solongonews
​Баянбулагийн малчдын амьдрал
2018-07-01 17:50
​Баянбулагийн малчдын амьдрал

Хятадын баруун хойд Шиньжян Уйгарын өөртөө   засах оронд онгон тансаг байгальтай Баянбулаг хэмээх нутаг бий. Цаст уулын   хормойд намагт тал, түүний дундуур гол горхи угалзран урсаж, хун галуу   ганганасан энэ газар бол торгууд түмний зорьж ирсэн түүхт нутаг юм.

Дуу хуур дуурссан монгол нутгийн малчид   элгэмсүү зочломтгой зангаараа хол ойрд алдартай. Жил бүрийн 05-р сараас Баянбулаг   аялал жуулчлалын ид үедээ орж, хун галуутай тэр нутгийг зорих хүмүүс олширдог.   Баяншань их сургуулиа төгсгөөд нутагтаа ирж, аялал жуулчлалын тайлбарлагч хийж,   гурван оны нүүр үзжээ. Төрсөн нутгийнхаа үүх түүх, үзэмж жавхааг бусдад   танилцуулахад өөрийн эрхгүй бахархал төрдөг хэмээн тэр ярьж байлаа.
 

“Өсөж төрсөн нутаг минь болохоор олон сайхан   дурсамж энд үлдсэн юм. Энэ яг миний өлгий нутаг, их сургуульд ороод сурсан   эрдмээ зориулж, нутгийнхаа үзэмж, түүхийг олон хүнд таниулах боломж тохиосонд   баяртай байна. Манай эндээс байгалийн сайхан нүд сэтгэлээ баясгаж, Торгуудын   түүх, ёс заншлыг ойлгож болно.”

Баянбулаг бол 23 мянган ам дөрвөлжин   километр, далайн түвшнээс дээш 2500 метр өргөгдсөн, цаст уулс зүмбэрлэж, олон   булаг оргилсон нутаг юм. Энэ нутгийг ЮНЕСКО 2013 онд Дэлхийн байгалийн өвөөр   бүртгэж авчээ. Монгол, хятад, түвд, казах зэрэг есөн үндэстэн, монгол үндэстний   торгууд ястны үр хойч энэ газар үе дамжин нутаглаж ирсэн юм. Онгон байгалийн   өнгө үзэмж, өвөрмөц ёс заншлыг ашиглан, аялал жуулчлалыг хөгжүүлж байна. Баянбулагийн аялал жуулчлалын “Хунт нуур” компанийн менежер Жөү Мяо энэ тухай танилцуулсан юм.
“Тал нутгийн соёл бол бидний өвөрмөц онцлог.   Адуу мал бэлчсэн, цэлгэр уудам талтай, морь унаж, хонь хариулдаг зэрэг малчны   амьдралаа хэвээр хадгалсаар байгаа нь жуулчдын сонирхлыг татдаг. Бид байгалийн   үзэмжит бүсээ малчин айлуудын дунд байгуулсан бөгөөд тэдний амьдралд сөрөг нөлөө   үзүүлэхгүй, байгалийн сайханд малчдын амьдралыг үзүүлдэг.”
Баянбулагийн байгалийн үзэмжит бүс 1100 ам   дөрвөлжин км талбайтай, уул тал, гол мөрөн, намагтай газар зэрэг газар зүйн янз   бүрийн тогтоцтой учраас амарч зугаалахад маш тохиромжтой нутаг юм. 2016 онд   үндэсний “5-А” буюу дээд зэрэглэлийн аялал жуулчлалын бүс болж, жуулчдын тоо жил   бүр 20-30 хувиар нэмэгдэж байна. Нутгийн хүмүүс үүний үр шимээр ашиг орлогоо нэмэгдүүлж, ядуурлыг бууруулан, амьжиргаагаа сайжруулж буй тухай тус бүсийн удирдах зөвлөлийн дарга Жү Юймэй ярьсан юм.
“Засгийн газраас ядуурлаас ангижруулах   бодлого хэрэгжүүлж байна. Бид Баянбулагийн малчид, тэдний үр хүүхдүүдийг ажлын   байраар хангахад их анхаардаг. Жил бүр ажилтан авахдаа тэдэнд ажлын байр үлдээн,   хамгийн түрүүнд нутгийн малчдын хүүхдүүдэд ажлын байр өгдөг. Малчдын хувьд гэр   орондоо ажиллах нь маш ашигтай. Нэг талаар цалин хөлс авч, нөгөө талаар ар гэрээ   орхихгүй, гэр бүлээрээ байдаг учраас олон давуу талтай.”
Тал нутгийн соёлын аяллыг хөгжүүлэхэд   нутгийн малчдын оролцоо маш чухал гэж Жү Юймэй ярьсан юм. Тус бүсийн 200 гаруй   ажилтнаас 80 хувь нь нутгийн малчид. Тэд хүлээн авагч, цэвэрлэгч, хамгаалагч,   жолооч гээд янз бүрийн аж хийж байна. Аялал жуулчлалын ид үед малчид манай бүсэд   ажиллаад сардаа наад зах нь 3200 юань олдог. Жуулчлалын бүс ажиллахгүй өвлийн   улиралд сард 1500 юанийн нөхөн олговортой. Аялал жуулчлалын ид үед нутгийн   малчид хонь малаа хариулахын зэрэгцээ гэр буудал эрхлэх, морио унуулах, жуулчдын   хэрэглээний бараа бүтээгдэхүүн худалдах зэрэг хоршооллын ажилд оролцон, орлого   олдог гэж тэр ярьж байлаа. Баяншаний ээж аав Баянбулагийн малчин, тэднийх бас   жил бүр гэр буудал ажиллуулдаг гэнэ. 
“Зундаа наад зах нь 10 гаруй мянган юанийн   орлого олдог. Мал маллахаас гадна шүү. Гэр бүлийн жилийн дундаж орлого 70-100   мянган юанийн 30-50 мянга нь гэр буудлын орлого. Жуулчдад нутгийнхаа мал аж ахуй   эрхлэх соёлыг танилцуулна. Тэд ирж үзээд их баярлана. Бидний хувьд амьдралд ямар   ч төвөг болохгүй, харин ч орлого нэмэгдээд их баяртай байна.”
Аялал жуулчлалыг хөгжүүлэхийн хэрээр малчдыг   ажлын байраар хангаж, орлогыг нь нэмэгдүүлэн, зөвхөн хонь малын ашиг шим хүртдэг   байдлыг өөрчилжээ. Хонь малын тоо толгой зохих хэмжээгээр цөөрч, бэлчээрийн   дарамтыг багасгасан бөгөөд байгаль орчноо хамгаалах малчдын ухамсар дээшилжээ.   Энэ тухай Жү Юймэн танилцуулсан юм.
“Энэ нутаг дэлхийн байгалийн өв, үндэсний   зэрэглэлийн дархан цаазат бүс учраас арваад жилийн өмнөөс сяний намын хорооноос   “Хүн малыг уулнаас буулган, ногоон өнгийг өндөрлөгт үлдээх” бодлого хэрэгжүүлж,   бэлчээрийн даац хэтрүүлэн мал маллахыг хориглосон. Сүүлийн жилүүдэд илүүдэл   ажиллах хүчийг аялал жуулчлалын ажилд оролцуулж байна.”
Нутаг усаа онгоноор нь хадгалбал ард иргэд   алт мөнгөөр дутахгүй гэсэн үг бий. Сүүлийн жилүүдэд Баянбулагийн захиргаанаас   нутаг бэлчээрийг хамгаалах бодлого хэрэгжүүлж, уламжлалт бэлчээрийн мал аж ахуйг   өөрчлөн, нутаг бэлчээрийг үр ашигтай хамгаалсан юм. Мөн мал маллахаа больсон   хүмүүсийг сургалтад хамруулж, аялал жуулчлалын үйлчилгээний салбарт ажиллуулан,   аж амьдралыг нь баталгаажуулж, ашиг орлогыг нь нэмэгдүүлсэн байна.
Нутгийнхаа онгон байгалийг хамгаалахын   зэрэгцээ улам олон жуулчдыг татаж, үндэстний өв соёлоо улам олон хүнд таниулах   нь Баяншань болон түүнтэй адил нутгийн олон малчдын хүсэл юм. 
“Хойшид нутагтаа л ажиллаж амьдарна гэж   боддог. Энэ нутагтаа хайраа шингээж, хүчээ өргөнө гэдэг миний хүсэл мөрөөдөл  юм.” 

Найруулагч: Б.МӨЧИР
Эх сурвалж : http://mongol.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл