Аймгийн зэрэглэлийн биет бус соёлын өвийг өвлөн уламжлагч Н.Танзан гуайн “Миний Үзэмчин амьдрал” гэх ном саяхан уншигчидтай золголоо. Сургууль соёлын мөр хөөгөөгүй ч өөрийн сонирхлоороо үсэг бичиг нүдэлж сурсан тэрээр одоо хоёр дахь номоороо уншигчидтай уулзаж байгаа нь энэ аж.
Баруун Үзэмчин хошууны Баянхуа суурингийн Тансаг багийн нутагтай далан таван насыг давж яваа Н.Танзан ном уншиж, тэмдэглэл хийх сайхан дадал зуршилтайн дээр зохиол бүтээл туурвих сонирхолтой. Олон удаа сум хошууны жишээч малчны яруу алдрыг тосож явсан Н.Танзан гуай 2008 онд “Улаан бурхантын уянгалал” гэх анхны номоо Өвөр Монголын Соёлын Хэвлэлийн Хороогоор хэвлүүлсэн байдаг. Мөн “Үзэмчиний хуучин хурим”, “Цахар гэсэн нэрийн тухай” зэрэг өгүүлэл бичиж орон нутгийн сонин сэтгүүлээр нийтлүүлж байсан болохоор аймгийн зэрэглэлийн биет бус соёлын өвийн төсөл, Үзэмчин хуримын төлөөлөгч, уламжлагч гэх алдар цолыг хүртэж байв.
Баруун Үзэмчин хошууны ерөөл магтаалын нийгэмлэгийн гишүүний үүрэг тушаалтай Н.Танзан гуай уламжлалт ерөөл магтаалын тухай сайн мэддэг, сайхан уянгалдаг авьяастай билээ. Үргэлж ураг хуримын ёслолд нэр хүндтэй хүнээр залагдаж хуучны хуримын хэл мөр, ерөөл зөгнөлийг хүн арддаа таниулан хурим найрын ёс заншлыг уламжлан дэлгэрүүлж явдаг.
Өөрийн ухаан бодол хичээл зүтгэлээрээ ихийг бүтээж чадаагүй ч зорьж хүссэн зүйлдээ сэтгэл шуудан, бага ч гэсэн туршлагатай явах нь хэн хүний хувьд хамгийн утга учиртай. Н.Танзан гуайн “Улаан бурхантын уянгалал” гэх номд өөрийн бичсэн яруу найргаас гадна бас ардын аман үлгэр зэрэг язгуур соёлыг ч таниулсан байдаг. Хоёрдугаар түүвэр “Миний Үзэмчин амьдрал” гэх ном нь дотоод материалаар хэвлэгдэж, Үзэмчиний эрт язгуураас уламжилж ирсэн нүүдэл мал аж ахуйн соёл ба зан заншлын агуулгыг тэмдэглэжээ. Арьс шир боловсруулах тухай буюу Үзэмчиний өмсгөл заслын өвөрмөц онцлог зэргийг нарийн бодитой тайлбарлан өгүүлжээ. Мөн хуучны ураг хуримын ёс горим, морон эдлэл хэрэгсэл, нутаг усны хууч яриа зэргийг тэмдэглэн бичиж, нутаг усныхаа нэрт хүмүүс, тэдний ажилч, амьдрал, олон жилийн туршлага сургамжийг үнэн мөнөөр нь тоочин тусгав. Тухайлбал “Үнэн бодитой үлгэр түүхийн үзүүр захаас” гэх булан дахь “Даши ламын хоосрол”, “Аяны тэмдэглэл”, “Тогоон Төмөр хааны үр хойч Хятад орныг ноёрхсон”, “Нохой шанж” зэрэг бүтээлүүд нь түүхэн хүмүүсийн үнэн бодит байдлыг өгүүлсэн байна. Үүнээс гадна ерөөл магтаал, хошин шүлгүүдийг оруулсан нь маш сонирхолтой болсон бөгөөд нутаг усныхаа алдартай уяачид, хурдан хүлгүүдийн тухай нарийн бодитой тэмдэглэсэн нь орон нутгийн түүхийн чухал материал болж үлдэх нь лавтай.
Сурвалжилгын эцэст буянтай буурал: - Тус номдоо би орон нутгийн зан заншлын тухай бичиж үр хойчдоо материал болгон үлдээх санаатай хэвлүүлсэн юм. Монголчууд зөн бэлгийг их дээдэлдэг. би өөрөө ч ерөөл магтаалд дуртай болохоор ерөөл магтаал сургаалийн бүтээлийг аль болох орууллаа. Биднийг бага байхад ахмад настнууд арван гурав орох хүүхдэд нэг зүсэм сур өгөөд хар үхрийн сур юм, хазаарын сур хийгээрэй, эр үхрийн сур юм, эмээлийн ганзага хийгээрэй, сур адил бөх яв, судар адил мэргэн яв гэж ерөөдөг байсан юм. Би энэ номоороо үр хойчдоо бэлэг болгож номтой соёлтой мэргэн явахыг зөгнөж байна хэмээн учиртай ярьж байлаа.
