solongonews
Д.Пүрэвсүрэн:Хоёр биеийнхээ итгэлийг эвдэхгүй явбал хардалт үүсэхгүй
2015-12-28 18:21
"Хайртай бол хартай" гэдэг. Энэ үнэн болов уу. Гэр бүлийн итгэлцэл ба хардалт хэмээх маш өргөн хүрээтэй энэ сэдвээр Хэрэглээний сэтгэл судлалын хүрээлэнгийн сэтгэл судлаач Д.Пүрэвсүрэнтэй ярилцлаа.
Хардалт зөв зүгээр байж байгаад үүсчихсэн үү гэвэл, үгүй
 
Эмэгтэй хүмүүс тэр нууцлаад байгаа зүйлийг нь илүү ихээр мэдэрдэг. Эр хүн зүгээр л гэртээ урьдынх шигээ орж ирсэн ч гэсэн эмэгтэй хүн “Ямар нэгэн зүйл буруу байна даа” гэж мэдрээд байдаг. 
-Гэр бүлийн итгэлцэл сэдвээр энэ удаад тантай ярилцмаар байна. Энэ талаар та эхлээд мэдээлэл өгөхгүй юу?
 
-Энэ бол маш сонирхолтой сэдвийн нэг л дээ. Бид гэрлэхээрээ нэг нэгнээ өмчилчихдөг. Энэ хүн одооноос минийх л болчихлоо гэж боддог. Гэвч үнэндээ тэр хүн таны өмч биш, тэр хүн тусдаа нэг оршихуй, өөрийн гэсэн мэдрэмжтэй нэгэн өөр ертөнц. Гэвч үүнийг хүлээн зөвшөөрөөгүйгээс үүдэн хардалт бий болж эхэлдэг. Жишээ нь, өөрөөс нь өөр эсрэг хүйсний хүнтэй эхнэр, эсвэл нөхрөө харилцан ярьлаа гээд хардаад эхэлдэг. Гэтэл амьдрал өөрөө хүмүүс хоорондын харилцаагаар үргэлжилж байдаг шүү дээ. Тиймээс л гэр бүлийн итгэлцэл гэдэг маань та хайртай хүнээ өмчлөх биш харин байгаагаар нь хайрласны үндсэн дээр бий болдог. “Хайртай бол хартай” гэж хүмүүс ярьдаг. Тийм биш шүү. Та өөрөө хайр гэдгийг бүрэн мэдрээгүй учраас өөр мэдрэмжээр орлуулж илэрхийлээд байна гэсэн үг. Тэр нь өнөөх л өмчлөх гэдэг сэтгэхүй. Ийм сэтгэхүйгээр хандвал яалт ч үгүй хардана. 
 
 
-Миний ойрын мэдэх хүмүүсийн дунд бие биенээ хардсаар байгаад хоёр талд амьдарч байгаа хос бий. Эцэст нь хүүхэд нь нэг талынх нь аав ээжийнд амьдарч байна. Ийм нөхцөлд, нэгэнт хардаад эхэлчихсэн бол бид юу хийж чадах вэ?
 
-Хардалт өөртөө маш олон зүйлийг агуулж байдаг ойлголт. Хардалт зөв зүгээр байж байгаад үүсчихсэн үү гэвэл, үгүй. Миний өмнө хэлсэн өмчлөх сэтгэхүйтэй холбоотой байж болно, эсвэл үнэхээр ямар нэг хардах үндэслэлтэй зүйлийг харсан бол, итгэлийг  сэвтээчихсэн бол хардалт даамжраад байх магадлал өндөр. Хоёр биенийхээ сэтгэлд сэв хийлгүй, итгэлийг нь эвдэлгүйгээр сайхан амьдарвал заавал  хардалтыг үүсгэх шаардлага байхгүй. Гэвч бид өөрсдөө нэгнийхээ сэтгэлд сэв хийхээр үйлдэл гаргачихдаг. Тэр үйлдлээ нуучихлаа гэж ихэнх нь боддог. Гэхдээ эмэгтэй хүмүүс тэр нууцлаад байгаа зүйлийг нь илүү ихээр мэдэрдэг. Эр хүн зүгээр л гэртээ урьдынх шигээ орж ирсэн ч гэсэн эмэгтэй хүн “Ямар нэгэн зүйл буруу байна даа” гэж мэдрээд байдаг. Үүнийг дэлхий дахинд ч бас их гайхдаг. Хүний биеийн хөдөлгөөн болоод бусад үйлдлүүдийг эмэгтэй хүн маш хурдан мэдэрч унших чадвартай байдаг. Тийм учраас эмэгтэйчүүд эрчүүдийн нуух гэж оролдсон зүйлийг түвэггүй олоод харчихдаг юм болов уу. Үүнээс болж хардалт үүсэх бас магадлалтай. Тиймээс хосууд бие биенийхээ итгэлийг алдах ямар нэг зүйл гаргахгүй байгаасай, хүний сэтгэлд нэгэнт сэв суучихвал буцааж итгэлийг нь олж авахад их хэцүү байдаг.
 
-Эсвэл бүр ямар ч шалтгаангүйгээр хардаад байх тохиолдол гэж бий юу?
 
-Шалтгаангүйгээр хардана гэдэг маань өмнө хэлсэнчлэн өнөөх өмчлөх сэтгэхүйтэй холбоотой. Тийм хүн өөртөө хамаатай бүх зүйлийг өмчилж байна гэсэн үг. Өмчлөх сэтгэхүйтэй хүнээс сөрөг энерги их ялгарна. Өөрийнх нь эзэмшлийн зүйлд хүмүүс халдаж болохгүй гэдэг үүднээс өөртөө хамаатай юм болгонд хамгаалалт үүсгэдэг. Таны амьдралд өмчлөх сэтгэлгээ нэгэнт үүсчихсэн бол цаанаа л нэг ааштай, сөрөг мэдрэмж танаас өөрөөс тань илэрхийлэгдэн гарах магадлалтай. Шалтгаангүйгээр хардаад байгаа үед эмэгтэй хүнд илүү их хэцүү байдаг. Тайлбарлая гээд ч үг нь нөхөрт нь үнэ цэнэгүй болон хүрэх магадлалтай. Нэгэнт шалтгаангүйгээр хардаад эхэлчихсэн хүмүүс бодлоороо тухайн хүнийг болон үйл явдлыг өөрийнхөөрөө дүгнэчихсэн байдаг. Нөгөө хүний өнцгөөс амьдралыг нэг ч гэсэн удаа олж харъя гэж огт хичээдэггүй. “Миний хэлсэн, бодсон л зөв” гэдэгтээ итгэчихээд байдаг. Үүнээс болоод өөрийгөө ч өрөөлийг ч шаналгана. 
 
-Миний мэдэх нэг хүний амьдралд яг ийм зүйл тохиолдсон юм л даа. Нөхөр нь шалтгаангүйгээр харддаг. Улмаар тэр эмэгтэй найз нөхөд ч үгүй боллоо. Олон жил ийм байдал үргэлжилсэн. Салъя гэхээр салдаггүй...
 
-Хардалт гэдэг нь сүүлдээ сэтгэцийн эмгэг болж хувирдаг шинж л дээ. Хөнгөн чанарын хардалт мэдээж байж болно. Хүн л юм чинь, амьдрал л юм чинь... Гэвч энэ нь даамжраад нэгнээ шархлуулах, зовоох хэмжээнд хүрчихсэн бол энэ нь сэтгэцийн эмгэг мөн. Ийм хүн магадгүй өөрөө өөрийгөө удирдах ч чадваргүй болсон байх магадлалтай. Дотроо өөрийгөө буруу зүйл хийгээд байгаагаа мэдрээд байгаа хэрнээ түүнийгээ ямар ч удирдлагагүйгээр илэрхийлчхэж байна гэсэн үг. Ийм хүмүүсийг өөрөөр нь мэдрүүлэх хэрэгтэй. Өөрийг нь ижилхэн хардаад эхэлбэл ямар байдал үүсэх нь вэ гэдгийг харах хэрэгтэй. Өөрийнх нь гаргаж байгаа үйлдлийг тэр хүнд өөрт нь мэдрүүл. Ингэхэд тухайн хүн бусдад ямар хэцүү байсныг ойлгож болно. Зарим хүн үүнийг ойлгох ч чадваргүй байх магадлалтай. Тэгэхээр энэ нь тухайн хүний ухамсрын төвшин хэр байна гэдгээс шалтгаалах зүйл болоод байгаа юм. Эсвэл гуравдагч талаас  хэлэхэд асуудлыг ойлгох хүмүүс байна. 
 
Хардалтыг багасгаж болно, зарим хүн ухамсарлавал бүр алга болгож болно
 
Яг анзаарвал, эмэгтэй хүн эр хүнийг дахин дахин уучилдаг. Гэвч эргүүлээд харвал, эрчүүдийн хувьд эхнэр нь яг тэр алдааг гаргавал хэчнээн хувь нь уучилж чадах вэ.
-Өөрт нь тэр хардалтын уршгийг ойлгуулах гэж хичээлээ гэхэд тухайн хүн нь мэдрэхгүй бол дараагийн арга зам нь юу байж болох вэ. Магадгүй салалт уу. 
 
-Өөрт нь мэдрүүлээд байхад ойлгохгүй бол хэсэг хугацаанд хол байгаад үз гэж зөвлөнө. Тэрнээс биш шууд сал гэж бид зөвлөдөггүй. Угаасаа бидэнд тэгж зөвлөх ч эрх нь байхгүй. Аль болох л гэр бүлийг бүрэн бүтнээр нь байлгахсан, үл ойлголцлынх нь зангилааг тайлаад өгөх юмсан, хаанаа асуудал үүссэн юм бол, сэтгэлд нь суусан сэвийг хэрхэн анагаах вэ гэдгээс л бид асуудлыг хардаг. 
Хэсэг хугацаанд тэр хүнээс хол байгаад үз гэдэг маань тангүй байх тэр хугацаа ямар байх вэ гэдгийг тухайн хүн мэдрэх хэрэгтэй. Хэсэг хугацаанд хол бай гэдэг маань хамгийн дээд тал 7-14 хоногийг хэлж байна. Зарим хос 2-3 сараар бие биенээсээ хол байхаар хардалт илүү их болчихсон байдаг. 
 
 
-Хэн нэг нь хол газар ажилладаг байх тохиолдолд гэсэн үг үү?
 
-Тийм. Энэ тохиолдолд тухайн хүн цаанаасаа хардалттай болчихсон байдаг. Энэ бол өөртөө итгэхгүй байгаагийн нэг илрэл л дээ. Тэр хүн өөрийнхөө давуу талуудыг харж, өөртөө болон өөрийнхөө ханьд, өөрийн амьдралдаа итгэвэлийм байдал үүсэхгүй. 
 
-Нэгэнт өөртөө итгэж чадахгүй, хардалт дотроос нь гарч ирээд байвал тухайн хүн өөртэйгөө хэрхэн ажиллах вэ?
 
-Өөрийнхөө сайн талуудыг олж харах гээд үз. Олж харж чадахгүй бол ханиасаа асуу. “Чи надад яагаад дурлаж, хайртай болсон юм бэ” гээд асуу. Бас “Миний ямар зан чанар чамд таалагддаг юм бэ” гээд асуугаад үзэж болно шүү дээ. Хариултаа сонсоод та өөртөө итгэлтэй болж болох юм. Дараа нь та дотны хэн нэгэндээ энэ асуултыг мөн ижил тавьж болно. Тэр хариултанд та өөрөө дүгнэлт хийж үзээд үнэхээр бодит амьдрал дээр та ийм хүн мөн үү гэж өөрөөсөө асуух хэрэгтэй. Ингэж дүгнэж үзсэний дараа та бусдаас дорой, өөртөө итгэлгүй хүн биш юм байна гэдгээ олж харж болно. Ингэснээр нэгдүгээрт, та өөртөө итгэнэ, хоёрдугаарт ханийнхаа сайн талыг ч олж харж эхлэх магадлалтай. 
 
-Ингэвэл шалтгаангүй хардалтыг тухайн хүн өөртөө бүр мөсөн арилгаж чадах болов уу?
 
-Амьдрал өөрөө баян. Хүн бүр өөр өөрөөр сэтгэнэ. Хардалтыг багасгаж болно, зарим хүн ухамсарлавал бүр алга болгож болно. Эсвэл зарим нь үүнийг ойшоохгүйгээр бүр эмгэг шинжид нь ч хүргэсэн байж болно. Хүн бүр үүнийг өөр өөрөөр ойлгох болохоор шууд “Тэгнэ” гэж хэлэх эрх бидэнд байхгүй. 
 
-Тэгвэл хардалтаас болж амьдралд нь сэв суучихсан бол яах вэ. Магадгүй анх гэрлэж байсан үе шигээ эргэж нийлж чадах болов уу?
 
-Энэ бол тухайн хосын хоёулангийнх нь ухамсраас шалтгаалах зүйл. Яг анзаарвал, эмэгтэй хүн эр хүнийг дахин дахин уучилдаг. Гэвч эргүүлээд харвал, эрчүүдийн хувьд эхнэр нь яг тэр алдааг гаргавал хэчнээн хувь нь уучилж чадах вэ. Эрчүүдийн үүднээс өөр, эмэгтэй хүний үүднээс энэ асуудал бас нэг өөр. Эрчүүдийн хувьд хандах хандлага нь маш өвөрмөц байдаг. Гэхдээ нэгэнт сэв суучихсан амьдралыг эргүүлээд хөл дээр нь тогтооё гэвэл хос хоёр хүний уужим сэтгэлээс л их зүйл хамаарна. Амьдралдаа алдаа гаргачихлаа, үүнийгээ засаад цаашаа сайхан амьдаръя гэж шийдэж чадах эсэх нь тэднээс өөрсдөөс нь хамаарна. Та хоёрын бие биенээ хайрлаж байсан хайр хэрэв галтай зүйрлэвэл ядаж улайссан жижигхэн цог шиг байж чадаж байна уу гэдгээ өөрсдөөсөө асуугаад үз. Цог байвал та хоёр гал болгон асааж бадамлуулж болно шүү дээ. Харин нэгэнт унтарсан үнс нурам болоод цоггүй болчихсон бол та хэчнээн түлээ хийгээд ч гал болж асахгүй байх. 
 
-Бас нэг зүйл байна л даа. Бид гэр бүлдээ гарсан асуудлыг найз нөхөд, хамаатан садандаа хэлж, тэдний зөвлөгөөгөөр амьдралдаа шийдвэр гаргах гээд байх хандлага их ажиглагддаг. Энэ хэр үр дүнтэй арга вэ?
 
-Та хэн нэгэнтэй уулзаад тэр хүний үгээр асуудалд хандаж байна гэдэг маань бид өөрсдөө төлөвшсөн хүмүүс мөн үү гэдгээ өөрөөсөө асуух цаг болсны илрэл. Бид хүний зөвлөгөөнөөс авахыг нь аваад хаяхыг нь хаяад асуудлыг шийдвэрлэж болно. Ямар нэг асуудал гарахад заавал ч үгүй бусдын тусламж авдаг хүмүүс бол бие даах чадвар сул байх магадлалтай. Ийм байвал хүссэн хүн бүр таны амьдралыг гарынхаа үзүүрээр хөдөлгөнө гээд бод доо. Энэ таны амьдрал юм уу, эсвэл бусдын амьдрал юм уу. Энэ зүйлийг та эхлээд өөрөө бодох хэрэгтэй. Та бусдын үгээр явдаг, бусдын үгээр амьдардаг бол таны ухамсрын төвшин төлөвшөөгүй байна гэсэн үг. Энэ нь та бие даах чадвар сул байгаагийн илрэл. Таны амьдралд тохиох мөч бүрээс та өөрийн мэдрэмжээ бий болгоно. Үүнийг танаас өөр хэн ч мэдрэхгүй. Танд зааж өгөөд байгаа тэр хүмүүсийн хэн нь ч мэдрэхгүй. Тэр хүмүүс тан шиг шаналж байна уу гэвэл, яг үнэндээ үгүй. Тэр хүн таны шаналж байгааг хараад өөрийнхөө өнцгөөс харж шаналах, өөрийн мэдрэмжид тулгуурлаж танд зөвлөгөө өгнө. Тиймээс та энэ амьдралаа авч явахын тулд өөрөө өөрийнхөө мэдрэмжийг сайн мэдэрч сур. Өөрөө өөрийнхөө толгойгоор асуудлыг шийдэх, олон өнцгөөс харж сурах гэж оролдох хэрэгтэй. 
 
 
Та тэр хүнийг мөрдлөө гээд үр дүн нь ямар байхыг бодоод үз
 
 Бие биенээсээ холдсон бол би өөрөө яаж уг асуудлыг шийдвэрлэж болох вэ гээд бодож үзэж болно. Гэтэл бид тэгдэггүй. Өөрөө ямар ч буруугүй, нөхөр яваад байна, эхнэр яваад байна л гэдэг.
-Өөрөө өөрийнхөө өмнө шийдвэртэй амьдар гэсэн дээр нэмж асуух зүйл байна. Хүмүүсийн дунд “Нүдээр үзэж, чихээр сонсоогүй л бол бүү хард” гэсэн яриа байдаг. Энэ үнэхээр бодит амьдралтай хэр нийцэх бол. 
 
-Танаас би бас эргүүлээд нэг зүйлийг асуумаар байна. Та үнэхээр тэр хүнийг тухайн үед олж харлаа гээд түүнээс салмаар байгаа юм уу? Тиймээс та түүнийг нь мэдсэн бол ил гаргах нэг өөр, дотогшоо нуух бас нэг өөр. Бас та үүнийг хэр зөвөөр шийдвэрлэх вэ гэдэг нь их чухал. Та тэр мэдрэмжээ ил гаргаж нөгөө хүнээ өөрөөсөө улам түлхэх үү. Эсвэл яагаад ийм юм болчихов, миний халамж дутав уу, би сайн өөрийгөө илэрхийлэхгүй байна уу, бид хоёр хэзээнээс холдож эхлэв, хэрэв бие биенээсээ холдсон бол би өөрөө яаж уг асуудлыг шийдвэрлэж болох вэ гээд бодож үзэж болно. Гэтэл бид тэгдэггүй. Өөрөө ямар ч буруугүй, нөхөр яваад байна, эхнэр яваад байна л гэдэг. 
 
-Бүр зарим нь нөхрөө мөрдөж, эсвэл фэйсбүүкт тэр хүнийх нь зургийг тавих хүртэл үйлдэл хийж байна?
 
-Мөрдлөө гэхэд эцсийн үр дүнг нь та ямар байлгах гэж байгаа юм бэ гэдэг нь сонин. Та тэр хүнээс сална гэж очиж байгаа юм уу, эсвэл түүнээс салахгүй байх арга хэмжээг авах гээд тэгж байгаа юм уу. Та түүнийг мөрдөөд амьдралдаа сэв суулгах гэж байгаа юм бол, энэ амьдралыг авч үлдмээр байгаа бол юу хийж чадах вэ гэдгээ бас бодох хэрэгтэй. Гэтэл бид хардахаараа тухайн үеийнхээ сөрөг мэдрэмжээр асуудалд хандчихдаг. 
 
-Тэгвэл хэн нэг нь над руу “Нөхөр чинь тэнд тэрэнтэй хоол идэж байна”, эсвэл “Эхнэр чинь тэнд тийм залуутай инээгээд зогсч байна лээ” гээд ярилаа гэхэд бид тэр үед хийх хамгийн мэргэн сонголт нь юу байх бол. Магадгүй яг одоо тийм зүйл сонсчихсон байгаа эмэгтэйд хандаж та юу хэлэх вэ?
 
-Та тухайн үед өөрийгөө ямар нэг үйлдэл хийхээсээ өмнө түр зогсоогоод үз. Бодол гэдэг зүйлийг бид хэзээ ч зогсоож чадахгүй л дээ, гэхдээ та тэнд очлоо гэхэд юу хийх вэ, юу мэдрэх вэ, одоо мэдэрч байгаа энэ зовлон шаналал минь юунаас үүдэлтэй вэ, энэ амьдралыг авч үлдэх тэмүүлэл надад байна уу гэдгээ хэсэгхэн хугацаанд л бодож үзэх хэрэгтэй. Тэр хоёр хүн тэнд хоол идэж байна, ажил ярьж байгаа юм уу, үнэхээр өөр харилцаа байж болох гэхчлэн өөр олон хувилбар, олон тохиолдлууд байхыг үгүйсгэхгүй. Тиймээс та яах ёстой вэ, та олон өнцгөөс харж асуудалд хандах гээд хичээгээрэй. Гэхдээ ихэнх тохиолдолд бид уурлаж бухимдах үедээ ганц өнцгөөс хараад сөрөг бодлоор өөрийгөө цэнэглэдэг түүнийгээ ургуулан бодож түүндээ итгээд бид цаашаа үйлдлээ хийдэг. Энэ бол таны асуудлыг шийдвэрлэх арга зам биш юм. Хэрэв та олон өнцгөөс харж шийдвэр гаргавал асуудалд арай тайвнаар хандах болов уу. 
 
-Таны яриаг сонсоод надад нэг дүгнэлт төрлөө л дөө. Юу гэхээр, үнэхээр ийм байдал үүсвэл гэртээ хүлээж байгаад эхнэр, эсвэл нөхрөө ирэхээр нь асуудлыг ний нуугүй эвээр ярилцах хэрэгтэй юм болов уу. Надад буруу байна уу гээд л яриагаа эхэлбэл зүгээр юм уу. 
 
-Миний хэлэх гээд байгаа санаа энэ л дээ. Асуудал үнэхээр үүсч байгаа бол та хоёр л хоёулхнаа ярилц. Энэ дунд илүү дутуу хэн нэгнийг бүү оролцуул. Энэ бол та хоёрын харилцаа болохоос биш өөр хэн нэгнийх биш. Тэгэхээр асуудал үүссэн бол та хоёр ярилцаад үзэх хэрэгтэй. Гол нь нэг нэгийгээ буруутгаж, шүүмжилж, сөргөөр дүгнэсэн байдлаар битгий ярилцаарай. Эс бөгөөс энэ ярилцлага чинь ямар ч шийдэлд хүрэхгүй. Асуудал шийдэх гэж байгаа юм чинь хоёул хоёулаа буулт хийсэн байдлаар “Магадгүй надад буруу байж болно. Магадгүй чамд ч буруу байж болно. Хаана энэ үл ойлголцол үүсчихэв” гэдгээ хоёулаа гаргаж ирэх хэрэгтэй. Эхлэл, шалтгаан нь хаана байна, юунд алдчихав гэдэг өнцгөөс ярилцах хэрэгтэй. Тэгэхгүйгээр буруушаасан байдлаар ярилцаад эхэлбэл хэн хэн нь өөрийгөө өмөөрнө. Өөрийгөө өмөөрөөд яриад байвал энэ ярилцлага хэрүүл, сүүлдээ эвлэрэх биш бүр эсрэг үр дүнг бий болгоно. Эцэстээ нэг нэгнээсээ салах дээрээ тулах хүртэл алхам хийх магадлалтай. Тиймээс л өөрийгөө өмөөрөхгүй, нөгөө хүнээ шүүмжлэхгүй, бодит байдал юу байна гэдгээс нь хараад ярих хэрэгтэй. Гэвч яг ингэж ярилцдаг хүмүүс их ховор байдаг. Хамгийн гол нь таны амьдралыг хэн цогцлоож байгааг сана, тэр хүн нь та өөрөө шүү дээ. Энэ амьдрал таных болохоос биш бусдынх биш. Тиймээс та өөрөө амьдралаа тайван сайхан цогцлоохын тулд өөрийгөө болон гэр бүлийн хүнээ харилцааны тал дээр хөгжүүлэх хэрэгтэй. 
 
-Кинонд гэр бүлийн хоёр хүн хоёулаа хамтдаа сэтгэл зүйчид хандан зөвлөгөө авч байгааг харсан л даа. Тухайн үедээ яасан сүртэй юм гэсэн өнцгөөс л харж байлаа. Гэвч одоо бодоход гэр бүлийн хоёр үнэхээр шийдэж чадахгүй байгаа асуудлаа нүүр нүүрээ харж байгаад сэтгэл зүйчтэй ярилцах ёстой юм шиг санагдаад байна?
 
-Нэгэнт та хоёрын асуудал болохоор та хоёр хоёулаа ирэх нь зөв. Ганцхан танаас болж  асуудал үүсээд байгаа биш. Ганцхан та ч шаналаад байгаа биш. Асуудлын үндсийг нь мэдэхгүй байж би ганц танд зөвлөгөө өгснөөрөө асуудлыг шийдэж чадахгүй. Хоёр хүний харилцааг заавал хоёуланг нь байлгаж байж шийдвэрлэнэ. Хэн нэгнийх нь үгэнд автаад тухайн гэр бүлд зөвлөгөө өгөх ямар ч боломжгүй. Сэтгэл зүйч хүмүүс хөндлөнгийн өнцгөөс таны асуудлыг шийдэх аль болох олон гарцыг тантай хуваалцах гэж л ажилладаг юм шүү дээ. 
 
-Гэр бүлээ үргэлж халуун дулаан уур амьсгалтай, өдөр бүр тулганд асч буй гал шиг илчээр төөнөж байхын тулд бидний хэн хэн маань юу хийж чадах вэ?
 
-Та аз жаргалтай амьдрах гэж л гэрлэсэн гэдгээ дахин дахин сана. Хүн бүр аз жаргалтай амьдрахын тулд өдөр бүр ажиллаж, өдөр бүр хичээдэг. Энэ аз жаргалыг нураахгүйн тулд та өөрийнхөө зүгээс юу хийж чадах вэ гэдгээ өдөр бүр өөрөөсөө асуу. Гал голомтыг та болон таны гэр бүлийн хүн хамтдаа бадамлан асааж яваа гэдгийг үргэлж бодож хамтдаа хэрхэн уг галаа улам бүр бадраан асаах талаар та хоёр байнга ярилцаж байх хэрэгтэй.
 
Найруулагч: Энхтуяа
Эх сурвалж : Mongoljingoo.mn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл