solongonews
Ли Кэчян Аунг Сан Сү Читэй уулзав
2018-11-16 12:03
Ли Кэчян Аунг Сан Сү Читэй уулзав.

Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян 15-нд Сингапурт Мьянмарын төрийн зөвлөх Аунг Сан Сү Читэй уулзжээ.

Ли Кэчян: Хятад, Мьянмар хаяа нийлсэн найрсаг хөрш, хоёр ард түмэн гүн зузаан найрамдалтай. Дипломат харилцаа тогтоосноос хойш 68 жилийн турш хоёр орны уламжлалт найрамдал энх тайвнаар зэрэгцэн орших 5 зарчмын үндсэн дээр тасралтгүй бэхжиж ирлээ. Хятад улс Мьянмарын талтай харилцаагаа хөгжүүлэхийг дээд хэмжээнд чухалчилж, Мьянмар улс өөрийнхөө нөхцөлд нийцсэн хөгжлийн замаа сонгохыг хэлбэрэлтгүй дэмжиж ирсэн бөгөөд хамтдаа уламжлалт найрамдлаа бэхжүүлж, улс төрийн харилцан итгэлцлээ нэмэгдүүлэн, ажил хэрэгч хамтын ажиллагааг нягтруулах замаар хоёр орны иж бүрэн стратегийн хамтын ажиллагааны түншийн харилцааг тогтвортой урагшлуулахад бэлэн байна. Хөгжиж буй орон, шинэ тулгар хөгжиж буй эдийн засгийн цогцуудын хувьд, ард иргэдийнхээ амьжиргааг сайжруулах нь Хятад, Мьянмарын хамтын үүрэг юм. Өөрчлөлт нээлтийн бодлого хэрэгжүүлсэн 40 жилийн ололт амжилт бол Хятадын ард түмний шаргуу хичээл зүтгэлийн үр дүн мөн. Мьянмар улс байгалийн болон хүний баялаг нөөцтэй учраас хөгжлийн стратегиа холбож, хүний нөөц, боловсрол зэрэг салбарт хамтран ажиллах замаар Мьянмарын нийгэм, эдийн засгийн хөгжилд түлхэц өгч, хоёр ард түмэнд үр шимийг нь хүртээхэд Хятадын тал бэлэн байна. Түүнчлэн Мьянмарын засгийн газар дотоодынхоо тогтвортой байдлыг хамгаалахаар гаргаж буй хичээл зүтгэл, ялангуяа Бангладеш улстай Рахине мужийн асуудлыг яриа хэлцлээр зохицуулах хүчин чармайлтыг дэмжиж, шаардлагатай дэмжлэг туслалцаа үзүүлэхэд бэлэн байна гэжээ.

Аунг Сан Сү Чи: Мьянмар, Хятад гүн зузаан уламжлалт найрамдалтай хөгжиж буй орон юм. Хятадтай ойлголцол, итгэлцлээ бэхжүүлж, хамтран ажиллаж хамтдаа хөгжихөд Мьянмарын тал бэлэн байна. Мөн эдийн засаг, худалдаа, хүний нөөц, боловсрол зэрэг салбарын хамтын ажиллагаагаа эрчимжүүлэхийг хүсэж байна. Мьянмар улсад олон удаа хүндрэл бэрхшээлд тулгахад Хятад улс байнга дэмжиж тусалсаар ирсэнд талархаж байна. Ялангуяа Рахине мужийн асуудлаар Мьянмарын талыг дэмжин, холбогдох талуудтай хамтдаа хичээж, Мьянмарын энх тайван, хөгжилд гадаад эерэг орчин бүрдүүлж өгсөнд талархаж байна гэжээ.

Найруулагч: Б.МӨЧИР
Эх сурвалж : http://mongol.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл