгдүүлэх гаалийн татварыг бүгдийг цуцлах. Гаалийн татвар нь хоёр талын худалдааны зөрчлийн эхлэл юм, нийтлэг ойлголтод хүрэхийн тулд нэмэгдүүлэх гаалийн татвараа бүгдийг цуцлах хэрэгтэй.
Хоёр. Худалдааны худалдан авалтын тоо хэмжээ бодит байдалд нийцэх, хоёр тал Аргентинд худалдааны худалдан авалтын тоо хэмжээний талаар нийтлэг ойлголтод хүрсэн болохоор үүнийг дур зоригоороо өөрчилж болохгүй.
Гурав. Текстийн тэнцвэртэй байдлыг сайжруулах, улс орон болгонд өөрийн нэр хүнд гэж байдаг, хэлэлцээрийн текст заавал тэнцвэртэй байх хэрэгтэй, одоо зарим зангилаа асуудлаар цаашид хэлэлцэх хэрэгтэй байна гэжээ.
