solongonews
Үндэсний шилдэг брэнд “Kitchen all”-ын үйлдвэрт эзэгтэй нар зочиллоо
2015-12-28 18:21
Үндэсний тавилга үйлдвэрлэгч “Долоон болдог” компанийг хэрэглэгч бид “Kitchen all” брэндээр нь хэдийнэ таних билээ. 10 гаруй жилийн түүхтэй энэ компани Монгол Улсдаа анх удаа тавилгын бүрэн автомат үйлдвэрийг ашиглалтад оруулж, европ стандартаар монгол залуучуудын ур шингэсэн тавилгыг хэрэглэгчдэд хүргэж байна.

“Монголжингоо.мн” сайт, “Долоон болдог” компани хамтран энэхүү үйлдвэртэй танилцаж, мөн амтат бялуу хийх сургалтыг хамруулсан “Миний мөрөөдлийн гал тогоо хэрхэн бүтдэг вэ” өдөрлөгийг өнгөрсөн бямба гаригт зохион байгууллаа. Залуу хосууд, эзэгтэй нар, охид, бүсгүйчүүд өргөнөөр хамрагдсан манай өдөрлөг өргөн цар хүрээтэй, олон хүнд хүртээмжтэй болж өнгөрлөө. Өдөрлөгт оролцсон хүн бүрт “Kitchen all” брэндийн хормогч, бээлий болон 50000 төгрөгийн ваучер бэлэглэсэн бол супер азтанууд ус буцалгагч, будаа агшаагч, пракетан шал угаагчийн эзэн болсон юм. Мөн нийт бүсгүйчүүдэд маань амтат бялуу хийх амтат аргыг хувиараа бялуу хийж худалдаалдаг Э.Хулан зааж танилцуулсан нь энэ өдөрлөгийн томоохон гэнэтийн бэлэг байлаа.

“Долоон болдог” компани эх орондоо дэлхийн хэмжээний үйлдвэрийг ашиглалтад оруулж, цаашид ч олон томоохон төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлэхээр зэхэж буйг манай өдөрлөгийн оролцогчид харсан юм. Ингэхдээ тус компани ирэх 8, 9-р сараас мод, модон хуулга, будган тавилганы үйлдвэрийг шинээр ашиглалтад оруулахаар зэхэж буй талаараа дуулгасан. Эдгээр нь цөм Европын орнуудын хэрэглээ болоод байгаа билээ. Зөвхөн будган тавилганы хувьд тус компанийн Уран сайхны захирал 32 өнгөний сонголтыг гаргаж ирээд байгаа юм байна. Тэгэхээр тун удахгүй хэрэглэгч бидний гарт өнгө, хийцийн хязгааргүй шийдэл бүхий дэлхийн стандартад нийцсэн тавилгууд шинээр ирэх нь.

“Kitchen all” брэнд нь нийслэл хотноо “Мишээл” экспо, “Гермес” төв болон “Рамада” зочид буудлын баруун талд гэсэн 3 байршилд show room ажиллуулж байна. Тус компани хавтангийн үйлдвэрлэл, чанар стандартаараа дэлхийд тэргүүлэгч “Кроношпан” компаниас түүхий эдээ худалдан авдаг юм байна.  

Дотоодын үйлдвэрлэгчээсээ тавилга худалдан авахын хамгийн том давуу тал юу гээч. Энэ бол баталгаат хугацааны дотор ямар нэгэн эвдрэл гарлаа гэхэд эргээд хандахад найдвартай засч өгдөгт байгаа юм. Үндэсний тавилгын энэ үйлдвэрийн үйл ажиллагаа жигдрээд ирэхэд баталгаат хугацаагаа Монголд анх удаа буюу 1-2 жил болгон уртасгах бодолтой байгаагаа “Долоон болдог” компанийн Маркетингийн албаны дарга А.Мөнхбаяр ярьж байлаа.

Гал тогооны тавилгаа хэрхэн сонгох вэ?

Залуу гэр бүлүүд ихэвчлэн хамгийн хямд, төсөр аргаар тавилгаа сонгохыг зорьдог нь нууц биш. Гэтэл энэ сонголтын цаана “Нэг удаа мөнгө төлөөд хамгийн чанартайг нь сонгох уу”, “Хоёр бүр гурван удаа мөнгө төлөөр чанаргүйг нь авах уу” гэсэн асуулт үлдэж байгаа юм. Тэгээд ч гал тогооны тавилга гэдэг маань өөрөө бидний эрүүл ахуйд хамгийн ойр байдаг зүйл гэдгийг бид өөрсдөө ч анзаардаггүй. Зөвхөн гал тогооны тавилгын хавтанг хийхэд л гэхэд цавуу ордог гэдгийг бид тооцох ёстой. Энэхүү цавуун дотор нь Формалдегид хэмээх химийн бодис агуулагддаг ажээ. Энэ бодис нь тогтоогдсон хэмжээнээс хэтрүүлж хэрэглэвэл Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас тодорхойлсноор хорт хавдар үүсгэгч №2 бодис болох нь. Харин бидний нийтлэг сонголт болоод байгаа хямд үнэтэй тавилгуудад энэхүү бодисын агууламж тогтоогдсоноос хамаагүй өндөр байх эрсдэл их байсаар байна.

Учир нь бид хэтэвчээ бодоод хямдхан тавилга авчихдаг нь нууц биш. Гэтэл тэнд эрүүл ахуйн шаардлага хангаагүй хавтан байдаг гэдгийг бид мэддэггүй аж. Тэгэхээр Формалдегид хэмээх бодисын хэмжээ хэтэрсэн эсэхийг хэрхэн мэдэх вэ гэсэн асуулт тулгарч байна. Үүнд “Долоон болдог” компанийн Маркетингийн албаны дарга А.Мөнхбаяр “Нэгдүгээрт, энэ бодис үнэртдэг. Тавилганыхаа хаалгыг хааж байгаад нээхэд эхүүн юм шиг үнэр үнэртэнэ. Удаан үнэртвэл нүд аргах янзтай болдог. Тийм шинж байвал тэр тавилгад өнөөх Формалдегид хэмээх бодис ихээр ялгарч байна гэсэн үг” гэж тайлбарласан юм. Өрх гэрийнхээ эрүүл энх амьдралыг гал тогооны амтат хоолноосоо эхлүүлдэг эзэгтэй нар энэ тухай сонсоод сонголтоо зөв хийхийн учир холбогдлыг дор бүрнээ тунгааж байсан юм. Нэгэнт Формалдегид их байгаа бол цонхоо маш сайн онгойлгож гэртээ агааржуулалтаа сайн хийхийг А.Мөнхбаяр мөн зөвлөсөн юм. Тэгэхээр өнөөдөр бидний худалдан авалт бүрт санхүүгийн бэрхшээл байгаа юм шиг харагдавч цаана нь бидний эрүүл мэндтэй холбоотой асар том зүйл яригдаж байгааг мартаж болохгүй нь. Ер нь гэр ахуйн хэрэгцээнд ашиглах боломжтой хавтан нь Е0, Е1 гэсэн ангилалд хамаардаг байна.

“Хамгийн үнэтэй зүйл хамгийн хямдхан байдаг”   

Германчуудын дунд энэ үг их хэлэгддэг. Учир нь юу гэхээр үнэ дагаж чанар өндөрсдөг учраас нэг л удаа чанартай бүтээгдэхүүн авчихад дахиад худалдан авалт хийх шаардлагагүй болдог аж. Тиймээс ч “Герман чанар” гэдэг үг дэлхийн брэндүүдийн нүүр царайг тодорхойлж байна. Тэгвэл манай өдөрлөгт оролцогчдын дунд ч гэсэн “Тавилгынхаа үнийг бууруулаач”, “Арай л үнэтэй байна” гэсэн яриа, бяцхан шүүмжлэл гарч байсныг энд дурдах хэрэгтэй байх. Үнэн хэрэгтээ бид захаас хамгийн хямдыг нь харж худалдан авсан бараа, бүтээгдэхүүн хэдхэн сарын настай байдгийг захын хүн хэлнэ. Харин үнэ цохиж, мөнгөө цуглуулж байгаад авсан зүйл цаанаа л эдэлгээтэй, урт настай, нэг л авчихсан байхад дахиад худалдан авах шаардлагагүйгээр үе дамжин өвлөгддөг нь үнэн билээ. Иймд Германд “Хамгийн үнэтэй зүйл хамгийн хямд байдаг” гэсэн зүйр үг хүртэл бий. Өөрөөр хэлбэл, нэг л удаа худалдан авалт хийнэ. Эвдэрч, дараа дахин авна гэсэн ойлголт энд байхгүй. Тиймээс ч дэлхийн хэмжээний үйлдвэрлэл болох Монголын үндэсний “Kitchen all” брэндийн тавилга үеэс үед дамжих чанарын шилмэл хийцийг агуулсан нь хэний ч нүдэнд ил байдаг аж.

Өдөрлөгийн үеэр зарим хүний сэтгэгдлийг сонссоноо энд хуваалцъя.

“Долоон болдог” компанийн Борлуулалтын албаны дарга А.Батхишиг:”Kitchen all” бол монгол залуучуудын гардан босгож буй брэнд

-Өнөөдөр манай харилцагчид үйлдвэртэй ирж танилцаж байгаад маш их баяртай байна. Бид үйлчлүүлэгч, харилцагчиддаа дэлхийн жишигт нийцсэн томоохон бүтээн байгуулалтаа танилцуулж байгаа нь бидний хувьд нэр төрийн хэрэг болж байна. Тавилгын стандарт, чанар гэж чухам юу болохыг хүмүүс ирээд хараад, гараар барьж, нүдээр үзэж байгаад мөн маш их баяртай байна. Гэр орныхоо тавилгыг яаж илүү өнгөлөг сайхан байлгах вэ, яаж сонголтоо зөв хийх вэ гээд биднийг зориод ирсэн залуус, хосууд, нийт оролцогчдодоо талархлаа илэрхийлье. Та бүхэндээ хамгийн сайн сайхан, эрүүл энх, аз жаргалыг хүсэн ерөөе.

-Ирсэн зочид маань анх үйлдвэртэй танилцахын өмнө “Ороход алх, сүх барьсан хүмүүс сууж байх болов уу гэж хүлээж байтал бүх зүйл нь компьютержчихсэн юм байна шүү дээ” гээд уулга алдаж байна. Бас гадаадын брэнд гэж бодтол үндэсний компани байсан юм байна гээд их бахархаж байна?

-“Kitchen all”-ыг хүмүүс Европын брэнд юм уу гэж их асуудаг л даа. Гэхдээ энэ бол 100 хувь монголчуудын босгосон, монгол залуучуудын маань гардаж босгож байгаа брэнд. Манай нэр 10 жилийн өмнөөс зах зээл дээр танигдсан. Саяхныг хүртэл бид бусад тавилга үйлдвэрлэгчидтэйгээ л адилхнаар алх, сүх бариад үйлдвэрлэлээ үргэлжлүүлдэг байсан. Одоогоос манай үйлдвэрийн төсөл амжилттай хэрэгжиж, үйлдвэрийг оруулж ирснээр Монголд анх удаа жишиг, стандарт үйлдвэрлэлийг бий болгосон юм. Манай залуучууд компьютерт оруулсан алдаагүй өгөгдлийн дагуу маш цэвэрхэн зөөх л үүрэг гүйцэтгэж байна. Бусад ажлыг нь компьютер гүйцэтгэж байна.

-Тэгэхээр танай компани Монголдоо анх удаа Европ стандартыг нэвтрүүлсэн бүрэн автомат үйлдвэр байх нь ээ?

-Тийм ээ. Монголд бид анхдагч байхыг маш их зорьж байна. Өмнөх загварууд, дэлгүүрүүдээрээ ч бид Монголдоо анхдагч байж чадсан. Мөн Европ стандартын хавтангаар эх орондоо үйлдвэрлэл явуулж байгаагаараа бид бас анхдагчид. Жишээ нь, манай тавилгын мод нь Итали, Америкаас орж ирж байна. Модон хуулга нь Германаас орж ирж байна. Их биеийн хавтангуудыг дэлхийн хавтангийн №1 үйлдвэрлэгч “Кроношпан”-аас оруулж ирж байна. Европ тоног төхөөрөмж дээр европ түүхий эд, материалаар европ мэргэжилтний ур ухаан шингэсэн бүтээгдэхүүн урлаж монголчууд санал болгож байна.

Д.Цэнд:Үнэхээр сэтгэл өндөр байна

-Анх удаа Монголынхоо ийм сайхан үйлдвэртэй танилцлаа. Үнэхээр сайхан үйлдвэр байна, олон ч шат дамжлагатай юм байна. Монголчууддаа энэ сайхан үйлдвэрээс гарсан бараа, бүтээгдэхүүнийг худалдан авч, дэмжээрэй гэж уриалмаар байна.

-Та анх “Kitchen all”-ын үйлдвэрээр зочлохдоо ямар сэтгэгдэлтэй байсан бэ?

-Анх энэ өдөрлөгийн талаар интернэтээс уншаад зорьж ирсэн юм. Би Баянхонгорын хүн. Хотод байх үедээ ийм сайхан өдөрлөгт хамрагдсандаа их баяртай байна.

-Тавилгын энэ үйлдвэрт зочлохоос өмнөх сэтгэгдэл тань ямар байсан бэ?

-Яг үнэндээ ийм том тоног төхөөрөмжүүд байдаг гэж огт төсөөлөөгүй. Ажиллаж байгаа хүмүүсийнх нь орчин нөхцөл нь ч сайхан, тохитой юм байна.

Н.Бүтэнсайн: Бүх ажиллагаа нь компьютержсэнийг хараад үнэхээр бахархлаа

-Би “Kitchen all”-ыг гадаадын үйлдвэр гэж боддог байсан. Гэтэл Монголын үндэсний үйлдвэр юм байна. Анх үйлдвэртэй танилцахаасаа өмнө алх, сүх барьсан хүмүүс л сууж байх болов уу гэж төсөөлж байтал огт ондоо байлаа. Бүх ажиллагаа нь компьютержсэнийг хараад үнэхээр бахархлаа. Мөн Канадын тавилгыг Монголдоо иж бүрнээр нь үйлдвэрлэх гэж байгаа юм байна.

-Тэгэхээр яг үйлдвэрийн босго даваад ороод ирэхэд ямар санагдсан бэ?

-Хэлэх үг үнэхээр олдоогүй. Үнэхээр мундаг сайхан ажиллаж байгаа монголчуудыгаа хараад сэтгэл огшлоо. Бид Монголын үйлдвэрээ дэмжих ёстой. “Kitchen all”-ынхон тоног төхөөрөмжөө өргөжүүлж байгаа бас бүтээгдэхүүний үнэд тэр нь өөрчлөлт оруулахгүй гэдгийг дууллаа. Тэгэхээр энэ үйлдвэр маань нэлээд хөл дээрээ босчихсон том үйлдвэр болсныг эндээс харж байна.

Найруулагч: Энхтуяа
Эх сурвалж : Mongoljingoo.mn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл