Хятадын уламжлалт ёсонд шинийн дөрвөн бол “Хонины өдөр” буюу “Хонь өдөр” гэдэг. Үүний учир нь Нюй Ваа /Ертөнцийг бүтээсэн, тэнгэрийг нөхсөн гэгддэг Хятад домгийн дагина/ анх хүн, амьтныг бүтээхдээ эхлээд зургаан амьтныг бүтээж, долоо дугаарт нь хүнийг бүтээсэн гэх домог байдаг. Тийм учраас шинийн нэгэн бол тахианы өдөр, шинийн хоёр нь нохойн өдөр, шинийн гурван нь гахайн өдөр, шинийн дөрвөн хонины өдөр, шинийн таван бол үхрийн өдөр, шинийн зургаан бол морины өдөр, шинийн долоон хүний өдөр гэдэг байна.
Хятад уламжлалт шинийн дөрөвний хонины өдөрт галын бурхан хүний ертөнцөд саатдаг гэж үздэг ба тухайн өдөр өнгөрсөн хэдэн хоногийн үлдсэн хоол хүнсийг бүхнийг нийлүүлж “холимог хоол” буюу хуйцай болгон иддэг байна. Мөн хог хаягдлаа цэвэрлэж, овоолж цуглуулдаг байна.
Уламжлал ёсонд галын бурхныг “боож, баглах” ёс байдаг. Тэр нь юу вэ гэхээр шинийн дөрвөнд галын бурхан саатсан хэмээн үзэж, зуурсан эрдэнэ шишийн гурилыг модон бороохойн үзүүрт наагаад гал асаан, гэрээсээ авч гаран голын усанд хийдэг байна. Ингэснээр энэ нэг жилдээ гэр оронд нь гал түймрийн осол аюул гарахгүй гэж үздэг аж.
