Хятад-Монголын хэл соёл, боловсролын сангаас зохион байгуулсан Монгол Улсын 2017 оны намрын хичээлийн жилийн их дээд сургуулийн оюутнуудын “Тэргүүлэгч од” сургалтын тэтгэлэг, “Ирээдүйн эзэд” ивээн тэтгэх хөтөлбөр болон ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын “Мөрөөдлийн од” сургалтын тэтгэлэг, “Ирээдүйн од” ивээн тэтгэх хөтөлбөрүүдийн сонгон шалгаруулалт арга хэмжээ 9 дүгээр сарын 17-ны үдээс хойш Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот дахь МУИС-ийн Күнзийн иститутэд боллоо.

Энэ удаагийн сургалтын тэтгэлэг, тэтгэмжийн хөтөлбөрийг зохион байгуулагч талаас 9 дүгээр сарын эхээр олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд зарласан бөгөөд өнөөдөр МУИС-д болсон энэ шалгаруулалтын арга хэмжээнд нийт 376 оюутан, сурагч тухайн суралцаж буй ангийнхаа түвшинд өрсөлдсөн байна.

Зохион байгуулагч талаас хангасан мэдээгээр, энэ шалгаруулалтын дүн энэ орой тодрох бөгөөд сургалтын тэтгэлэг, тэтгэмж олгох арга хэмжээг энэ сарын эцэс буюу дараа сарын эхээр зохион явуулахаар зэхэж байгаа юм байна.
Хятад-Монголын хэл соёл, боловсролын сангийн зүгээс 7 дахь удаагаа “Мөрөөдлийн од” сургалтын тэтгэлэг, “Ирээдүйн од” ивээн тэтгэх хөтөлбөрийг, 4 дэх удаагаа “Тэргүүлэгч од” сургалтын тэтгэлэг, “Ирээдүйн эзэд” ивээн тэтгэх хөтөлбөрийг тус тус зохион хэрэгжүүлээд байгаа бөгөөд эдүгээг хүртэл, уг хөтөлбөрт Улаанбаатар хотын бүх дүүрэг болон Дархан, Эрдэнэт, Ховд зэрэг хот, аймгуудаас давхардсан тоогоор нийт 2171 оюутан, сурагч оролцсон аж.

Сургууль болон эцэг эхүүдийн ихээхэн дэмжлэг туслалцааны дор, жил ирэх тусмаа улам олон оюутан, сурагч Хятадын соёлд сонирхолтой, дуртай болж байна. Дээр дурдсан хөтөлбөр /үүнд анх удаагийнх багтаагүй/-ийн хэрэгжилтийн хүрээнд ерөнхий боловсролын сургуулийн нийт 262 сурагчид 800 мянган юанийн сургалтын тэтгэлэг, тэтгэмж олгосон бол, их дээд сургуулийн нийт 86 оюутанд 370 мянган юанийн тэтгэлэг, тэтгэмж олгосон байна.

Хятад-Монголын хэл соёл, боловсролын санг үүсгэн байгуулагч нь Банк оф Чайна/Bank of China/-гаас Улаанбаатарт суугаа төлөөлөгчийн газар бөгөөд уг сан байгуулагдсан үеэсээ эхлэн, Монгол Улсын оюутан, сурагчдын хятад хэл сурах хүсэл эрмэлзлийг нэмэгдүүлэх, Хятад, Монгол хоёр орон хоорондын соёлын харилцааг бэхжүүлэхийн төлөө, оюутан, сурагчдад сургалтын тэтгэлэг, тэтгэмж олгох хөтөлбөрүүдийг тогтмол хугацаанд зохион байгуулж хэрэгжүүлсээр ирсэн билээ. Үүнд, Монгол Улсын ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад зориулсан “Мөрөөдлийн од” сургалтын тэтгэлэг, “Ирээдүйн од” ивээн тэтгэх хөтөлбөрийн хэрэгжилтийн хүрээд, жил бүрийн хавар, намар 2 удаа нээлттэй шалгалт хийж сонгон шалгаруулдаг. “Мөрөөдлийн од” сургалтын тэтгэлэг нь Монгол Улсын хятад хэлний хичээл ордог ерөнхий боловсролын бүх сургуулийг хамарч, сурлага сайтай, Хятадын соёлд дуртай, хятад хэлээр зохиогддог арга хэмжээнүүдэд идэвхтэй оролцдог сурагчдын дундаас бага, дунд, ахлах анги гэж хуваан тодорхой хэмжээний тэтгэлэг олгодог юм. “Ирээдүйн од” ивээн тэтгэх хөтөлбөрийн хэрэгжилтийн хүрээнд, Монгол Улсын хятад хэл ордог улсын сургуулиудыг хамарч, амьдралын боломж тааруу, өрхийн орлогын түвшин доогуур, сургуульдаа сурлагаараа дээгүүрт ордог сурагчдын дундаас сонгон шалгаруулж, бага, дунд, ахлах анги гэж хуваан тодорхой хэмжээний тэтгэмж олгодог байна.

Мөн сангаас Монгол Улсын их дээд сургуулийн оюутнуудад тусгай зориулалттай хэрэгжүүлж буй “Тэргүүлэгч од” сургалтын тэтгэлэг, “Ирээдүйн эзэд” ивээн тэтгэх хөтөлбөрийн хэрэгжилтийн хүрээнд, Монгол Улсын хятад хэлний хичээл ордог бүх их дээд сургуулийн оюутнууд дундаас сурлага сайтай, Хятадын соёлд дуртай, хятад хэлээр зохион байгуулагддаг арга хэмжээнүүдэд идэвхтэй оролцдог оюутнуудад тодорхой хэмжээний сургалтын тэтгэлэг, тэтгэмж олгодог юм. Үүнд “Тэргүүлэгч од” сургалтын тэтгэлэгт хөтөлбөрийн хэрэгжилтийн хүрээнд жил бүр нийт 12 оюутан сонгон шалгаруулдаг бөгөөд 1-р байранд 1 оюутан шалгарч 10,000 юанийн/татварын өмнөх дүн/, 2-р байранд 3 оюутан шалгарч 8,000 юанийн/татварын өмнөх дүн/, 3-р байранд 8 оюутан шалгарч 5,000 юанийн/татварын өмнөх дүн/ сургалтын тэтгэлэг тус тус хүртэх боломжтой юм. “Ирээдүйн эзэд” ивээн тэтгэх хөтөлбөрийн хэрэгжилтийн хүрээнд, улсын их дээд сургуулиудын амьдралын боломж тааруу, өрхийн орлогын түвшин доогуур, сургуульдаа сурлагаараа дээгүүр ордог оюутнууд дундаас 20 оюутан шалгаруулж тус бүр 3,000 юанийн /татварын өмнөх дүн/ тэтгэмж олгодог байна.

Дээрх хөтөлбөрийн арга хэмжээг МУИС-ийн Күнзийн институтээс нэгдсэн журмаар зохион байгуулж, шалгалтын тестийг боловсруулдаг ба шалгаруулалтын бүхий л үйл явцыг нээлттэй байлгаж, сангийн зүгээс хөтөлбөртэй холбоотой мэдээллийг олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр зарласан болно.

Хятад-Монголын хэл соёл, боловсролын сан нь Хятад, Монгол хоёр орны аж ахуйн нэгж, байгууллагуудын хамтын хүчин чармайлтаар Монгол Улсын ард иргэд, боловсролын хөгжил, нийгмийн хөгжилд түлхэц үзүүлэхийн зэрэгцээ, Хятад, Монгол хоёр орны соёлын харилцаа, уламжлалт найрамдалт хамтын ажиллагаанд хувь нэмэр оруулах зорилт тавин ажиллаж байна.



