Хятадын эрт үеийн коммунистууд энэхүү шугамаар Коммунист Интернационал болон ЗХУ-тай холбоо тогтоож, улс орноо аврах арга замыг судалж байв.
БНХАУ байгуулагдсаны дараа хувьсгалчдын үр хойч мөн энэ шугамаар эх орондоо эргэн ирж, Хятад улсын бүтээн байгуулалтад хүчээ өргөсөн юм.
“Бүс ба зам”-ын бүтээн байгуулалтын явцад зууны түүхтэй энэхүү шугам үүргээ өөрчилж, иргэдийн харилцаа, логистик, мэдээллийн суваг болжээ.
Цаг хугацаа өнгөрөхийн хэрээр энэхүү “Олон улсын гүүр” “Хятадыг аврах” түүхийг үүрч, “Хятадыг хүчирхэгжүүлэх” аянд урагшилна.
Зам шугамын “нууц”
1924 оны 06-р сарын нэгэн өглөө Манжуур дахь жижиг зочид буудлаас гурван морин тэрэг шууд хилийн зүг хөдлөв. Үүр хаяарахад 12 хурдан морь хөллөсөн гурван тэрэг Зүүн хойдын цэрэг армийн буун суман дундуур хурдлан давхиж гарлаа.
Тэргэнд сууж явсан Ли Дажао болон бусад таван төлөөлөгч нууц ажилтнуудын туслалцаатайгаар хилийн шугамыг аюулгүй даван гарч, коммунист олон улсын төлөөлөгчдийн V хуралд оролцохоор Москва хотыг зорьсон байдаг.
- Хятадын Коммунист нам нь Коммунист Интернационал ба ЗХУ-тай харилцаа холбоогоо бэхжүүлэхийн тулд олон улсын харилцаа холбооны олон шугамыг нээсэн. Үүний дотроос Манжуураар дамжин Москва хотод хүрдэг шугам нь хамгийн эрт нээгдэж, хамгийн урт хугацаа зарцуулсан нэгэн шугам байж, “Олон улсын улаан гүүр” хэмээн алдаршсан байдаг гэж Манжуур хотын Түүх, соёлын судалгааны нийгэмлэгийн дэд дарга Шюй Жаньшинь хэлж байлаа.
1920-1930-аад оны Манжуурын газрын зургийг нээгээд үзэхэд Жинь Фэн Тай барааны дэлгүүр, Чэн Хэ Шүнь хувцасны газар, Сү Чяо гутал засвар гэх зэрэг нүдэнд торохооргүй жижиг газрууд түүхэнд алдар нэрээ үлдээсэн харагдана. Эдгээр нь бүгд Коммунист Интернационал ба Хятадын Коммунист намын гишүүдийн холбоо барих нууц цэгүүд байв.
1920 оноос хойш Коммунист Интернационал ба Хятадын Коммунист Нам Манжуур хотод холбоо барих арав гаруй нууц суурин байгуулсан байдаг. Чэнь Дүшю, Ли Дажао, Чюй Чюбай, Жөү Эньлай зэрэг намын удирдагчид Коммунист Интернационал хуралд оролцох, Москвад болсон Хятадын Коммунист Намын VI хуралд оролцох, Зөвлөлт Холбоот Улсад сурч, ажиллахаар томилогдохдоо бүгд Манжуур хотын холбооны шугамаар дамжин Хятад-Зөвлөлтийн хилийг давсан байдаг.
- Чэнь Дүшю Коммунист Интернационал IV хуралд оролцох, Ли Дажао Коммунист Интернационал V хуралд оролцохдоо бүгд Манжуурын нууц шугамаар хил гарсан. Марксизмыг Хятадад хурдтай түгээн дэлгэрүүлэхэд энэ шугам чухал үүрэг гүйцэтгэсэн гэж Шюй Жаньшинь ярьлаа.
Москва хотын захад байрлах “Тав Нэг /05-р сарын нэгэн/ тосгон”-д гурван давхар цагаан байшин байдаг. 1928 онд Хятадын Коммунист Намын VI их хурлыг энд зохион байгуулсан. Энэ нь Хятадын Коммунист намын түүхэнд хилийн чанадад болсон цорын ганц их хурал юм.
1928 оны 04-р сараас эхлэн Хятадын Коммунист Намын VI их хуралд оролцох төлөөлөгчид Хятадаас ар араасаа хөдөлж, багш, бизнес эрхлэгч, жуулчдын дүрээр янз бүрийн тээврийн хэрэгсэл ашиглан нууцаар Москва хотыг чиглэсэн байна. Хятадаас явсан төлөөлөгчдийн талаас илүү хувь нь Манжуураар дамжин өнгөрсөн байлаа.
Хятадын Коммунист Намын VI хурлын төлөөлөгч Лүө Мин дурсамж номондоо бичсэнийг үндэслэвэл тэрээр төлөөлөгч Шюй Түмяотой хамт Манжуурт ирснийхээ дараа морин тэргэнд сууж Хятад, Зөвлөлт Холбоот Улсын хилийн зааг дээрх нэгэн ууланд хүрч, дараа нь уул даван шөнийн цагаар хил давахад уушгины өвчтэй байсан Шюй Түмяо баригдахгүйн тулд амаа таглан ханиалгахыг тэвчиж явжээ. Москва руу явах замдаа Шюй Түмяогийн бие улам муудаж, эцэст нь Москвад эмчилгээ авалгүй нас барсан гэж бичсэн байна.
Лүө Жанлүн, Жан Күньди, Хуан Пин зэрэг төлөөлөгчид Манжуураас морин тэргээр хил давжээ. Тэд эхлээд Харбин хот дахь VI их хурлын хүлээн авах цэгт хүрч хил давах дугаар бүхий гэрчилгээ авч, дараа нь Манжуур хот руу галт тэргээр явж, галт тэрэгнээс буугаад гэрлэн дээрээ ижил дугаар бичсэн морин тэргийг олж, дугаараа Зөвлөлтийн тэрэгчинд өгөхөд тэрэгчин тэднийг хил давуулж өгсөн байна.
Холбооны нууц ажилтнуудын тусламжтайгаар зарим төлөөлөгчид сүрэл тээвэрлэсэн тэргэн дээр нуугдан хил гарч, зарим нь төмөр замын шугамаар өтгөн манан дундуур хил давсан байна.
Мянга мянган уул нуруу, гол мөрөн, түм түмэн саад бэрхшээл тулгарлаа ч Хятадын коммунистуудын улсаа аврах замыг эрэлхийлэх зоригийг мохоож чадаагүй юм.
Манжуур хотын Саньдао гудамжинд байрлах Жинь Фэн Тай барааны дэлгүүр бол улаан шугам дээрх маш чухал нууц цэг байсан юм.
- Хүнсний дэлгүүр дөрвөн өрөөтэй, цаана нь том хашаатай. Хашаан дахь байцаа хадгалдаг хоёр зооринд нь хүн нууж багтдаг байна. Мөн хүнсний дэлгүүрт бас нэгэн жижиг зоорь байдаг нь зугтааж амжаагүй үед нуугдаж болдог байв гэж ярих 86 настай Ян Вэньхуа бага байхдаа амьдарч байсан Жинь Фэн Тай дэлгүүрийг одоо ч тод санадаг.
Ян Вэньхуагийн аав Ян Юнхэ 1934 оноос хойш Жинь Фэн Тай нууц цэгийг удирдах болсон бол түүний ээж Линь Фэнжэнь түүнийг эгчтэй нь хамт дагуулан аавынх нь ажилд халхавч болж өгдөг байв.
1937 онд Манжуур дахь Коммунист намын нууц холбооны сүлжээг Японы жандармерууд эвдэж, Ян Юнхэ болон түүний гэр бүлийг баривчилж шоронд хорьжээ.
- Хятадын ард түмэн үхэл, бэрхшээлээс айхгүй, дайсны өмнө толгой бөхийгөөгүй. Ээжийг шоронд хүндээр эрүүдэн шүүж байсан ч дайсанд ямар ч мэдээлэл өгөөгүй гэж Ян Вэньхуа дурсав. Дараа нь Ян Вэньхуа ээж, эгчийн хамт суллагдсан боловч тэд ааваасаа холбоо тасарчээ.
1945 онд Японы эсрэг дайны ялалтын дараа ээжтэйгээ гурвуул Манжуурт буцаж, Ян Юнхэтэй уулзахыг тэсэн ядан хүлээж байлаа.
- Мөн хоёр жил гаруй хайгаад олоогүй, хэзээ сүүлд нь сая аав маань аль хэдийн хөнөөгдсөнийг олж мэдсэн гэж тэрээр ярьсан юм.
1920-1937 онуудад Манжуураар дамжин хилийн чанадад гарах улаан шугам 18 хавар, намрыг туулжээ. Нууц шугам устсаны дараа ихэнх холбоо баригчид баривчлагдан үрэгдсэн. Тэдний ажил нууц байдаг тул ихэнх хүмүүс нэрээ үлдээдэггүй, тэр ч байтугай гэр бүлийн гишүүд нь ч энэ мэдээг олон жилийн дараа сая олж мэдсэн байна.
Москвагаас буцсан нь
1950 оны 07-р сарын сүүлчээр Зөвлөлтөөс ирсэн галт тэрэг Манжуурын төмөр замын өртөөнд аажмаар орж ирэв.
Галт тэрэгний хаалга онгойж, 30 гаруй хүүхэд бууж ирлээ. 12 настай Чай Эли, 13 настай Шяо Сүхуа, 14 настай Ли Дүөли нар хүүхдүүдийн дунд эргэн тойрноо сониучирхан харж байлаа. Тэд өмнө нь огт харж байгаагүй эх орондоо эргэн иржээ.
Эдгээр хүүхдүүдийн ихэнх нь Зөвлөлт Холбоот Улсад төрж өссөн. Тэдний эцэг эх нь бүгд Хятадын Коммунист Намын анхны үеийн хувьсгалчид аж. 1920-1930-аад онуудад олон олон хувьсгалчид Евразийн эх газрын гүүрний улаан шугамаар дамжин ЗХУ-д ажиллаж, суралцахаар явсан юм. Олон жилийн дараа тэдний үр удам эцэг эхийнхээ явсан замаар буцаж, Хятад улсыг цогцлоон байгуулах үйлсэд өөрсдийн хувь нэмрээ оруулсан.
Чай Элигийн өвөө нь Японы эсрэг Зүүн Хойдын холбооны армийн үрэгдсэн баатар байсан, аав нь мөн дайнд үрэгджээ.
- Эцэг эх маань намайг бага байхад нас барсан. Гэхдээ би намын охин тул өөрийгөө өнчирсөн гэж хэзээ ч бодож байгаагүй гэж Чай Эли ярьлаа.
1966 онд Чай Эли тухайн үеийн Бээжингийн Гадаад худалдааны дээд сургуулийг төгсөж, машин механик, автомашины импорт, экспортын ажилд орсноор эх орны аж үйлдвэр, худалдааны хөгжлийг нүдээр харсан нэгэн болжээ. Чай Эли:
- 1970-1980-аад онд Зөвлөлт Холбоот Улс, Японоос автомашин, инженерийн тоног төхөөрөмжийн бүтээгдэхүүн импортолж байсан юм. Тухайн үед тэдгээр тоног төхөөрөмж маш өндөр түвшинд байгааг гайхан биширдэг байсан. 1980-аад оны сүүлчээр дотоодын үйлдвэрүүд аажмаар хөгжиж, дотоодын үйлдвэрлэсэн олон төрлийн автомашинууд бий болсон юм. Би насаараа импортын худалдаа эрхэлж явлаа. 1990-ээд оны эхээр тэтгэвэрт гарахаасаа хэдхэн жилийн өмнө сая экспортолж эхэлсэн юм. Өнөөдөр Хятад улсын үйлдвэрлэлийн салбар улам бүр хурдтай хөгжиж, экспортын бараа бүтээгдэхүүн манай тэр үеэс хамаагүй олон болсон гэж Чай Эли баяртайгаар хэллээ.
85 настай Ли Дүөли өөрийн амьдралаа эргэцүүлэхэд 1961 он түүний хувьд хамгийн чухал жил болжээ. Тэр жил Ли Дүөли тухайн үеийн Бээжингийн Технологийн дээд сургуулиас Харбины цэргийн инженерийн дээд сургуульд шилжиж, тус сургуульд нэр хүндтэйгээр ХНК-д элссэн байна.
Ли Дүөли Бээжингийн Технологийн Дээд Сургуульд элссэний дараа эхлээд танкын мэргэжлээр сурч байсан. Дараа нь сургууль нь түүнийг шинээр байгуулагдсан хатуу түлшний мэргэжилд шилжүүлэв. 1961 онд тэрээр Харбины Цэргийн Инженерийн дээд сургуульд шилжиж, пуужингийн шингэн хөдөлгүүрийн мэргэжлээр сурах болсон байна.
- Би үндэсний батлан хамгаалахын бүтээн байгуулалтад зориулагдсан ур мэргэжил эзэмшихийг л хүсэж байсан юм. Эх орон намайг юу сурахыг шаардана би тэрийг л сурах болно гэж тэрээр ярьлаа.
- Тухайн үед Хятад улсын пуужингийн судалгаа дөнгөж эхэлж байсан бол зарим курст сурах бичиггүй байсан. Би пуужингийн хөдөлгүүрийн тухай нэлээд олон Орос ном авч сурч байсан юм гэж Ли Дүөли ярьлаа. 1964 онд тэрээр сургуулиа төгсөөд пуужингийн шингэн хөдөлгүүр үйлдвэрлэх ажилд оролцох болсон. 1991 онд тэтгэвэрт гарах хүртэл тэнд ажилласан байна.
1936 онд Шяо Сүхуагийн эцэг эх Манжуураар хил давж, нууц улаан шугамаар дамжин Москвагийн Дорно дахины их сургуульд суралцахаар явжээ. Шяо Сүхуа 1937 онд Москвад төрсөн бол эцэг эх нь түүнд нэр ч өгч амжилгүй хувьсгалын ажилд өөрийгөө зориулахаар улсдаа буцжээ. Зөвлөлт Холбоот Улсын Иваново олон улсын хүүхдийн ордны хүмүүс Шяо Сүхуаг “Ли Жүн – Вэйжя” гэж нэрлэдэг. Энэ нь түүний эцгийн нууц нэр болон түүний багийн нэрийг давхарлан дуудсан нэр байв. Улсдаа эргэж ирсний дараа өсвөр насны Шяо Сүхуа сая албан ёсны нэртэй болжээ. Аав нь түүнд Хятад, Зөвлөлт Холбоот улсын найрамдлыг бэлгэдсэн “Сү /Зөвлөлт/ Хуа /Хятад/” хэмээх нэр хайрлав.
Зөвлөлт Холбоот Улсад амьдарч байхдаа балетын урлагт хайртай болсон Шяо Сүхуа Хятадад буцаж ирснийхээ дараа мөн балетын сургалт, эрдэм шинжилгээний ажил эрхэлсээр ирсэн. Хятад, Барууны орнуудын хоорондох бүжгийн солилцооны салбарт олон жил ажиллажээ. Тэрээр “Улаан асрын зүүд”, “Цагаан могойн домог” зэрэг Хятадын уламжлалт соёлын элементүүдийг бүжгийн жүжиг, бүжгийн бүтээлд оруулан туурвиж, Хятадын соёлын өвөрмөц онцлог бүхий бүжгэн жүжгүүдийг дэлхийн тавцанд гаргасан юм.
Ли Дүөли, Шяо Сүхуа нартай хамт Зөвлөлт Холбоот Улсын Иваново олон улсын хүүхдийн ордонд өссөн Шяо Ли-Ан Хятадын анхны үеийн усан доорх гэрэл зурагчдын нэг болжээ. Тэрээр:
- Бид бүгд хувьсгалыг залгамжлагчид. Ямар ч ажил хийсэн өөрсдөө ухамсартай хичээн ажиллаж, эх орноо илүү сайн бүтээн байгуулахаар хүчин зүтгэх ёстой гэж ярьлаа.
Хойд зүгт нээлттэй цамхаг
2009 онд Ли Дүөли 59 жилийн дараа дахин Манжуурт очиход өмнөх энэ хот танигдахааргүй болсныг хараад догдолж байв.
Жижигхэн төмөр замын тавцан, цөөхөн хэдэн байшин, үзүүргүй үргэлжилсэн тариалангийн талбай. Энэ бол Ли Дүөли 1950 онд Хятадад эргэж ирэх үед түүнийг тосож авсан Манжуур хот.
Хөгжин цэцэглэсэн хилийн боомт, орчин үеийн өндөр барилгууд, дотоод, гадаадын жуулчдын цуваа. Нэгэн цагт “Улаан цамхаг” байсан Манжуур хотын өнгө төрх эрс өөрчлөгдөж, тухайн үеийн “Нууц улаан шугам” одоо Ази, Европын эдийн засаг, худалдааны суваг болжээ.
БНХАУ байгуулагдсан эхний үед Зөвлөлт холбоот улсаас их хэмжээний эд материалыг Манжуураар дамжуулан Хятад руу ачуулж, дотоодын бүтээн байгуулалт, Америкийг эсэргүүцэж, Солонгост туслах дайнд хүчтэй дэмжлэг үзүүлсэн юм. Ван Түн-Юэ 1954 онд тухайн үед шинээр байгуулагдсан Манжуур хотын төмөр замын албанд ажилд орж, импорт, экспортын барааг ачиж буулгах ажлыг хариуцаж байсан учраас Хятад-Зөвлөлтийн төмөр замын тээврийн хөл хөдөлгөөн ихтэй үеийг өөрийн биеэр туулсан нэгэн. Тэрээр:
- Тасалбар зарах өрөөний хойд талд Зөвлөлтийн галт тэрэг, өмнө талд Хятадын галт тэрэг зогсдог байсан. Төмөр зам дээрх галт тэрэгнүүд бүгд дүүрэн байдаг. Ачиж буулгах ажилтан 1000 гаруй хүн өдөрт гурван ээлжээр ажилладаг ба цаг алдалгүй ачиж буулгадаг байсан гэж эргэцүүлэн ярьлаа.
Манжуур хот хагас зууны турш олон улсын төмөр замын тээврийн чухал зангилаа болсоор ирсэн. “Бүс ба зам” санаачилга нь “Зүүн Азийн Цонх” хэмээгдсэн Манжуур хотод шинэ үүрэг, боломж авчирсан юм. Манжуур хот мөн Хятад-Европ чиглэлийн төмөр замын зүүн гарцын чухал боомт болж, Манжуурын төмөр замын боомтоор дамжин Хятад-Европ чиглэлийн төмөр замын 50 гаруй шугам явдаг байна.
Дэлхий нийтийг нөмөрсөн цар тахлын үед агаарын ба далайн тээврийн үйлчилгээ янз бүрийн түвшинд түр хугацаагаар зогсоох, цуцлах зэрэг асуудалтай тулгарсан бол Хятад-Европ чиглэлийн галт тэрэг нь аюулгүй, үр ашиг сайн зэрэг давуу талаа ашиглан шинэ үйл ажиллагаа, шинэ зам шугам зэргээ тасралтгүй өргөжүүлж, Хятад, Европ болон зам дагуух улс орнуудын хоорондох барааны саадгүй урсгалыг хангахад чухал үүрэг гүйцэтгэсэн юм. 2020 онд Манжуур боомтоор Хятад-Европ чиглэлийн нийт 3548 галт тэрэг, 324310 чингэлэг нэвтэрсэн нь өнгөрсөн оны мөн үеийнхээс тус тус 35.1 хувь, 37.6 хувиар өссөн байна.
Галт тэрэг Манжуур хотоос гарч ОХУ-ын Чита хотыг чиглэнэ. Энэ бол Хятадын Коммунист Намын VI их хурлын төлөөлөгчид Манжуур хотоос нууцаар хил давсны дараах анхны өртөө юм. Өнөөдөр Чита хот “Улаан аялал жуулчлал”-ын нөөцийг идэвхтэй хөгжүүлэн, ӨМӨЗО-той хил дамнасан аялал жуулчлалыг хамтран хөгжүүлж байна.
- Орос, Хятадын хилийн нийт урт 4000 гаруй км байдаг нь хоёр орны эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд давуу нөхцөл хангадаг. Бид харилцан ашигтай хамтын ажиллагааны загварыг бий болгож, “Бүс ба Зам”, Евразийн эдийн засгийн холбоотой илүү гүнзгий уялдан, эдийн засаг, худалдааны хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааны чанар, шинэчлэлийг дэмжиж, технологийн шинэчлэл, дижитал эдийн засаг гэх зэрэг шинээр хөгжиж буй салбар дахь хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлнэ гэж ОХУ-ын Плехановын нэрэмжит Эдийн засгийн их сургуулийн Хиймэл оюун ухаан, мэдрэлийн технологи, бизнесийн шинжилгээний лабораторийн захирал Тимур Садыков хэллээ.
Одоогийн байдлаар Хятад, Орос улс эдийн засгийн нягт харилцаатай хэвээр байна. Гаалийн ерөнхий газрын статистик мэдээллээс харахад 2021 оны 01-р улиралд Хятад, Оросын худалдааны хэмжээ өмнөх оны мөн үеэс 15.4 хувиар өсөж, 29.265 тэрбум ам.долларт хүрсэн байна.
Орос, Хятадын найрамдал, энх тайван, хөгжлийн хорооны Оросын талын дарга, ОХУ-ын Ерөнхийлөгчийн бизнес эрхлэгчдийн эрхийг хамгаалах асуудал эрхэлсэн бүрэн эрхт төлөөлөгч Борис Титов:
- Орос, Хятад хоёр улс боломжийн, харилцан ашигтай зарчмын үндсэн дээр эдийн засаг, худалдааны хамтын ажиллагаагаа хөгжүүлэх болно. Төлөвлөгөөний дагуу 2024 он гэхэд хоёр улс хоёр талын худалдааны хэмжээг 200 тэрбум ам.долларт хүргэх болно. Жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийн хоёр талын худалдаанд эзлэх хувийг нэмэгдүүлэх шаардлагатай байгаа ба Орос, Хятадын мянга мянган бизнес эрхлэгчдийг хооронд нь харилцан холбох ажлыг илүү идэвхтэй зохион байгуулах болно гэсэн байна.
Жан Жычян бол Манжуур хотын нэгэн гадаад худалдааны компанийг хариуцдаг нэгэн. 1990-ээд оны эхээр Жан Жычян эхнэрийн хамт Хятад, Оросын хооронд ганзагын наймаанд явж, жижиг эд бараа худалдаалдаг байв. Хожим нь бизнесээ өргөжүүлж, гадаад худалдааны компани байгуулан, хөдөө аж ахуйн машин механизм, инженерийн тоног төхөөрөмж экспортлох болжээ.
Москвагийн Их сургуулийн Сэтгүүлзүйн салбарын Орос-Хятадын судалгааны төвийн захирал Евгений Зайцев:
- Орос, Хятадын хамтын ажиллагаанд хориотой бүс, дээд хязгаар гэж байхгүй гэж би боддог. Учир нь манай хоёр улсыг эв нэгтгэж байгаа нь зөвхөн энэ бодит байдал, ажил хэрэгч эдийн засгийн ашиг сонирхол төдийгүй мөн цаг үеийн бодит асуудлуудын ихэнх тал дээр бидний санал нэгдэж байдагт оршино гэж хэллээ.
Евразийн эх газрын гүүрэн дээрх зам тээврийн шугам нь улс орноо аврах арга замыг эрэлхийлэгч хувьсгалчдад үйлчилж байсан төдийгүй, тэдний үр хүүхдүүдийг эх орны бүтээн байгуулалтад оролцуулахаар тосон авчирсан юм. Мөн БНХАУ-ыг бүтээн байгуулахад шаардагдах чухал эд материалыг зөөвөрлөсөн төдийгүй, өнөөдөр энэхүү шугам иргэдийн харилцаа, логистик, мэдээллийн суваг болж, хөгжлийн илүү чухал үүрэг даалгаврыг биелүүлж байна.
