solongonews
Дууг мэргэжлээр бус мэдрэмжээр бүтээдэг
2017-05-15 10:12
Өвөр Монголын “Эзэн эгшиг“ компани буюу 1.5 сая хэрэглэгчтэй “Эгшиг” монгол дууны сайтын хамгийн их хандлагыг авдаг дуунуудын зохиолч Буян-дэлгэрийн Пүрэвсүрэн

“Босоо хийморьтой эр хүн”, ”Манай адуу”, ”Санахгүй л гэсэн юм аа”, ”Миний найз”, ”Чамд амжилт хүсье” зэрэг Ар, Өвөр Монгол түмэнд хүрсэн олон сайхан нийтийн дууг уншигч та бид амандаа аялдаг билээ. Зохиосон аялгуу болгон нь хит болсон уран бүтээлч МУСТА, ая зохиогч Б.Пүрэвсүрэнтэй хийсэн ярилцлагыг хүргэж байна. Дуу өөрөө амьтай. Өвөр Монголын “Эзэн эгшиг“ компани буюу 1.5 сая хэрэглэгчтэй “Эгшиг” монгол дууны сайтын хамгийн их хандлагыг авдаг дуунуудын зохиолч Буян-дэлгэрийн Пүрэвсүрэн.

- Уран бүтээл өндөр үү. Ямар ажил төрлөөр Хөххотод ирсэн гэдгээс тань ярилцлагаа эхлүүлэх үү?

- Сайн. Сайн байна уу? Өвөр Монголын “Эзэн эгшиг” компани буюу “Эгшиг” монгол дууны сайтын хамт олон хамтран ажиллах санал тавьсны дагуу урилгаар хүрэлцэн ирсэн. Сүүлийн үед Өвөр Монголд уран бүтээлийн ажлаар жилдээ хэд хэдэн удаа ирдэг болсон.

- Та аль нутгийн хишгийг хүртэж өссөн хүн вэ?

- Би Увс аймгийн Өмнөговь сумын хүн. Эх орныхоо баруун хойно байрладаг уул устай сайхан газар. Их нууруудын хотгор, өндөр уулсаар хүрээлэгдсэн үзэсгэлэнт нутаг ус. Хөдөөний ахуй амьдралд хөлд орж хүн болсон. Мэдээж, хүүхэд байхдаа морь унаж морь уядаг байсан. Тэр нутаг ус, хүн зоны гэгээн сайхан бүхэн миний уран бүтээл хийх суурь нь болсон. Сэтгэлээс гарсан зүйл л хүний сэтгэлд хүрч чадна.

- Хамгийн анх зургаан настай байхдаа ээжтэйгээ тайзанд дуулж байсан гэсэн мэдээлэл авсан. Энэ тухай тодруулбал?

- 1986 оны түүх үү дээ. Анх ээжтэйгээ хамт сумын тайзанд тоглосон. Ээж ятга тоглож би ээжийн тухай дуу дуулснаа санаж байна. Тайзанд ганц дуугаа дуулаад дуусахад үзэгчид намайг дахиулах гэсэн чинь би ичээд буланд шигдэж дахин гарсангүй. Том болоод ухаан сууж эргэн дурсахад дараа нь олон дууг монгол түмэндээ хүргэж уяруулж, уйлуулж явах гэж тэр удаад дахиж гараагүй юм болов уу даа.

- Анх хөгжим тоглож сурсан талаар тань сонирхож болох уу?

- Би аль ч хөгжмийг хэнээр ч заалгаж байгаагүй. Зүгээр л өөрийн байгалиас заяасан авьяас мэдрэмжээрээ сурсан. Ээж маань хөгжимчин, нагац ах маань хөгжим сайн тоглодог соёлын төвийн эрхлэгч байсан. Тэр сайхан хүмүүсээрээ дамжиж бараг бүх төрлийн хөгжмийг тоглож сурсан шүү дээ. Одоогоор гарын доорх гитар, даралтат хөгжим, төгөлдөр хуур тоглож уран бүтээлээ хийж байна.

- Хамгийн анхны уран бүтээлийг тань ярих нь зүйтэй байх?

- Хамгийн анхны уран бүтээл “Босоо хийморьтой эр хүн” гэдэг дуу. Л.Болдбаатар анх дуулж байсан. Эр хүн өөрийгөө их магтдаггүй, тэгээд ч магтахаар өөрт нь зохидоггүй. Тэр утгаараа хааяа өөрийгөө магтаж байя гэж бодоод монгол эрчүүдээ сэрээсэн энэ дууг хийсэн. Өөрөө өөртөө зориулсан дуу гэх үү дээ. Ар, Өвөр Монголд их дуулагддаг болсон байна лээ. Эмэгтэйчүүд ч хааяа дуулчихсан явж байдаг шдээ.

- Хувийн студитэй гэсэн?

- “Намир медиа” студи анх 2006 онд үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Энэ маань дуучидтай хамтран ажиллахад хамгийн их гүүр нь болж байдаг. Уран бүтээл туурвих, клип, дуу, дүрс бичлэгийн ажлыг хамарсан студи байгаа. Одоогоор зургаан хүний бүрэлдэхүүнтэй.

- Уран бүтээлч хүнд байгалиас заяасан авьяас, удам дамжсан ухаан аль аль нь шингэсэн байдаг. Таны хувьд?

- Мэдээж авьяас байна энэ удамтай холбоотой байх. Харин авьяас байхад түүнийг заавал хөгжүүлэх шаардлагатай. Хөгжүүлж байж би хүнээ олж авах ёстой. Түүнээс аав, ээжээсээ төрөхдөө авьяастай гээд гэдийж сууж болохгүй. Оюун санаандаа юу хийх гэж байна тэр талдаа хичээн хөдөлмөрлөх ёстой. Тэгж байж би хүн гэдэг төлөвшлөө олж чадна. Монгол хүн болж төрөөд авьяасын үрээ юунд зарцуулах, юунд тарих нь тухайн хүний өөрөөс нь хамаардаг.

- Хүүхэд байхдаа том болоод юу хийнэ гэж мөрөөддөг байсан?

- Би өөрийгөө олон чиглэлд хөгжүүлэхийг боддог байсан. Жишээ нь зураг зурах, бөх барилдах, дуу дуулах, хөгжим тоглох гээд. Харин өөрөө энэ олон салаа замын аль замаар нь явах ёстойг мэддэггүй байсан. Дараа нь жил ирэх тусам нөгөө сонирхлууд маань хасагдаад хамгийн сүүлд ая зохиох болж үлдсэн. Тархины хамгийн дээд хязгаар энэ юм уу даа. Үүнийг хамгийн гоёор уран тансгаар хүнд хүргэж байна гэдэг бол хамгийн том бэлэг гэж би боддог. Хэн нэгний ааваа, ээжээ санасан сэтгэлийг би дуу болгоод хийчихвэл магадгүй дууг дуулаад уйлж уярна. Энэ нь ламаар ном уншуулахаас илүүтэй. Хүн дуулахаараа сэтгэлийн муу зүйл арилдаг. Хүн болж төрсний хамгийн дээд байх. Уйлж, дуулах үед биеийн бүх сүв задарч эрхтэн сэргэдэг юм байна л даа. Монгол хүний нандин чанар ганц тэр.

- Та ая зохиогч хүн. Мэргэжлийг юу гэж боддог вэ?

- Монголчууд мэргэжил гэж сонгодоггүй. Дээр үед аргал түүх, морь унах, гэр барих, модоор уран дархан хийхийг мэргэжил гэж хэлдэггүй байсан. Хүн өөрийн байгалиас заяасан авьяасаараа өнөөдрийг хүртэл явж ирсэн. Жишээ нь, Өрнө, дорнын соёл холилдоод өөр нэгэн соёл бүтнэ. Хүн ямар нэг зүйл бичнэ гэхэд тархи нь цээжилж чадахгүй, түүнээ буулгахын тулд тэмдэглэгээ хийдэг болсон байх. Модыг хоёр цохидог байсан бол гурав цохиход яаж тэмдэглэх гэдэг байдлаар нот гарсан. Ая зохиогч хүний хувьд дуу хийхэд мэдрэмж л хэрэгтэй, мэргэжил хэрэггүй. Мэргэжлийн ая зохиогчид симфони, дуурь буюу театр урлагийн ажлыг ихэвчлэн хийдэг. Дуу зохиохыг мэргэжил гэж ойлгох нь учир дутагдалтай. Би механик инженер мэргэжил сурсан, энэ мэргэжлээрээ мэргэших ёстой. Мэдээж, цахилгаанд цохиулж үхэхгүй, паранд гараа түлэхгүй. Харин хоолойноос гарч байгаа авиа зүй дуучны оюун сэтгэхүйгээр дамжаад монгол түмний сэтгэл зүрхэнд хүрэхэд ая зохиогчийн тархи түлхүү ажилладаг. Хий зүйлд зориулж хэзээ ч дуу хийхгүй, хий зүйлийг төсөөлж болохгүй учраас тэр. Ая зохиогчийн төсөөлөлд цаана нь хүн байдаг. Хүн сэтгэлийн амьтан. Хүний сэтгэхүй, оюун санааг тайван амгалан эсвэл уяруулан догдлуулж чадах хорвоогийн ганц зүйл бол дуу. Хүний оюун санаагаар дамжаад хүний сэтгэхүйн сайхныг мэдэрч төсөөлж сэтгэлд байгаа муу муухай зүйлийг арилгахын тулд миний мэдрэмж илүү ажиллах ёстой. Үүнийг л дуу хийх гэж хэлэх болов уу.

- Урлагийн сургуульд орохыг бодож байсан уу?

- 1998 онд дулааны инженер мэргэжлээр ШУТИС-ийн Эрчим хүчний сургуульд элссэн. Аавын хамаатнууд дулааны станцад ажилладаг байсан. Тэгэхээр аав, ээжийнхээ захиасаар дулааны инженер бэлтгэдэг сургуульд орсон гэх үү дээ. Харин тэр сургуульд ороод сурахын хажуугаар урлагийн ажлаа хийж явсан. Ойролцоогоор 30 мянган оюутантай сургуулийг би урлагаар амьсгалуулсан гэж хэлж болохоор. Сургуульдаа анхны урлагийн их наадам зохион байгуулж байсан бол дараа нь уламжлал болгон зохиогдох болсон оюутны соёл урлагийн алба байгуулсан зэрэг жишээтэй. Тэр цагаас хойш урлагийн замд эргэлт буцалтгүй орсон. Харин би хичээлээ сайн хийдэг хүүхэд байсан. Урлаг миний хувьд өөрийгөө тайтгаруулах, мөн тархи толгойгоо сэргээх хэрэгсэл болдог. Манай сургуульд урлагийн заал гэж байдаг хэрнээ очдог хүн бараг байдаггүй байсан. Урлагийн наадам зохион байгуулагдсанаас хойш оюутнууд тэнд багталцахаа больсон тохиолдол ч гарсан.

- Гэр нь шатаад хөгжим нь шатаагүй үлдсэн гэсэн. Яах аргагүй л урлагийн хувь тавилан байсан болов уу?

- Оюутан байхад ээж маань надад нэг ҮАМАНА хөгжим авч өгсөн. Тэр үедээ Монголд бараг хамгийн үнэтэй хөгжим байсан байх. Хөгжмийг аваад хоёр хоносны дараа манай гэр шатаад тавилга, бүх зүйл шатсан. Миний орон доор нөгөө хөгжим хайлчихсан байлаа. Дүү маань миний хөгжмийг тэврээд гүйж гарч ирснийг санаж байна. Хэд хоногийн дараа асаасан чинь дуугарч байв. Тэр цагаас хойш энэ хөгжмөөрөө олон сайхан дуу хийж монгол түмэндээ хүргэлээ. Хөгжим минь шатсан бол түүнээс хойш дуу хийгээ ч юм уу, үгүй ч юм уу. Тэр үед дөнгөж ганц, хоёр л дуу зохиож байсан. Хөгжимгүй болсон бол дараа дараагийн уран бүтээл маань хөглөгдөхгүй байсан байх л даа.

- Таны олон уран бүтээлд мэдээж аав, ээж, нутаг ус, хайрын дуу, морины дуу аль аль нь байна?

- Одоогийн байдлаар нийтдээ 500, 600 уран бүтээл төрсөн. Морины дуу 50 гаруй байна. Зөвхөн миний дууны нэрээр нэрлэгдсэн 30 гаруй СD Монголд гарсан байдаг. Дуучид өөрийн уран бүтээлийн тоглолт, цомог, брэнд болсон дуугаа нэрлээд монгол түмэндээ танигдаж байдаг. Ханьдаа зориулсан олон сайхан дуу байгаа.

Дуулахаараа хүний сэтгэл ариусдаг. Ламаар өөрөө ойлгохгүй номыг уншуулж байгаа хүн хэзээ ч ариусаж чадахгүй. Харин дууны ая аялгуунд биеийн бүх булчин суларч тайван амгалан болж, эсвэл уярч уйлна.

- Зохиосон дуунуудаасаа өөрөө дуулж байсан уу?

- Арав гаруй дууг би ятга гитартай дуулсан. Дэндүү дууны талдаа орчих болов уу гэж бодоод нэг их дуулахгүй байгаа. Түүнээс СD гаргах хэмжээний дуунууд бол байгаа.

- Нийт таван удаа уран бүтээлийн тоглолт хийсэн. Үзэгчид хэр хүлээж авч байна?

- Хамгийн анх 2010 онд “Босоо хийморьтой эр хүн” тоглолтоо хийж байсан бол 2011 онд “Аялсхийгээд дуулъя даа”, 2013 онд “Ирж яваа цаг сайхан”, 2015 онд “Монголоороо байгаасай”, энэ оны эхэнд “Ерөөлийн даллага” уран бүтээлийн тоглолтоо хийсэн. Үзэгчид миний тоглолтыг маш хүндэтгэлтэйгээр, халуунаар хүлээж авдаг. Урам зориг, эрч хүч авах бүртээ дахиад сайхан дуу хийнэ. Муу дуу хийх эрх байхгүй гэж боддог. Тоглолтын үеэр 5 дуучин ч бай, 50 дуучин ч бай, тоглолтыг дуустал үздэг нь онцлог. Тэнд сонсохоос залхмаар муу дуу дуулагддаггүй, харин өөрийг нь хэлээд байгаа юм шиг, өөрт нь зориулагдсан ч юм шиг дуунууд бий. Үзэгчид миний тоглолтыг тэсэж ядан хүлээдэг болсон. Уран бүтээл хүнийг дэндүү их тайвшруулдаг болоод тэр үү. Таван удаа уран бүтээлийн тоглолт хийнэ гэдэг уран бүтээлч хүний хувьд тодорхой хэмжээнд хүрсэн гэж хэлж болно. Нэг уран бүтээлийг туурвихад цаг зав, нөр их хөдөлмөр зориулагдана. Өдөр шөнөгүй ажиллаж байсан тохиолдол зөндөө байсан.

- Дуучнаа яаж сонгодог юм бэ?

- Дуучнаа заавал сонгох ёстой. Тухайн дуучны хоолойн темпер, чадал чансаа, дуу сонсох мэдрэмжийг харж яг тэр хүнд зориулж дуу хийдэг. Хоолойн хувьд дуурийн дуу, бяртай хоолой гээд янз бүр. Өвөр Монголчууд уянгалаг, цохилт өндөр дууг түлхүү сонирхож дуулна. Сая Хишигтэн нутгийн дуу хийлээ. Тэр нутагт дуучин Давшилтын дуулсан “Чин цагаан галуу” гэдэг нэгэн сайхан дуу бий. Би энэ дууг дуулдаг.

- Ер нь танд ханддаг уран бүтээлч олон байх, Өвөр Монгол залуус хэр олон байна?

- Надад хандсан тэр болгонтой хамтраад байдаггүй. Чанартай, хүний дотоод сэтгэлд ордог уран бүтээл хийх бол миний зорилго. Дуу өөрөө нийгмийг байлдан дагуулж байдаг. Чанартай уран бүтээл мэдээж үнэ цэнэтэй.

Сүүлийн жилүүдэд Өвөр Монгол залуус урлагийн чиглэлээр Монголд их сурч байгаа. Надад хандах нь муу байна, бага зэрэг эмээгээд байгаа нь ажиглагдана. Харин миний хувьд нээлттэй. Надад хандаад нутгийнхаа дууг дуулах уу, монгол түмний дууг дуулах уу, хоолойны темпер ямар байна гэдийг би хараад санал болгож болно. Би Өвөр Монголчууддаа сайхан дуунууд хийгээд өгөх юмсан гэж бодож байна. Бид нар нэг үеийн түүхийг бүтээж байгаа хүмүүс. Тэр утгаараа энэ цаг үедээ сайн сайхан дуунууд хийх ёстой. Даанч “Сайнаас саар нь их” гэдэгчлэн сурч байх явцдаа олонд хүрч чадахгүй буюу ая аялгуу, тааруухан шүлэгтэй дууг авч дуулдаг. Энэ нь зөв дуугаа олж дуулахгүй байна гэсэн үг. Оюутнууд зөв дуугаа олж дуулаасай, сайн уран бүтээл хийгээсэй гэж би хүсдэг.

Өвөр Монголын залуу дуучин Хөхөөгийн Хөгжилбаатар энэ онд Улаанбаатар хотод “Аялгуу эгшгээр дүүрэн жаргая” уран бүтээлийн тоглолтоо хийсэн. Энэ дууг хийлгэх гэж сэтгэл гаргаж байгаа учраас би хамтран ажилласан. Яаж дуулснаар нь хийсэн дууг минь хэрхэн үнэлж байгааг нь би харж байгаа. Х.Хөгжилбаатарын “Аялгуу эгшгээр дүүрэн жаргая” дуу “Эгшиг” сайтад гурван долоо хоногийн турш тэргүүлснээр Өвөр Монголчуудыг байлдан дагуулж эхэлсэн.

- Ар, Өвөр Монголд хийгдсэн дуунуудын ялгаа онцлог танд ямар өнцгөөс харагдсан бэ?

- Мэдээж, ялгаа байлгүй яах вэ. Үндэстэн ястан, хүн ардын ёс заншил, нутаг ус, аж амьдралаас хамаарна. Жишээ нь, Алшаа дуунууд цохилго өндөр, Харин Шилийнголын дуунууд тавиу тал шиг цохилготой байдаг нь байгалийн онцлогоос шалтгаалж байна. Өөрөө дуу хийдэг учраас дууны аялгуу таалагдахгүй бол би үг хэлдэггүй. Зуу зуун жилээр ард түмний сэтгэлд хоногшсон олон дуу байдаг. Дуу өөрөө сайхан болоод тэр хүмүүс дуулаад байгаа. Өвөр Монголын нэлээд дуунуудыг би мэднэ, өөрөө ч дуулж байсан. Онцлог нь дууны хэм хэмнэл алдагдаад байгаа нь ажиглагдана. Дэндүү сайхан аялгуу байхгүй болоод байгаа юм болов уу гэж надад мэдрэгдсэн. Магадгүй орчин үеийн даяаршил зэрэг нийгмийн асуудалтай холбоотой. Монгол хүний цусанд байдаг яруу тансаг уянгалаг ая, аялгууг авч үлдэх ёстой. Өвөр Монголд сайхан аялгуутай дуу мөнхөд байх ёстой гэж би боддог.

Ноён Бондгорын “Миний найз” гэдэг дуу “Эгшиг” сайтад хоёр жил дараалан түрүүлсэн үзүүлэлт гарсан.

- Таны ойрын хугацааны уран бүтээлийн төлөвлөгөөг сонирхоё?

- Өвөр Монголын “Эзэн эгшиг“ компани буюу “Эгшиг” монгол дууны сайтын хамт олон хамтран ажиллах санал тавьсны дагуу албан ёсоор хамтран ажиллах болно. Энэ онд ӨМӨЗО байгуулагдсаны 70 жилийн ойн баяр тохиож байна. Ар, Өвөр Монгол дуу хуураараа нэгдэх ёстой. Дахиад олон сайхан уран бүтээл хийх цаг ирж, гарц нээгдэж байгаа гэж ойлгож байна. Хаана хаанаа хариуцлагатай байх ёстой, залуучуудаа дэмжих ёстой. Дуунаас цагаан, зөв зүйл гардаг.

"Эгшиг" сайт үйл ажиллагаагаа явуулаад таван жил болж байна. Нийт дуунаас жилийн эцэст хит дууг жагсаахад миний уран бүтээл дөрвөн жилийг нь авсан хандлага гарсан. Өвөр Монгол ахан дүүстэйгээ хамтран хийгдэх олон сайхан уран бүтээлүүд маань төлөвлөөд байгаа ажлын нэгэн хэсэг.

- Цаг заваа гарган ярилцлага өгсөн танд их баярлалаа. Ар, Өвөр Монголын ард түмэн таны дараа дараагийн уран бүтээлийг хүсэн хүлээж байгаад эргэлзэхгүй байна. Уран бүтээлийн ундарга дандаа оргилж байх болтугай.

- Таны ажлын хамт олонд баярлалаа. Хүнийг гэгээн цагаан зүгт хөтөлж байдаг дуу өөрөө сэтгэлд орно. “Эгшиг” сайтын уран бүтээлчидтэй хамтран хийгдэх шинэ содон дуунууд маань тун удахгүй уншигч та бүхний сонорт хүрнэ.

 

Б.ХҮҮДҮҮТ

Зохиогч: ..
Найруулагч: ..
Эх сурвалж : Солонго сэтгүүл
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл