solongonews
Мартын 8-наар ингэж гангарч болох юм шүү
2015-12-28 18:21
Бид энэ өдрийг мартын 8, Эмэгтэйчүүдийн баяр гэж нэрлээд заншчихсан улс. Уламжлалт баяр ёслолоор бүсгүй хүн бүр гангарч, өдөр тутмынхаа дүр төрхөөс өөр харагдахыг хичээдэг. Тиймээс олон мянган бүсгүй мартын 8-ны гангараагаа бодоод эхэлчихсэн гэдэгт эргэлзэхгүй байна. Хүн хүний харц булаасан гоё ганган болмоор байдаг.
 
Гэтэл улс нийгэм, дэлхий даяараа эдийн засгийн хямралтай золгочихсон байдаг. Шинэ хувцас худалдаж авах нь бүү хэл амин чухал хэрэгцээтэй бүтээгдэхүүнээ ч өдөр тутмынхаа хэрэглээнээс хасчихсан яваа олон айл өрх байна. Гэлээ гээд бүсгүй минь, ийм амархан бууж өгөхгүй шүү. Хэзээ худалдаж авснаа ч мартчихсан хувцаснуудаа эргүүлж тойруулж нэг хар, бас торд. Дэгжин ганган гэдэг ойлголтыг зөв өнгө, хээ түүнд тохирсон зүүсгэлийн донж гэж ойлгож болно. За, ингээд бүсгүй минь хувцасныхаа шүүгээг хамтдаа нээцгээе.
 
Нэгдүгээр алхам. Хувцаснуудаа өнгө тус бүрээр нь нэг бүрчлэн ялгаарай. Материал хийцээр нь төрөлжүүлбэл бүр ч сайн. Дараа нь “буурцаглаж, бөөсрөөгүй”  байсан ч бидний нэрлэж заншсан “бөөсний машинаар” машиндаарай. 
Хоёрдугаар алхам. Өнгө өнгөөр нь төрөлжүүлсэн хувцсаа зориулалтын өнгө сэргээгчээр угаагаарай. Бүсгүй хүн бүр ийм тусгай шингэнийг андахгүй дээ.  
 
Гуравдугаар алхам. Аль хувцас алинтайгаа хоршвол өнгө хээ, загвар хийц нь зохицохыг тохируулж үз. Хувцасны эмжээр хүртэл гайхалтай хорших чимэг болдгийг санаарай.
Дөрөвдүгээр алхам. Чимэг зүүсгэл, үнэт эдлэлүүдээ өнгөлж зүлгээрэй. Мөнгөн эдлэлийг жаахан оо сойзон дээр тавиад зүлгэвэл гялалзсан өнгөлөг болдог юм шүү. Чимэг зүүлтээ ч хувцсан дээрээ зохицуулах хэрэгтэй. 
 
Нэмж хэлэхэд бүсгүй минь, өөрт таалагддаг уруул хүрээлэгчээ, өнгөгүй өнгөлөгч ашиглан чамин өнгөтэй уруулын будаг гаргаж болдог. Бас үнэртэй усаа хооронд нь хольж, шинэ үнэртэн гаргаж болох арга байдаг юм шүү. Энэ бүгдэд таны мэдрэмж шаардагдана даа. Ингээд л та гайхалтай сайхан харагдахад бэлэн боллоо.
 
“Монголжингоо”-гийн бүсгүйчүүд ээ, өдөр бүр эрч хүчтэй, хүсэл тэмүүлэлтэй байгаарай. Тун удахгүй биднийг тосох эмэгтэйчүүдийн баяраар ширээний ард зүгээр нэг баярлаж, наргиж суух биш, өөрөө өөртөө шинэ зорилго тавьж, шинэ боломж нээгээрэй.
 
Нархан 
 
Найруулагч: Энхтуяа
Эх сурвалж : Mongoljingoo.mn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл