solongonews
Мал борлуулалтын талын шинэ өөрчлөлт
2017-05-15 16:14
Мал борлуулалтын талын шинэ өөрчлөлт

Дөрөвдүгээр сар гэхэд өмнө нь хөдөө нутгийн малчид төл тосох ажилдаа яарч гардаг. Гэхэд энэ жилийн дөрөвдүгээр сард Цахар нутгаас өвлийн төлөө борлуулж байх сайхан сургийг олж билээ.

Хөвөөт шар хошууны Богд-Уул сумын Завилах багийн малчин Эрдэмтийнх 4 дүгээр сарын 10, 20-оор 70 гаруй эр хураагаа хоёр хувааж Хуа Дэ шяниас ирсэн бизнесменүүдэд худалдахад хурга бүр нь дунджаар 480 юань хүрснээс хаврын улиралд өвлийн хургаа худалдан 30 мянга гаруй юанийн орлого олсон ажээ. Малчин Эрдэмтийнх 200 гаруй хоньтой бөгөөд өнгөрсөн жилийн 12 дугаар сараас эхлэн өвлийн төл тосож нийт 180 гаруй төл тосож мэнд бойжуулсан байна.

- Өмнө хэдэн жил манай хөдөө нутгаар эрт төрсөн хурга авахаар ирэх худалдаачин хүн мөн ирж л байдаг. Гэвч тэр үед ихэнх малчид өвлийн төлөө худалдахгүй үлдээн намар зардаг байжээ. Гэтэл энэ жил харин өөр болж, хаврын улиралд өвлийн төлөөсөө сонгон худалдаж байна. Одоогоор өвлийн төлийг амьдаар нь 1 кг бүрдээ 10.5-11 юаниар худалдан авч байгаа болохоор том биетэй ишиг хурга 500 юань орчим хүрч байгаа юм. Энэ нь өнгөрсөн намрын үнэтэй харьцуулбал нэлээд өндөр байгаа болохоор өвлийн төлөө хавар худалдахад бараг алдахгүй гэж бодон худалдсан гэж малчин Эрдэмт бидэнд өвлийн төлөө хавар борлуулсан тухайгаа ярилаа. Өнгөрсөн жил хонь хурганы үнэ ханш бага байсан тул малчин Эрдэмтийнх өвлийн төлөө намар зарахад дөнгөж 300 гаруй юань л хүрчээ. Тиймээс тэрээр энэ хавар өвлийн төл авдаг хүн ирэхээр өвлийн төлөө үзүүлэхэд нэг хурга нь дунджаар 480 гаруй юань хүрснээс өвлийн төлийн том биетэйгээс нь шилж 70 гаруйг худалдсан нь энэ байжээ. Өвлийн төл тосож хавар зарах болсон нь хонь маллах замаар яваа малчдад хаврын улиралд нэг хэмжээний төл малаа зарж орлого олох шинэ замыг нээж өгсөн байна.

Тус багийн малчин Цэцэнбаатар ч мөн Эрдэмттэй адил 4 дүгээр сард өвлийн 20 хургаа дунджаар 450 юаниар худалдсан байна. Өвлийн төлөө эрт зарцуулах нь хаврын цагт зохих орлого олж чадна. Мөн эх малын тарга хүчийг баталж, эрт хээл суухад ашигтай. Өвлийн хургаа хавар эрт зарцуулбал тэжээл бордооны зардлаа ч хэмнэж чадна хэмээн Цэцэнбаатар ярилаа. Малчин Цэцэнбаатарын бодож үзсэнээр тэднийх өвлийн хургаа эхтэй нь бордоход өдөрт бараг 1 кг бордоо ордог. Хэрвээ өвлийн хургаа хавар эрт борлуулбал нэг хурганаас хоёр сарын бордооны үнэ (130 юань орчим) хэмнэх юм.

Баянтал суурингийн Инт багийн малчин Сү Бао аль эрт гуравдугаар сарын сүүлээр нэг хэмжээний өвлийн төлөө дунджаар 460 юаниар худалдсан байна. Түүний бодлоор хаврын улиралд өвөл эртний том биетэй хургаа зарахад нэг хэмжээний зардлаа хэмнэх бөгөөд эх малын тарга хүчийг хадгалж чаддаг байна.

Энэ жил Хөвөөт шар хошуунд өвлийн төлөө хавар борлуулж байгаа малчин олон болсон нь тэд ойлголтоо өөрчлөн мал зарахдаа зөвхөн намрын улирлыг хүлээдэг байсныг өөрчлөн жилийн дөрвөн улиралд мал зарах ухамсартай болсныг харуулж байгаа бөгөөд малчид одоо мал аж ахуйгаа эрхлэхийн зэрэгцээ данс тооцоо бодож мал маллахыг эрхэмлэх болж байгааг харуулж байна.

Зохиогч: Хад
Найруулагч: Б.Сүлдээ
Эх сурвалж : Шилийнгол сайт
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл