solongonews
“Хувийн бизнесийн шинэ загвар”-ууд
2020-09-21 09:46
Бараа худалдах шууд нэвтрүүлгийн хөтлөгч, цахим спортын тоглогч, олон нийтийн платформ ажиллуулагч, цахим худалдаа эрхлэгч зэрэг “ажилд ороогүй, түр зуурын ажилтан”-ууд өнөөдөр “жинхэнэ ажилтай” хүмүүс болоод байна.

    Сүүлийн өдрүүдэд Үндэсний Хөгжил Шинэчлэлийн зөвлөл зэрэг байгууллагууд хамтран “Бизнесийн шинэ хэлбэр, шинэ загварыг эрүүлээр хөгжүүлэх, ажлын байрыг өргөжүүлэх зорилгоор хэрэглээний зах зээлийг идэвхжүүлэх тухай санал” хэвлүүлэн түгээгээд байгаа юм. Тус саналд шинэ төрлийн хувийн бизнесийг дэмжиж, хөдөлмөр эрхлэх шинэ орон зайг тэлэх тухай санаачилга гаргасан байна. Боловсролын яам мөн энэ хугацаанд их, дээд сургууль төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлтийн тухай статистик мэдээлэл гаргасан юм. Энэ үед онлайн дэлгүүр нээх ажлыг хамарсан “хувийн хөдөлмөр эрхлэлт”, интернэтийн худалдаачид, цахим спортын тоглогч, олон нийтийн платформ ажиллуулагч зэргийг багтаасан “чөлөөт ажилчид”-ыг мөн бүртгэх хэрэгтэй гэж мэдэгдсэн байна. Хүний нөөц, нийгмийн баталгааны яам, Зах зээлийн хяналт удирдлагын газар, Үндэсний статистикийн товчоо зэрэг байгууллагууд хэд хэдэн шинэ мэргэжлийг тодруулсан бол бараа худалдах шууд нэвтрүүлгийн хөтлөгч гэх “нэр төртэй ажил”-д хамрагдсан байна. Бизнес, хөдөлмөр эрхлэхэд зориулсан эдгээр шинэ бизнесийн загварын ихэнх нь “шинэ төрлийн хувийн бизнес”-ийн хүрээнд багтдаг.

Долоодугаар сард гаргасан хөдөлмөр эрхлэлтийн тухай гурван шинэ бодлого нийгмийн анхаарлыг ихэд татсан юм. Шинэ мэргэжлийг залуучууд, ялангуяа их, дээд сургууль төгсөгчид өргөнөөр хүлээн авах боломжтой юу? “Шинэ төрлийн хувийн бизнес”-ийг ямар хүмүүс хийх вэ? Бизнесийн шинэ хэлбэр, шинэ загвар нь ажлын байранд хэр их нөлөөлөх вэ?

        Хичээж хийсэн ажил бүхэн үнэтэй

- Дижитал эдийн засагт суурилсан ихэнх шинэ мэргэжлүүд нь бие даасан, уян хатан байдгаараа онцлогтой. Зарим нь хэдийгээр хөдөлмөрийн гэрээгүй ч орлого сайтай бөгөөд ихэвчлэн “Шинэ төрлийн хувийн бизнес”-т хамрагддаг.

Бээжин Их сургуулийг төгссөн “90-ээд оны” залуу Гүө Бээжингийн Чао-Ян дүүргийн Да Юэ Чэн худалдааны төвд ажилладаг. Цар тахлаас урьдчилан сэргийлэх, хянах үүднээс ажлын байр нь оффлайнаас онлайн болж өөрчлөгдсөн байна. Тэрээр:

- Би Да Юэ Чэн худалдааны APP дээр шууд нэвтрүүлэг хөтөлж, оффлайн дэлгүүрүүдийнхээ бараа бүтээгдэхүүнийг зардаг. Энэ жил шууд дамжуулалт түгээмэл болж, шууд нэвтрүүлэг хийх бүрт нэлээд их борлуулалт хийдэг боллоо. Шууд нэвтрүүлэг бол бидний хувд  борлуулах арга замуудын нэг байсаар ирсэн. Интернэтийн маркетерууд сүүлийн үед “шинэ мэргэжил” болон хүлээн зөвшөөрөгдөх болсон гэж сонсоод энэ чиглэлээр ажилладаг хүний хувьд маш их баярласан. Ирээдүйд энэ мэргэжил илүү сайн хөгжилд хүрнэ гэж найдаж байна гэж ярьлаа.

Энэ удаад Хүний нөөц, нийгмийн баталгааны яам, Зах зээлийн хяналтын  ерөнхий товчоо, Үндэсний статистикийн товчоо хамтран блокчейн инженерийн техникийн ажилтнууд, хотын менежментийн сүлжээний ажилтнууд, интернэтийн маркетерууд, мэдээллийн аюулгүй байдлын шалгагч, блокчэйн программ ажиллуулагчид, онлайн сургалтын үйлчилгээ үзүүлэгчид, олон нийтийн эрүүл мэндийн туслах ажилтан, ахмад настны чадварыг үнэлэгчид, нэмэлт үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийн оператор гэсэн есөн шинэ ажил мэргэжлийг нийгэмд зарласан байна. Энэ бол “БНХАУ-ын Мэргэжлийн ангиллын толь /2015 оны хэвлэл/”-оос хойш гарсан Хятадын гурав дахь цуврал шинэ ажил мэргэжил юм.

- Цахим технологийн хөгжил олон төрлийн бизнес эрхлэлт, хөдөлмөр эрхлэлтийн загварыг бий болгосон. Бараа бүтээгдэхүүний зах зээлийн хүрээнд богино хэмжээний видео, шууд нэвтрүүлгээр бараа зарах зэрэг онлайн маркетингийн салбарууд хөгжиж эхэлснээр хамрагдсан хэрэглэгчдийн тоо 800 сая гаруй болсон. Түүгээр ч зогсохгүй, интернэт маркетингийн чиглэлээр ажилладаг хүний тоо сард 8.8 хувиар огцом өссөн. Энэ нь олон тооны жижиг, дунд, бичил үйлдвэрүүд онлайн шууд борлуулалтаар дамжин эрч хүчийг нэмэгдүүлж байна гэж Хүний нөөц, нийгмийн баталгааны яамны холбогдох албан тушаалтан ярьж байна.

Цахим спортын тоглогч зэрэг цуврал “хит” болж буй мэргэжлүүд төрөөс баталгаажуулсан шинэ мэргэжлүүдэд хамрагдаж байна. Эдгээр ажил мэргэжлүүдийн ихэнх нь бие даасан байдал, ажлын цаг, ажлын байр зэрэг тал дээр уян хатан шинж чанартай байдаг гэдгийг онцлон дурдах нь зүйтэй. Зарим нь хөдөлмөрийн хатуу чанга гэрээгүй ч ихэнхдээ маш сайн орлоготой байдаг.

- Миний хүү анх дунд сургуульд сурч байхаасаа л цахим спортын тоглогч болохыг хүсдэг байсан. Гэхдээ миний хувьд үүнийг тийм ч баталгаатай ажил мэргэжил биш гэж ойлгодог байлаа. Хүү минь хичээлдээ онц сайн дүн авдаг. Цахим тоглоом тоглохдоо ч авьяастай. Цахим спортын тоглогч шинэ мэргэжил болон хүлээн зөвшөөрөгдсөнөөс хойш хүү маань энэ тухай надад байнга тайлбар хийдэг болсон. Одоо миний хувьд тоглоом тоглох нь бас спортын нэгэн төрөл гэж ойлгох боллоо. Миний хүү тамирчин болохыг хүсвэл би түүний мөрөөдлийг дэмжинэ гэж Наньжин хотын Пань овогтой нэгэн иргэн сонирхуулсан юм.

Шяо Шы бол “Bilibili” сайт дахь 600 мянга гаруй фентэй мэргэжлийн “UP хөтлөгч /upload/”. Тэрээр:

- Би их сургуульд сурахаасаа өмнө чөлөөт цагаараа видео хийж интернэтэд тавьдаг байсан. Одоо нэгэнт таван жил болжээ. Анх сонирхолдоо хөтлөгдөж хийдэг байсан болохоос биш, мөнгө олох тухай бодож байгаагүй. Одоо миний видеонуудыг нээсэн, үзсэн тоо бүгд бодит орлого болж хувирч байна. Хэрэв нэг видеог үзсэн хэмжээ нэг саяас дээш байвал 4-5 мянга орчим юаний орлого олох боломжтой гэж сэтгэгдлээ хуваалцлаа.  

Одоогийн байдлаар Хятадын дижитал эдийн засгийн хөгжлийн чиг хандлага сайн байна. Түүнчлэн эхлэл, орчин, үйл ажиллагаа, хэлбэр загвар зэрэг бүх зүйл боломж нөхцөл сайтай байгаа учраас хэрэглээгээ идэвхжүүлж, ажил эрхлэлтийг удирдах асар их боломжтой. Үндэсний хөгжил, шинэчлэлийн зөвлөлийн Инноваци, дэвшилтэт технологийн хөгжлийн хэлтсийн албан тушаалтан:

- Бизнесийн салбарын олон тооны шинэ мэргэжил, шинэ загварууд хурдтай гарч ирж байна. Холбогдох албан байгууллагуудаас саяхан баталгаажуулсан шинэ мэргэжлүүдээс гадна олон тооны ажил эрхлэх боломжууд нээгдэж, хүмүүст инновацид түшиглэн орлого бүтээх шинэ замуудыг нээж өгч байна гэж хэллээ. Төрөөс цахим худалдаа, цахим шууд нэвтрүүлэг хийх гэх мэтчилэн олон төрлийн хувийн хөдөлмөр эрхлэлт, цагаар хуваарилсан ажил эрхлэлт зэргийг хамруулсан шинэ хэлбэрийн хувийн бизнес, хувийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж байна. Үүний зэрэгцээ боломжийн түвшинд эдгээр хувийн бизнес эрхлэгчдийн санхүүжилтийн зардлыг бууруулах зорилгоор худалдааны банкнуудын онлайн, оффлайн зээлийн үйлчилгээг дэмжиж байна.

Албан ёсоор хүлээн зөвшөөрөх шалтгаан

- Шинэ мэргэжлийг хүн зохиодоггүй, харин байгалиас заяагдсан байдаг. Энэ бол аж үйлдвэрийн бүтэц сайжирч, оршин суугчдын амьдралын чанар дээшилж буйн тусгал юм.

Сүүлийн хоёр жилийн хугацаанд шинэ мэргэжлүүдийн хөгжил хурдассан. Төрөөс баталгаажуулсан шинэ мэргэжил болоход ямар стандарт, баталгаажуулалтын журам шаардлагатай вэ?

  Шинэ мэргэжил гэдэг нь нийгэмд нээлттэйгээр олон нийтийн санаа бодлыг сонссоны үндсэн дээр мэргэжлийн ангиллын судлаачид шинжээчдээр үнэлүүлж, үзүүлсний дараа журмын дагуу сонгож, тодорхойлдог гэж Хүний нөөц, нийгмийн баталгааны яамны холбогдох албан тушаалтан хэллээ. Шинэ мэргэжил бүр олон хэмжүүр шалгуур дамжин байж хүлээн зөвшөөрөгддөг. Тэдгээрийн дотроос “техникийн шинж /буюу өвөрмөц шинж/” нь хамгийн хүнд жинтэй байдаг байна. Энэ шинж нь тухайн мэргэжлийн хангалттай шинэ эсэх, шинэ үйлдвэрлэл, шинэ үйл ажиллагааг бий болгож байгааг илэрхийлж чадах эсэхийг тусгадаг. Үүнээс гадна, нийгмийн шинж. Энэ шинж чанар нь тухайн мэргэжил илүү олон ажлын байрыг жолоодож чадах эсэх, зах зээлийн илүү сайн хэтийн төлөвтэй эсэхийг тусгадаг. Мэргэжлийн тогтвортой шинж нь тухайн мэргэжлээр ажиллагч хөдөлмөр хүчний хөдөлмөр эрхлэлтийн орчин, хөгжих орон зайг шүүдэг бол мэргэжлийн олон нийтэч шинж нь тухайн мэргэжлээр ажиллаж байгаа хөдөлмөр хүчний цар хүрээ, ирээдүйн хөгжлийг тодруулдаг байна.

Хүний нөөц, нийгмийн баталгааны яамны холбогдох албан тушаалтан:

- Энэ он гарснаас хойш холбогдох салбарын олон ажилтнууд цар тахлын эсрэг тэмцэлд идэвхтэй үүрэг гүйцэтгэсэн. Үүнд амьдралын хэрэгцээ, танин мэдэхүйн чадвар зэрэг эрүүл мэндийн байдлыг хэмжих, үнэлэх шаардлагатай өндөр настнуудад үйлчилгээ үзүүлэгч ахмад настны чадварыг үнэлэгчид, эрүүл мэнд, интернэтийн мэдлэг, ур чадварыг ашиглан оршин суугчдад эмчилгээ, эрүүл мэндийн зөвлөгөө өгөх зэрэг үйлчилгээ үзүүлдэг олон нийтийн эрүүл мэндийн туслах ажилтнууд, дижитал сургалтын платформыг ашиглан суралцагчдад өвөрмөц, оновчтой, цаг тухайд нь, үр дүнтэй сургалтын төлөвлөгөө, сургалтын удирдамж зэргээр хангадаг онлайн сургалтын үйлчилгээ үзүүлэгчид гэх зэрэг шинэ мэргэжлүүд эрэлт хэрэгцээний дагуу бий болсон гэж ярьлаа.

Шинэ ажил мэргэжлүүд тасралтгүй нэмэгдсээр байгаа нь өнөөгийн Хятадын эдийн засаг, нийгмийн хөгжил, өөрчлөлтийн ил тод тусгал болж байна.

- Шинэ ажил мэргэжил бий болох нь эдийн засаг, нийгмийн үзэгдэл төдийгүй байгалийн түүхэн үйл явц юм. Шинэ ажил мэргэжлүүд нь хүний хүчээр зохиогдоогүй, харин түүхэн өөрчлөлт, нийгмийн хөгжлийн дагуу аяндаа бий болдог. Одоогийн байдлаар нийгмийн үйлдвэрлэлийн тавцан өөрчлөгдөж, дижитал аж үйлдвэрлэл ба аж үйлдвэрийн дижиталчлал нь ирээдүйн шинэ эдийн засгийн үндэс суурь болж байна. Тийм ч учраас энэ салбарт олон тооны шинэ ажил мэргэжлүүд гарч ирэхэд гайхах зүйл алга. Шинэ ажил мэргэжлүүдийн үүсэл, хөгжил нь хүмүүсийн бие даан ажил сонгох, хүсэл мөрөөдөлдөө тэмүүлэх орон зайг өргөжүүлэхээс гадна, урьд өмнө байгаагүй эрч хүчийг нийгэмд оруулж ирж байна гэж Хятадын Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих нийгэмлэгийн ахлах шинжээч Чэнь Юй манай сэтгүүлчид өгсөн ярилцлагынхаа үеэр хэлсэн юм.

- Ирээдүйд шинэ ажил мэргэжлүүд уламжлалт мэргэжлүүдийн чухал гишүүн болж хөгжинө. Дижитал эдийн засгийн эрин дэх ажил эрхлэлтийн шинэ хэлбэрүүд шинэ бизнес, шинэ загваруудын тасралтгүй хөгжлийн үр дүн болох төдийгүй, хүмүүсийн сайн сайхан амьдралын төлөөх эрэлт хэрэгцээний хөдөлмөр эрхлэлтийн орон зай дахь тусгал болно. Цахим бизнесийн шинэ хэлбэрт түшиглэн ирээдүйд илүү олон шинэ ажил мэргэжлүүд ар араасаа гарч ирнэ. Эдгээр шинэ ажил мэргэжлүүд хамтдаа үйлчилгээний салбарын бүтцийг сайжруулах, оршин суугчдын амьдралын чанарыг дээшлүүлэх явцад асар их ач холбогдлоо өгөх болно гэж Хятадын Ардын Их сургуулийн Хөдөлмөр, хүний ​​нөөцийн дээд сургуулийн профессор Ян Вэйгүө ярьж байна.

                    “Шинэ” салбарын тогтвортой хөгжлийг дэмжинэ

- Хөдөлмөр эрхлэлтийн шинэ хэлбэрт нийцсэн эрх, ашиг сонирхлыг хамгаалах бодлогыг хурдтай боловсруулж, хувийн бизнесийн шинэ хэлбэр, шинэ ажил мэргэжилд хөгжлийн ая тухтай орчныг бүрдүүлнэ.

Шинэ ажил мэргэжил, хувийн бизнесийн шинэ хэлбэрийн нөлөөллөөр ажлын байрны хангамж тогтворжиж байна.

Саяхан Хятадын Ардын Их сургуулийн Хөдөлмөр эрхлэлтийн судалгааны хүрээлэн, “Zhaopin.com” ажилд зуучлах компаний хамтран нийтэлсэн “2020 оны 02-р улирал дахь шинэ төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлтийн зах зээлийн тайлан"-гаас харахад цар тахлаас урьдчилан сэргийлэх, хянах ажил тасралтгүй сайжирч байна. Түүнчлэн үндэсний бодлогын хүчтэй дэмжлэгээр их, дээд сургууль төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлтийн индекс үргэлжлэн сайжирч байна. Үйлдвэрлэл, мэргэжлийн ангиллаас харахад шинэ ажил мэргэжил, дэд бүтцийн шинэ боловсон хүчин ихээхэн шаардлагатай байгаа нь ажил эрхлэлтийг нэмэгдүүлэх чиг хандлагатай байна. Цар тахлын эсрэг тэмцлийн үед шууд нэвтрүүлгийн эдийн засаг хурдтай хөгжиж, “Интернэт маркетингийн инженер” зэрэг шинэ мэргэжлүүд албан ёсны, боловсронгуй болсноор эдгээр салбарын энэ улиралд шинэ төгсөгчдийг ажилд авах эрэлт өмнөх оны мөн үетэй харьцуулахад 349 хувиар өссөн байна. Хүний нөөц, нийгмийн баталгааны яамны мэдээллээр энэ оны нэгдүгээр улирал дахь ажил эрхлэлт удаашралтай эхэлсэн бол 2-р улиралд ажил, үйлдвэрлэл тогтвортой сэргэж, хөдөлмөр эрхлэлтийг тогтворжуулах арга хэмжээ бүрэн хэрэгжиж, хөдөлмөрийн зах зээлийн эрэлт өссөнөөр ажил эрхлэлтийн байдал аажмаар тогтворжсон байна.

Бизнесийн шинэ хэлбэр, шинэ ажил мэргэжил нь шинэ боломжуудыг авчирдаг боловч тогтворгүй орлого, үйлчилгээний бүрэн бус баталгаа зэрэг бодит асуудлуудтай тулгардаг. Хувийн бизнесийн шинэ хэлбэр нь хэсэг зуур л “овоо хараа”-нд орж байгаа болов уу?

Шяо Шы их сургуулиа төгсөөд мэргэжлийн дуу оруулагч жүжигчин болох чиглэлээр компанитай гэрээ хийх хүсэлтэй байгаагаа ярьсан юм.

- Бүтэн цагийн “UP хөтлөгч” хийнэ гэдэг их хэцүү. Заримдаа хүсэл мөрөөдөл чинь бодит амьдралын цохилтод нурна. Маш сайн явна гэж бодсон нийтлэл чинь санаанд хүрэхгүй байх үе зөндөө гарна. Хамгийн гол асуудал бол тогтворгүй орлого гэж миний хувьд бодож байна. Видео бичлэгийн орлого хэтэрхий бага. Ивээн тэтгэгч урихад мөн тодорхой хэмжээний фенүүдтэй байх хэрэгтэй. Тэгэхэд эдгээр хүчин зүйлс байнга өөрчлөгдөж байдаг, тогтсон тоо байдаггүй гэж хэллээ.

- Аливаа мэргэжил өөрийн гэсэн хөгжлийн хуультай. Хэдийгээр олон шинэ мэргэжлүүдэд нийгмийн даатгал, цалин хөлсний хүртээмж хараахан байдаггүй боловч холбогдох хөгжлийн явцтай тул төрөөс дэмжих бодлогыг алхам алхмаар нэвтрүүлэх шаардлагатай гэж Чэнь Юй хэлж байна. Түүний бодлоор зарим ажил мэргэжил нь түүхэн хөгжлийн явц дахь түр цагийн мэргэжил байх магадлалтай боловч нийгэмд үнэхээр шаардлагатай ажил мэргэжил бол хэвээрээ үлдэх ёстой. Технологийн хувьсгал хурдтай хөгжиж, нийгмийн дэвшлийн хурд нэмэгдэхийн хэрээр бий болох боловсон хүчний илүү хүлээцтэй, нээлттэй бодлогууд нь илүү олон бүлгүүдэд мөрөөдлөө биелүүлэх үүд хаалгыг нээж өгч, шинэ ажил мэргэжилд өсөлтийн ая тухтай орчин бүрдүүлэх болно.

Хөдөлмөр эрхлэлтийн шинэ хэлбэр нь хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний баталгаажуулалтад шинэ шаардлага дурдсаар байгаа бол холбогдох хэлтсүүд мөн боловсронгуй болгох ажлаа эхлүүлсээр байна.

- Цахим тавцан дахь ажил олгогчид, тавцангууд хоорондын уян хатан “хамтын ажиллагаа”-ны харилцаанаас шалтгаалан даатгал, баталгаа ч адилхан шаардлагатай болдог. Хөдөлмөр эрхлэлтийн шинэ хэлбэрт нийцсэн эрх, ашиг сонирхлыг хамгаалах бодлогыг судалж, бүх нийгэм даяар шинийг санаачлах, бизнес эрхлэх, баяжих урам зоригийг улам дээшлүүлэх шаардлагатай байна. Цаашдын ирээдүйд төрөл бүрийн хэлбэрийн хөдөлмөр эрхлэлтэд зохицсон нийгмийн баталгаа, ашиг сонирхлын хамгаалалтын бодлогыг сайжруулна. Цахим платформоор дамжуулан бизнесийн үйл ажиллагаа эрхэлдэг хүмүүс цахим бизнесийн талбарыг ашиглан аж үйлдвэр, худалдаа эрхлэлтээ бүртгүүлж болно. Уян хатан шинж чанартай хөдөлмөр хүчний хөдөлмөрийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах, даатгал төлөх, цалин хөлс олгох зэрэг бодлого, тогтолцоог боловсронгуй болгож, компаниудын хөдөлмөрийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах чиглэлийн холбогдох үүрэг хариуцлагыг тодорхой болгож, ажилчдын цалин хөлс авах үндсэн эрх, амрах эрх, хөдөлмөрийн аюулгүй байдлыг баталгаажуулж, талуудын эрх, үүргийн харьцааг тодорхой болгоно. Уян хатан ажил эрхлэлт, “олон нийтийн хөдөлмөр хүч”-ний үйлчилгээний платформыг бий болгохыг дэмжиж, онлайн мэргэжлийн сургалт, уян хатан хөдөлмөр эрхлэлтийн эрэлт, нийлүүлэлт зэрэг хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ үзүүлж болно гэж Үндэсний хөгжил, шинэчлэлийн зөвлөлийн Инноваци, дэвшилтэт технологийн хөгжлийн хэлтсийн албан тушаалтан ярьж байлаа. 

Зохиогч: Нийтлэлийг: КҮН ДЭЧЭНЬ
Найруулагч: С.УРЬХАН
Эх сурвалж : Хятадын Өдөр Тутмын сонин
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл