Манай сайтад ирсэн уншигчдын захидал, сэтгэгдлийг харж байхад өөрт нь хайргүй гэдгийг мэдсээр байж хэн нэгэн залуугийн дэргэд цаг хугацаагаа үрдэг явдал ихээр ажиглагдлаа. Ганцаардахаас, эсвэл санхүүгийн асуудал, гэр бүл, үр хүүхдээ бодоод хэзээ ч өөрийг нь хайрлахгүй эрийн хүйтэн өвөрт алтан цагаа дэмий асгах хэрэг юу байна бүсгүй минь. Бүсгүй хүн харагдаж байгаа шигээ эмзэг, булбарай сэтгэлтэн, эсвэл зориг мохоо нэгэн гэж эрчүүд эндүүрч мэдэх юм. Тэгвэл үгүй шүү гэдгийг бардмаар хэлье.
Эмэгтэй хүн нэг л шийдвэл хэзээ ч эргэж харахгүйгээр явж чаддаг гэдгийг эрчүүд ойлгох хэрэгтэй. Харин тэгж ойлгуулахын тулд бүсгүйчүүд бид өөрсдөө хүчирхэг байх ёстой биш гэж үү.
Уучлаарай, ганцаардлаа гээд хүйтэн эр хүнийг хажуу дэргэдээ байлгах нь амьдралын зөв сонголт гэдэгт итгэхгүй байна. Хэчнээн ганцаардсан ч халамж, анхаарал муутай эрд сэтгэл дээр чинь гишгэлэх боломжийг өөрсдийнхөө санаачлагаар өгөөд байх ёстой гэж үү.
Үгүй дээ. Бүсгүй минь ганцаардал гэдэг зүйлийг бид өөрөө л өөрсдөдөө бий болгодог юм шүү дээ. Заримдаа ганцаардлыг амталж, жинхэнэ утгаар нь мэдрэхэд ухаан бодол саруусч, олон зүйлийг эргэн нэг эргэцүүлэхэд тустай байдаггүй гэж үү. Олны нүдэнд л хостой юм шиг харагдаад, дотоод сэтгэлдээ даарч амьдрах шиг хэцүү зүйл энэ орчлонд үгүй шүү.
Чамд эсвэл хамгаалалт хэрэгтэй гэж чи бодож байна уу. Хамгаалагч эр хүн чинь хажууд чинь чамайг дулаацуулж, уярааж, зөөллөж, аз жаргалаар өдөр бүр бэлэг барих ёстой болохоос биш ургаа хад шиг уйтгар гунигийн далай байх ёсгүй л байх.
Цаг хугацаа бидний хэнийг ч хүлээхгүй. Нэг л өдөр бидний хэнийг маань ч ялгалгүй өтөл насны жавар үлээх тэр мөчид ханийн түшиг, хайрын илчийг мэдрэх гэтэл... Хов хоосон орон зай өвөрт чинь хүйт дааж, хэний ч мэдэхгүй харанхуйд чи ганцаараа үлдсэн байх болно.
Тэр л үед, залуу насны аагиар зориг гарган амьдралыг туучиж, хань болохгүй эрийн өврийг тэр л үед нь орхихгүй яав даа гэж өөртөө харуусан суухгүйн тулд яг одоо өөрчлөлт хий.
Чи надаар хэлүүлэлтгүй ганцаардаж байгаагаа мэдэрч л байгаа. Хэнээр ч заалгалтгүйгээр шаналж, халамж хайр эрж байгаагаа чи мэднэ. Гэхдээ л энэ айдсын шоронгоос өөрийгөө чөлөөлөх түлхүүр нь ганцхан чамд байгаа гэдгийг чи яг одоо мартсан бололтой.
Зоригтой бай, бүсгүй минь. Жаргах замд садаа болох жин даахгүй эрчүүдийг алгасаад л гарах бардам сэтгэлтэй бай. Найз нөхөд, хайртай дотны хүмүүст чинь нэг л таагүй харагдаад, бас тэгж хандаад байгаа энэ эр яавч чиний хань болохгүй.
Яг одоо би чамаас асууя. Чи түүнтэй гэрлэхэд бэлэн үү. Та хоёр хүүхэдтэй болж, аз жаргалтай, баяр хөөртэй амьдарч чадна гэдэгтээ эргэлзээгүй итгэж байна уу? Энэ асуултад чи огтхон ч бодохгүйгээр, сэтгэлийн чинь гүнээс “Тийм” гэдэг хариулт ундарч байвал чи амьдралын ханиа олсон байх нь. Харин чи нэг л эргэлзээд, юу гэж хариулахаа мэдэхгүй, нэг л биш санагдаад байвал уучлаарай, тэр биш байна.
Сэтгэл ханаж үзээгүй харилцаа хэзээ ч цэцэг болон дэлгэрдэггүй юм шүү. Ганцхан чиний амьдралын тухай энд бид яриагүй байна. Харин чамаас ургаж нахиалах хорвоод хосгүй хөөрхөн цэцэгсийн тухай ч бас ярьж байна. Тэд аз жаргалтай амьдралыг амтлах гэж, сэтгэл хангалуун, амар тайван орчныг мэдрэх гэж, ээж аавынхаа хайранд бялуурч, энэ орчлонгийн жамыг зөөллөх гэж ирдэг юм шүү дээ. Тэдний өмнө чи хариуцлагатайгаар, чин сэтгэлийн аз жаргалаар амьдралын бэлэг барьж чадах уу? Энэ асуултанд хариулахад жаахан л эргэлзээ байгаа бол тэр чиний амьдрал биш гэдгийг хатуу хэлье.
Алдаж асгасан цаг, хором бүр чинь эргэж хэзээ ч олдохгүйг санаж яваарай. Хэзээ ч чамтай ханилахгүй эрийн өвөрт халуухан насаа гундааж байхад чинь чамайг жинхэнэ ёсоор хайрлаж, жаргаах ёстой нэгэн хажуугаар чинь зөрж одож байгаа ч юм билүү...
