Өвөр Монголын хэвлэлийн групп, Өвөр Монголын Боловсролын хэвлэлийн хорооноос хэвлүүлсэн Сүегэ багшийн “Сүүний үнэртэй хайр” нэртэй дөрөв дэх шүлгийн түүвэр “Бодлын хэлхээ”, “Сүүний үнэртэй хайр”, “Би бол монгол хүү” гэсэн гурван эмхтгэлтэй. “Бодлын хэлхээ” эмхтгэл нь “Цагийн завсар, цайны чөлөөгөөр шүлгийн онгодтойгоо хүүрнэх зуур цахилан өнгөрсөн сэтгэлийн гялбаа”-гаа өнгө будаг суулгасан богино уянгаар урлажээ. “Сүүний үнэртэй хайр” нэртэй эмхтгэл нь “Янаг амраг сэтгэлийн ялдамхан цацрал, ариун хайрын рашаан хур” болон буужээ. “Би бол монгол хүү” нэртэй эмхтгэл нь “Хиргүй сүүн сэтгэлээр догдолж, ховдол зүрхний цусаараа тарнидаж бүтээсэн хүүхдийн шүлгүүд” болно гэж Сүегэ багш түүврийнхээ “Оршил”-д тодорхойлолт тайлбар хийсэн байдаг. Тэдгээр гурван эмхтгэлийн ихэнх шүлэг нь олон нийтэд хараахан ил тод нийтлэгдээгүй сүүний хайраар бүүвэйлэгдэн, үйлсийн хандиваараа жавхаажсан монгол хүүгийн уншигч түмэндээ улам сайныг амтлуулах гэж үнэнч шударга сэтгэлээр дээжлэн өргөсөн бодлынх нь хэлхээ, уянгынх нь цацал болно.
Сүегэ багш Өвөр Монголын Хянган аймгийн Богд уулын ивээлтэй, Мухулай баатрын домогтой Залайд хошуунд төрж өссөн. Мэдлэг соёл гэж мэрийн хичээж, ажил үйлс гэж тэмүүлэн явахдаа Өвөр Монголын Өөртөө Засах орны “Онцгой хувь нэмэртэй идэр залуу мэргэжилтэн” цол бүхий улсын “Төрийн зөвлөлийн соёрхолт тусгай мэргэжилтэн”-ий дансанд нэр нь бүртгэгджээ. Тэрээр өдгөө нутгийнхаа хийморийг сэргээж, гэгээн алдрыг нь өргөсөн содон хөвгүүн нь болж явна. Өвөр Монголын Их сургуулийн Монгол хэл, утга зохиолын салбарын эрхлэгч, Монгол судлалын дээд сургуулийн дэд захирал, Монгол утга зохиол судлах газрын дарга зэрэг засгийн ба улсын боловсролын удирдах зөвлөлийн гишүүн зэрэг албан тушаалууд хашиж байлаа. Өнөөг хүртэл Өвөр Монголын Багшийн их сургууль зэрэг зургаан их сургуульд давхар албан тушаал хашиж, зочин профессороор ажиллан улс орондоо 35 доктор, 32 мастер, есөн дээд зэрэглэлийн судалгааны эрдэмтнийг удирдан бэлтгэсэн гавьяа зүтгэлтэй хүн билээ.
Шаргуу хичээл чармайлгатай Сүегэ багш шүлэг, өгүүлэл, шүүмж, орчуулга, судалгааны ном, хичээлийн сурах бичиг зэрэг 26 ном, сэтгүүл хэвлүүлсэн. Улсын нэгдүгээр зэрэглэлийн Сурах бичгийн шагналыг нэг удаа, хоёрдугаар зэрэглэлийн Боловсролын шилдэг бүтээлийн шагналыг хоёр удаа, зохиол бүтээл, эрдэм шинжилгээний хоёрдугаар зэрэглэлийн шагналыг дөрвөн удаа хүртсэн амжилттай.
Өдгөө Сүегэ багш улсын зэрэглэлийн содон хичээл “Монгол үндэстний орчин үеийн утга зохиолын түүх” , “Содон хичээлийн хараан давтамжийн эл хичээл”-ийг хариуцан найруулж, ахмад насныхаа гэрэл гялбааг цацруулан улс орондоо оюун билэг, ариун хөдөлмөрийн бүтээлээ хандивлаж явна.

