solongonews
Морин хуурын эгшиг хангинасан алтан дөрөө
2017-03-21 15:55
Буяндалай Баруун Үзэмчин хошууны Жирийн гол суурингийн Баянцэнгэл багийн эгэл жирийн малчин айлын хүү юм.

Буяндалайн аав нь нутаг усандаа алдартай модон дархан байсан гэдэг. Буяндалай бага байхдаа аавынхаа монгол гэрийн эдлэл хэрэгсэл хийхийг тун бахархан харж, ар өмнө нь гүйж дэм тус болон багаж хэрэгслийг нь ойртуулж өгдөг байлаа. Авьяас чадвар гэдэг удам дагадгийн учир Буяндалай аавынхаа тэр сайхан ур ухааныг өвлөж уламжлан авч, өнөөдөр хуур цоор урлан сийлэхдээ мэргэшсэн модон дархан болсон байна.

Аавынхаа мэргэжлийг өвлөн уламжилсан тэрээр өөрт нь бий мэргэжлийг улам бататган, үндэстний хөгжим болох морин хуурыг хийж сурах хүслийг олон жил өвөрлөж явсан байжээ. Ийнхүү 2005 онд Хөххотыг зорьж, Эрдэнэбаяр багшид шавь орон, морин хуур хийх аргыг гурван жил гаруй системтэй суралцсан билээ. 2010 онд Буяндалай нутаг буцаж, 5 сард нь Шилийнхотод “Үүлэн бор үндэстний хөгжмийн үйлдвэр”-ээ нээж, үйлсийн аянаа өлгөсөн юм. Тэр үйлдвэртээ морин хуур, цоор, дөрвөн утаст хуур, товшуур зэрэг үндэстний хөгжим урладаг байна. Анх танил дасал хүн цөөн, хуурын борлуулалт муу, мөнгө төгрөг дутах зэрэг олон хүндрэл тулгарсан ч аавын өвлөж өгсөн ур авьяас, дур сонирхол нь Буяндалайг энэ бүхнийг туулах зориг өгч билээ. Ийнхүү Улаанмөчир, сургууль зэрэг байгууллага нэгжээр хуураа танилцуулан борлуулах ажил хийж, хуур хийх мэргэжлээ тасралтгүй дээшлүүлэн, хүмүүсийн хэрэгцээ шаардлагад зохицуулан адилгүй дуугардаг, өөр өөр хийцтэй хуурыг хийснээр олон хүнд танигдаж, одоо түүний хийсэн хуур нь бүх аймаг хот, гаднах муж хот зэрэг олон газраар борлуулагдаж, жилд бараг 300 гаруй хуур худалдаж, 300 мянган юанийн орлоготой боллоо. Сайн хөглөсөн хуур гэрийн дээвэр дээр тавихад салхины аясаар дуу гарна гэдгээр сайн хуур хийхэд заавал эгшиг уянгын хурц тод чимээ мэдрэмж байх хэрэгтэй гэж хуурчдын хэлсэн шигээр Буяндалай морин хуурын эгшиг аялгуунаас торгон мэдрэмж олохын тулд морин хуур хийх арга ухааныг сурахын зэрэгцээ Өвөр Монголын дуу бүжгийн хүрээлэнгийн морин хуурч Маянгад Баяр багшаас морин хуур татахыг хэдэн сар сурсан байна. Энэ нь хуур хийхэд нь маш их тус дэм болж, хийж гаргасан хуураа дахин дахин хуурдан дуугаралт, хийцийг нь шалгадаг болсон байна.

2014 оны 7 дугаар сарын 28-ны өдөр Буяндалайгийн хувьд мартагдашгүй нэгэн өдөр байлаа. Энэ өдөр морин хуурын их багш Чи.Булаг “Үүлэн бор үндэстний хөгжмийн үйлдвэр”-т морилон саатаж Буяндалайгийн хийсэн хуураар “Түмэн агтны төвөргөөн”, “Мандах наран” зэрэг сайхан аяс хуурдаж, богино саравчийг нь хуурын эгшгээр мялаасан юм. Чи.Булаг багш мөн Буяндалайгийн хуурын хийц, дуугаралтыг нь өндрөөр үнэлж зоригжуулан, үйлсийн дөрөөг нь сүүгээр мялааж олмыг нь чангалж өгсөн билээ. Буяндалай ч өөрийн хийсэн хамгийн сайхан хийц, дуугаралттай морин хуураа Чи.Булаг багшид бэлэглэж, дурсгал үлдээлээ. Энэ нь Буяндалайгийн хувьд маш их бахархал байлаа. Өөрийн хийсэн хуур нь их багшийн гараар уянгалан эгшиглэж, илүү том тайз, илүү олон хүний сонорыг мялааж, хүн ардаа баясгаж явна гэж бодохоос зориг нь улам хөвчлөгддөг билээ.

- Морин хуур бол бүтэц нь хялбар атлаа эгшиг уянга нь яруу тунгалаг, хөгжмийн хаан гэж хэлэхэд ахдахгүй. Бүтэц нь хялбар боловч хийц маш нарийн, хуурын хоёр утасны ширхэг нь хүртэл тоотой байдаг. Модон материал бол морин хуурын гол бүтэц бөгөөд дуу эгшгийг шийдвэрлэх гол зүйл. Голдуу батцагаан модоор хийдэг. Хуурын толгой, арлыг нэг модонд хөрөөдөж арлаа нарийсган шулсны дараа морины толгойгоо сийлдэг. Морины толгой сийлэх нь хамгийн том ур ухааныг шалгах ажил. Чи.Булаг багшийн хэлсэн шиг морин хуур бол толгойтой, толгойтой учраас зүрхтэй, зүрхтэй учраас таван цултай, таван цултай учраас сүг сүнстэй, сүг сүнстэй учраас амьд аялгуутай. Ийм болохоор морины толгой бол морин хуурын сүг сүнсийг харуулж байна. Дараа нь домбо хийдэг. Домбоны дөрвөн тал болон ар талыг батцагаан модоор хийж, өмнө талыг цагаан нарсан модоор хийдэг. Домбоны дөрвөн талыг 0.3 сантиметр орчим нимгэн хийвэл хуурын дуугаралт хүнгэнэм тунгалаг болдог. Ингээд хуурын арлаа домбон дээр угсарч, хуурайдан гөлгөр болгодог. Хэдэн өдрийн дараа шир нь хатвал хуурын чих болон утсыг тааруулан хөглөдөг гэж Буяндалай хуур хийх нарийн явцаа танилцууллаа.

- Би 5000 гаруй хуур хийсэн. Гэвч миний сэтгэлд хамгийн сайхан хийцтэй, хамгийн сайхан дуугаралттай төгс төгөлдөр морин хуур хийгдээгүй байсаар. Би ийм хуур хийхийн төлөө үргэлжлэн хичээх болно гэв. 

Зохиогч: Үржимс
Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : Шилийнголын Өдрийн Сонин
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл