Амьдрал бол бидний бодол санааны биелэл юм
2015-12-28 18:21
Хаалга тогшин ирэх сайн сайхны чимээ зүрх сэтгэлээс эхэлж амилдаг. Сайхан бодол сайхан мөрөөдөл дагуулна. Ийм мөрөөдөл итгэхийн аргагүй аз биелэл, амьдралын сайхныг авчирна. Тэгэхээр, аз жаргал чухамдаа бодол сэтгэлээс эхтэй, амар амгалангаас улбаатай, буй бүхэнд сэтгэл хангалуун байж чадах эерэг хандлагаас үүдэлтэйсэнж ээ.
Америкийн нэрт жүжигчин Хэлен Хэйс талархлын баяраар гэрийнхэндээ зориулж цацагт хяруулаар хоол хийгээд, ширээн дээр тавихаасаа өмнө нөхөр, хүү хоёртоо “Би анх удаа цацагт хяруулаар хоол хийлээ. Амтгүй байвал заавал идэх гэсний хэрэггүй шүү. Ямар нэг юм хэлэлгүй шууд босоод гадуур хооллохоор явцгаая” гэжээ. Тэгээд гал тогооноос хоолоо авч иртэл нөхөр, хүү хоёр нь аль хэдийнээ малгай, гадуур хувцсаа өмсчихсөн ширээнийхээ ард сууж байсан гэдэг. Бид урьдчилан төсөөлсөн үр дүндээ хүрдгийн бодит жишээ энэ.
Өөрийгөө чамлах, бүтэлгүйтэлдээ шантрах, аюул эрсдэлийг л эхэлж харах, гутрал гомдлын өндгийг авгалдай болгож, таагүй зүйлсийг үргэлж сэргээн бодож явах нь өөрийгөө өөрчилж, эерэг хандлагад тэмүүлэх увидас шидийг замхраан устгадаг гэдэг. Амьдралдаа туйлдаж эцсэн хүмүүс ядуу хоосондоо бус харин өөрийгөө өөрчилж, “хийх ёстой зүйл” -ийг “тоглох дуртай тоглоом” болгож чадаагүйд тэр. Эерэг хандлага, сайхан бодол, итгэл найдварын гэгээгээр сэтгэлээ сүлж чадаагүйд тэр байж мэднэ.
“Өгсөн үүрэг даалгаврыг ял биш өөрийгөө харуулах боломж гэж шүүрч авсан нь гялалздаг” гэсэн сайхан үг бий. Хандлагыг сэтгэлийг будагч бийртэй зүйрлэвээс гэгээлэг өнгөөр ч будаж болно, бараанаар ч сүүдэртүүлж болох билээ. Хандлага бол өнгөрснийг тэмдэглэдэг бичээч, өнөөдрийг харуулдаг төлөөлөгч, ирээдүйг мэдрүүлэгч агуу их зөнч буюу.
ГЭГЭЭ
Найруулагч: Энхтуяа
Эх сурвалж : Mongoljingoo.mn
Дэлгэрэнгүй үзэх
