solongonews
Адуучин Батсүхийн хаврын нэг өдөр
2017-03-29 17:57
Батсүхийн хаврын нэг өдөр ийм байдаг.

Талын цас хайлж, төлийн дуу хангинан, хөдөө нутагт урин дулаан хавар саатахаар малчин түмэн минь Төл малын ажилдаа яарахын зэрэгцээ үрээ цагаалах, даага тамгалах зэрэг ажлуудыг ч ар араас нь амжуулдаг учиртай.

Зүүн Үзэмчин хошууны Улиастай суурингийн Эрдэнэ-Уул багийн ажилч малчин Батсүхийнх өдрийн сайныг сонгон, үрээ цагаалж, даага тамгалжээ. Малчин Батсүхийнх 140 гаруй адуутай бөгөөд тухайн өдөр 30 гаруй даага тамгалж, дөчөөд үрээ хайрсан юм. “Дэм дэмдээ дээс эрчиндээ” гэдэгчлэн, Үзэмчин нутагт адуу тамгалж үрээ цагаалах болоход нутаг усны ахмад настнууд тэргүүтэй олон залуучууд хүрэлцэн ирж тусалдаг болохоор энэ нь хүндэтгэл дүүрэн удаагийн адуун соёлын утга төгөлдөр үйл ажиллагаа болдог.  Монголчууд чухам аль үеэс адуу малдаа дамга дардаг болсон тухай ажиглавал, Хубилай хаан ширээнд заларсан дөрөвдүгээр жилдээ зарлигаар хаан сангийн адуун сүргээ тамгалж “Их тамгат адуу” хэмээн жил бүрийн намар бүртгэдэг гэсэн мэдээ мэдээлэл түүхэн тэмдэглэлд анх харагдсан байдаг. Адуу тамгалах ёсон тэр үеэс эхэлсэн гэж таамаглахад ч  монголчууд адуугаа тамгалан хүний өөрийнх гэж тодорхой ялгаж чадах бичиг соёлын тэмдэгтэй болоод долоон зуу гаруй жилийн түүхтэй болсон ажээ. Үзэмчин монголчууд тэгвэл 1630 онд Онгон Турал ноён Үзэмчин аймгийг өмчлөн эрхшээснээс хойш л адуугаа өөрийн гэсэн ямар нэгэн тамга тэмдгээр бусдынхаас ялгах болсон ч юм уу даа гэмээр адууг хаврын үед тамгалдаг. Гэхдээ зөв талын гуян дээр нь галд улайсгасан төмөр тамгаа дарж тамгална. Адууны хаа дээр дарвал судас шөрмөс нь гэмтэнэ гэж тамга дардаггүй.

Малчин Батсүхийнх адуугаа тамгалах болоход ахмадууд тулгын захад саатан гал түлж тамга улайсгахад хүүхэд багачууд нь аргал хомоол түүж, идэр залуучууд даага тамгалах ажилд шаламгайлна. Ингэж ахмадуудаас аваад хүүхэд багачуудад хүртэл өөр өөрийн ажилдаа шамдан завгүй явахад монгол нутгийн минь адуу тамгалах гэдэг сайхан соёл заншил эрхгүй үе дамжигдан уламжлагдаж явна билээ.

Адууг хязааланд нь цагаалахыг Үзэмчин нутагт үрээ хайрах гэдэг. Хүйтний эрч буурч, хаврын урин дулаан ирж байгаа сэрүүн чийглэг уур амьсгалтай өдрүүдийг тааруулан үрээ хайрвал гэм согог суухгүй, эсвэл засуурын сорви нь богино хугацаанд аньж эдгэрдэг. 

Малчин Батсүх угийн адуу маллаж явсан хүн болохоор үрээ хайрах өдөр болоход л хэдийн ган сайтай, нимгэн мөртэй, хурц иртэй богино хутга болон модон савслага, модон соёо, хавтгай хайруул төмөр зэргээ бэлтгэсэн байлаа. Адуу малд хайртай, ажил явдалд дэмтэй залуус үрээ барьж хэд хэдүүлээ хамжилцан дарж унаган, хойд хоёр хөлийг нь дээсээр битүү уяж татахад үрээ хайрах тусгай хүмүүс нь их л дэмтэй бөгөөд хөнгөн хайрдаг аж.

Даага тамгалах, үрээ хайрах ажилд хамжихаар ирсэн гучаад хүн нэг өдөр хэртэй маш завгүй бөгөөд хөгжөөн наргиантай ажиллаж, даага тамгалах, үрээ хайрах ажлаа дуусгах үед хэдийгээр нэлээд орой болсон ч ажилд оролцсон хүмүүс адуу наадаж сэтгэлээ сэргээн ядаргаагаа тайлан баясаж байлаа. Хөдөө нутгийн хөдөлмөрчин түмэн гэж ингэж ажил хөдөлмөрийн завсар харилцан туслалцаж, харилцан хамжиж байдаг нь үнэхээр магтууштай. Мөн тэдний адуун соёлоо өвлөн уламжилж яваа нь дэндүү бахархалтай.

Найруулагч: Т.Буянхишиг
Эх сурвалж : Шилийнголын өдрийн сонин
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл