Овуляцийн тестийн талаар та юу мэдэх вэ?
2015-12-28 18:21
Хорвоод мэндлэх шинэ хүнээ тэсэн ядан хүлээж, түүнийг хэвлийдээ тээхийг тэсэн ядан харуулдан суугаа эмэгтэйчүүдэд овуляцийн тест буюу үр тогтох боломжтой хугацааг тодорхойлох багаж хэрэгсэл ихээхэн чухал юм. Өөрөөр хэлбэл, өндгөн эс боловсрох хугацаагаа тооцоолж хэзээ жирэмсэн болох боломжтойг сар бүр тооцоолдог. Үүнийг тооцоолох хэд хэдэн арга байдаг.
Овуляц гэж юу вэ?
Овуляц гэдэг нь таны өндгөвчнөөс нэг эсвэл нэлээд хэдэн өндгөн эс ялгарч байгаа эсэхээс үүдэн гарах үйл явц юм. Сар бүр таны нэг өндгөвчнөөс 15-20 ширхэг өндгөн эс ялгардаг байна. Улмаар аарцгийн хөндийд энэ нь ялгаран гарснаар үр дамжуулах хоолойд гадагшилдаг. Өндгөн эс нь үр тогтоогүй нөхцөлд 12-24 цаг л амьдрах чадвартай байдаг аж. Тэгэхээр сард ганц л удаа цонх нээгдээд хаагдахтай адилаар танд үр тогтох боломж байдаг гэсэн үг. Өөрөөр хэлбэл, энэ боломжит хугацааг зургаан өдрөөр хэмжиж болох юм. Сарын тэр хугацаанд л та жирэмслэх боломжтой юм.
Харин эр бэлгийн эс эмэгтэй хүний биед ойролцоогоор долоо хоног амьдрах чадвартай. Гэвч эрүүл эр бэлгийн эс нь жирэмслэхээр хичээж буй хосуудын 3-4 хоног тутам дахь бэлгийн хавьтлын үр дүнд эмэгтэйн биед гадагшилж, маш хурдтай, чадалтайгаар сэлж, зорилгоо гүйцэлдүүлэхээр тэмүүлдэг байна.
Ихэнх үр тогтолтыг судлахад үр тогтох хамгийн боломжит үедээ хийсэн бэлгийн хавьтлын үр дүн байдаг бөгөөд, энэ нь ч жирэмслэх боломжийг улам ихэсгэдэг байна. Тэгэхээр эмэгтэй хүн өөрийн өндгөн эс боловсрон гарах үеийг мэдэж, тухайн үед нь бэлгийн харьцаанд орсноор үрийн зулай үнэрлэх боломж тэр хэрээр өсдөг байна. Тиймээс бүл нэмэхээр хичээж буй хосууд маань өндгөн эс боловсрох хугацааг анаж байгаад тухайн долоо хоногт идэвхтэйгээр хичээх хэрэгтэй.

Таны үр тогтоох боломжтой хамгийн чухал хоёр өдөр. Зүүн талын хоосон хэсэг сөрөг үнэлгээ өгсөн бол баруун хэсгийн smile тэмдэг нь эерэг үнэлгээг харуулж байна. Өөрөөр хэлбэл, таны үр тогтох боломжит хугацаа нь сарын 11-12-ны өдрүүдэд тохиож байна.
Овуляцийн тест үнэхээр хэрэгтэй юу?
Мэдээж, овуляцийн тест нь танд үр тогтох боломжит хугацааны цонх хэзээ нээгдэхийг хэлж өгдөг луужин юм. Гэхдээ энэхүү тест нь байгалийн жамаараа жирэмслэх боломжийг нэмэгдүүлдэг гэсэн баталгаагүй юм. Харин ч жирэмслэх боломжтой өдрүүддээ идэвхтэй бэлгийн харьцаанд орох нь үр тогтох боломжийг өсгөх хамгийн том үүд хаалга билээ.
Хэдийгээр ийм боловч та үр тогтох боломжийг дараахь тохиолдлуудад өөрөө сонгон төлөвлөх боломжтой юм. Үүнд:
-Таны хамтрагч танаас хол байгаа бөгөөд тогтмол бэлгийн харьцаанд орох боломжоор хомс бол.
-Та болон таны хамтрагч бүл нэмэхээр яарахгүй байгаа, эсвэл хүүхэдтэй бол бэлгийн харьцааг тэгтлээ төлөвлөж, цонх нээгдэх мөчийг тааруулах гэж оролдох хэрэггүй. Мөн та 2-3 долоо хоног болж байж бэлгийн харьцаанд ордог бол овуляцийн тест хэрэглэхэд тохиромжгүй юм.
-Таны сарын тэмдгийн мөчлөг тогтмол бус бол энэ нь жирэмслэх боломжийг багасгадаг байна.
Байнгын бэлгийн харилцаанд байдаггүй хүмүүсийн хувьд овуляцийн тест ашиглах боломж хэцүү. Харин сарын тэмдгийн мөчлөг тань тогтмол биш бол жирэмслэх боломжоо мэдэхэд тань овуляцийн тест туслах болно. Овуляцийн тест нь үр тогтох боломжит хугацааг түргэн, бас амархан тодорхойлдог. Анх ашигласан анхны сараас л эхлээд танд бүл нэмэх боломжит хугацааг хэлээд өгдөг үнэнч туслах юм. Энэхүү тестийг жирэмсний тест худалдан авдгийн адилаар хаанаас л бол хаанаас авах боломжтой.
Овуляцийн тест хэрхэн ажилладаг вэ?
Овуляцийн тест нь шээсэнд дааврын өөрчлөлтийг тодорхойлох замаар ажилладаг байна. Энэхүү дааврын өөрчлөлт нь өндгөн эс боловсрон гарахаас 1-2 өдрийн өмнө явагддаг үйл явц юм. Өндгөн эс боловсрон гарахаас өмнөх дааврын өөрчлөлт нь эмэгтэй хүний цус болон шээсэнд бага хэмжээгээр агуулагддаг байна. Харин өндгөн эс боловсрон гарахаас нэг өдрийн өмнө эдгээрийн хэмжээ 2-5 дахин нэмэгддэг байна. 12-36 цагийн хооронд энэхүү дааврын өөрчлөлт нь нэмэгдэж эхлэх ба эмэгтэйн өндгөн эс ялгарч гарснаар сарын тэмдгийн мөчлөгийн жирэмслэх боломжтой оргил үе нээгддэг байна. Өөрөөр хэлбэл, энэ нь таны үр тогтоох боломжтой хамгийн чухал цаг үе байх болно.

Хуванцар тестийн энэхүү хариу нь танд Surge гэсэн үнэлгээ өгвөл шээсэн дэх дааврын хэмжээ нэмэгдсэнийг илэрхийлж байна. Харин No surge гэвэл эсрэгээрээ юм. Мөн invalid гэвэл хүчингүй гэсэн үнэлгээ юм.
Овуляцийн тестийг хэрхэн ашигладаг вэ?
Өлөн шээсээ саванд таслан авч тестэн дээр дусаах, эсвэл шээх үедээ тестээ тосох аргаар хэрэглэж болно. Туузан болон хуванцар тестний өнгийн хувирал нь өндгөн эс боловсрохын өмнөх дааврын өөрчлөлт нэмэгдсэн эсэхийг харуулдаг байна. Дижитал хэлбэрийн тест нь smile гэсэн симболоор үр дүнгээ илэрхийлэх бөгөөд энэ нь жирэмслэх боломжтой оргил үеийг тодорхойлно.
Тест бүр өөрийн заавартай ч тестийг хэрэглэж буй эмэгтэй аль болохоор өглөөний 8.00-10.00 цагийн хооронд ялгаруулсан өлөн шээсэндээ тестийг хэрэглэх нь үр дүнтэй юм. Та болж өгвөл тестийг өдөр бүрийн тогтсон цагтаа шалгахыг хичээгээрэй. Мөн тестийг өглөө дөнгөж босоод шалгах гэж яарах хэрэггүй. Яагаад гэвэл та дааврын өөрчлөлт нэмэгдэх эхний өдрийг мартаж болзошгүй юм. Тиймээс тестийг хэрэглэхээс ойролцоогоор 2 цагийн өмнөөс шингэний хэрэглээгээ багасгаарай. Хэт их хэмжээний шингэн уух нь шээсний бүтцийг шингэлж, дааврын өсөлтийг тодорхойлоход хүндхэн болгодог байна.
Тестийн хариу 10 минутын дотор гардаг. Эерэг үр дүн нь харагдахгүй байх тохиолдол байдаг бол сөрөг дүн заримдаа хэсэг хугацааны дараа бүдэг өнгөөр ялгарч харагддаг байна. Шээсэнд суурилсан овуляцийн тест нь 5-9 өдрийн турш хэрэглэгдэж байж үр дүнгээ “хэлдэг” аж.

Энэхүү туузан тестний хариу үнэлгээ ч мөн адил хуванцар тестнийхээс ялгаагүй.
Монголхатагтай
Найруулагч: Энхтуяа
Эх сурвалж : Mongoljingoo.mn
Дэлгэрэнгүй үзэх
