Саяхан ХКН-ын Төв Хорооны ерөнхий алба, Төрийн Зөвлөлийн ерөнхий албанаас “Хөдөө орон нутгийн авьяас чадвартай боловсон хүчнийг хөгжүүлэх ажлыг түргэсгэх тухай санал”-ыг нийтэлж, хөдөө орон нутгийг мэддэг ерөнхий төлөвлөгч, хөдөө орон нутгийн төлөвлөгч, барилгын мэргэжилтэн, дизайнерууд болон баг хамт олон хөдөө тосгоны төлөвлөлт, өвөрмөц онцлог шинж чанар бүхий өнгө үзэмжийг бүтээх зэрэг ажилд оролцохыг дэмжиж, зураг төсөл, барилга байгууламжийн түвшинг дээшлүүлэн, хөдөө орон нутгийн өвөрмөц онцлог шинжийг бий болгох тухай тодорхой дурдсан байна.
Хөдөө орон нутгийг сэргээн хөгжүүлэх стратегийг эрчимтэй хэрэгжүүлж байгаа нөхцөлд дизайны үйл ажиллагаа нь өөрийн давуу талыг бүрэн дүүрэн тодруулж, “олон ангилал, олон арга барил”-аар хөдөө орон нутгийн барилга байгууламжид оролцон, архитектурын дизайн, орчны дизайн, бүтээгдэхүүний дизайн, брэндийн дизайн, системийн дизайн зэрэг үйлчилгээний үнэ цэн бүхий дизайныг хийж, хөдөө тосгоны өнгө төрх, орчин, аж үйлдвэр, орлого зэрэг тал дээр тодорхой хэмжээгээр идэвхтэй үүрэг гүйцэтгэж байна.
Хөдөө орон нутгийн бүтээн байгуулалтад урлаг соёл оролцсоноор тосгоны иргэд хөдөө орон нутгийн нийгмийн гол тулгуур, хөдөө орон нутгийн сэргэн мандлын тогтвортой хүч, мөн хөдөө орон нутгийн хөгжлийн гол ашиг тус хүртэгчид гэдгийг илүү тодруулж байгааг үгүйсгэх аргагүй юм. Тиймээс дизайны оролцоо нь “үйлчилгээний үнэ цэн"-д анхаарахаас гадна “хөгжүүлэх үнэ цэн”-ийг өргөжүүлэхэд чиглэх ёстой.
Сүүлийн жилүүдэд зохиогч миний бие баг удирдан Жэжян мужийн Нинбө хотын Чэн Ян тосгон, Нинхай хотын Гэ Жя тосгон, Гүйжөү мужийн Чинлүн хотын Дин Ван тосгон зэрэг газруудад “Урлагаар ард иргэдэд хүч зориг өгч, хөдөөний иргэдээр хөдөө тосгоныг хөгжүүлэх” төслийг хэрэгжүүлэн, хөдөө орон нутгийн соёлыг гүнзгийрүүлэн хөгжүүлэх, ашиггүй нөөцийн үнэ цэнийг сэргээх, “дизайнаар хөдөө орон нутагт хүч нэмэх” шинэ чиг хандлагыг удирдах тал дээр хүч сорьсон юм.
Тосгоны иргэдийн бүтээлч хүчин чадлыг хөгжүүлэх нь
Хөдөө орон нутгийг сэргээн хөгжүүлэхийн гол түлхүүр нь боловсон хүчинд оршиж буй. “Орлогч боловсон хүч”-ний хурдтай оролцоонд тулгуурласан хөдөө тосгоныг бүтээн байгуулах загвар нь нэгэнт хөдөө орон нутгийн сэргээн босголтын хэрэгцээг хангахаа больж, “тосгоны эзэн хүч” бүхий дизайнаар хөгжүүлэх загварыг урт хугацаагаар төлөвшүүлэх нь хөдөө орон нутгийн хөгжил дэх зураг төслийн оролцоонд тогтвортой хөгжлийн гол хөдөлгүүрийг хангаж чадна.
Тосгоны иргэдийн ур чадварыг боловсруулах ажлыг зураг төслийн ажлын гол цөм болгох нь тосгоны иргэдийг дизайны үйл ажиллагааны бүх үйл явцад гүнзгий оролцуулж болохоос гадна, тосгоны иргэд болон тэдний амьдралын асуудалд хандуулан нарийвчилсан тохируулалт хийж болно. Мөн нийгмийн болон худалдааны үнэ цэн бүхий дизайн боловсруулахыг дэмжихээр дамжуулан тосгоны иргэдийн өөрсдийн болон хөдөө орон нутгийн хөгжлийн асуудлыг шийдвэрлэх цогц чадварыг хөгжүүлэх боломжтой.
Жишээлбэл, Гэ Жя тосгоны дизайны үйл ажиллагааны явцад дизайнер болон тосгоны иргэд хамтран хөдөө орон нутгийн нийгмийн амьдралын нэн шаардлагатай асуудал болох “Хээр гаднах нийтийн үйлчилгээний байгууламж”-д чиглүүлэн цогц хэлэлцүүлэг өрнүүлж, “Сууж, хэвтэж, түшиж болох” олон үйлдэлтэй сандал бүтээхээр шийдсэн байна. Дизайнер нь үүнийг бүтээх явцад тосгоны иргэдийг удирдан материал бэлтгэх, зураг төсөл боловсруулах, сийлбэр хийх, менежмент, засвар хамгаалалт хийх зэрэг тал дээр хөдөөгийн амьдралын мэдлэг, ур чадварын давуу талыг тодруулж, хэрэглээний үр ашиг сайтай олон нийтийн суудал бүтээсэн байна. Үүний улмаас урлагт суурилан хөдөө тосгоныг хөгжүүлэх ажилд оролцох иргэдийн оролцоо, ололт амжилт, хүртээмжийн мэдрэмжийг нэмэгдүүлэн, бүтээлч хүчин чадлыг нь сэргээсэн байна.
Эерэг урамшуулал нь тосгоны иргэдийн ур чадварыг дээшлүүлэхэд хүчтэй каталитик нөлөө үзүүлдэг болохыг онцлон дурдах шаардлагатай. Тосгоны иргэдийн ололт амжилт, ахиц дэвшил бүрийг зүрх сэтгэлээсээ магтаж, оролцогчдод алдар гавьяаны одон тэмдгүүдийг гардуулах ёслолын ажиллагаа зохион байгуулах нь тэдний өөртөө итгэх, өөрийн үнэ цэнийг таних итгэл үнэмшлийг үр дүнтэй сэрээж, нуугдмал хүчин чадлыг нь тодруулах ач холбогдолтой.
Орон нутгийн соёлын итгэлийг сэргээх нь
Хөдөө орон нутаг бол Хятадын соёлын “үндэс”, хөдөө тосгоны соёлын өөртөө итгэх итгэл нь мөн хөдөө орон нутгийг сэргээн хөгжүүлэх стратегийн гол утга агуулга, амин сүнс юм. Соёлыг сэргээхэд түүх, соёлоороо алдартай тосгонуудад анхаарал хандуулахаас гадна эгэл жирийн тосгонуудад мөн онцгой анхаарал хандуулах ёстой. Практик туршлагын үүднээс авч үзвэл хувь хүний соёл, гэр бүлийн соёл, өнөө цагийн соёл, уламжлалт соёл нь хөдөө орон нутгийн соёлын системийн чухал бүрэлдэхүүн хэсэг байж, тосгоны иргэдийн орон нутгийн тухай үнэт зүйлд шууд болон дам байдлаар нөлөөлдөг байна.
Зохиолчийн бодлоор тосгоны иргэдийн орон нутгийн соёлд итгэх итгэлийг дараах дөрвөн зүйлээр нэмэгдүүлж болно.
Нэг. Тосгоны иргэдийн өөрийгөө хөгжүүлэх итгэл зоригийг сэргээхийн тулд амьдралын дундах ур чадвар, бэлэн материалыг ашиглах ойлголтыг удирдан амьдралд ээлтэй бүтээгдэхүүн төлөвлөн бүтээлгэх.
Хоёр. Тосгон дахь гэр бүлийн гишүүдийн хөдөөгийн амьдралын туршлагаар гэр бүлийн түүх, элементүүдийг урлагийн бүтээлд нэгтгэхийг уриалж, тосгоны гэр бүлийн соёлын хамтын холбоосыг бий болгох.
Гурав. Олон нийтийн дизайны илэрхийллийн арга барилыг ашиглан хөдөө орон нутагт болж буй эерэг энерги бүхий үйл хэргийг сурталчлан, тосгод хоорондын эв нэгдмэл үнэт зүйлийг бий болгох. Эцэст нь тосгоны шилдэг түүх соёлыг гүнзгий судалж, орчин үеийн хэрэглээний системтэй зохих хэмжээгээр уялдуулан, сүлжээний платформоор дамжуулан ухуулан сурталчилж, цаг үеийн урсгалтай нийцсэн өвөрмөц онцлог шинж бүхий соёлын брэндийн системийг бий болгож болно.
Дин Ван тосгоны “Бү И Ян мөрөөдөл нэхэх өрөө” брэндийг жишээ болгон дурдахад, тус үйлдвэрлэлийн будалт, хатгамлын соёл бол тус тосгоны соёлын үндэс суурь юм. Загвар зохион бүтээгчид нь Ди Ван нутгийн хатгамалчдын ур мэргэжлийг хялбарчилж, хэлбэржүүлээд даавуун цүнх, чихмэл хүүхэлдэй, цайны алчуур, гал тогооны хэрэгсэл зэрэг орчин үеийн өдөр тутмын хэрэгсэлд өргөнөөр ашиглан, өвөрмөц брэндийг бүтээж, цахим худалдааны хэлбэрээр дөрвөн сар гаруй хугацаанд 150 мянга гаруй юаний борлуулалт хийсэн байна.
Ашигтай нөөцийн үнэ цэнийг тодруулах нь
Хөдөө орон нутгийн нөөц баялгийн элементүүд нь хувь хүний эд баялаг, соёлын эд баялгаас гадна хөдөө орон нутагт байгаа их хэмжээний сул орон зай, хуучин эд зүйлс бол мөн чухал нөөц баялаг юм. Зохиолчийн бодлоор тосгоны сул орон зай, хуучин эд зүйлсийн үнэ цэнийг сэргээн босгохын тулд “нурааж дахин байгуулах”, “хуучныг орхиж, шинийг бүтээх” бус харин “бохир, замбараагүй өнцөг буланг бага хэмжээгээр засан шинэчилж, орхигдсон өнгө төрхийг шинэчлэн сайжруулах”, “хуучнаас шинэ зүйлийг төрүүлж, хуучин зүйлийг шинэ аргаар ашиглах” нь зөв сонголт юм.
Нэг талаар тосгон дахь ашиглагдаагүй байшин, хаягдсан тариалангийн талбай, ой мод бүхий газрыг бүхэлд нь цэгцэлж, орчны ариун цэврийн байдлыг баталгаажуулна. Нөгөө талаар “харахад сайхан”, “ашигтай”, “тосгоны хөгжилд үйлчлэх”-ээр зорилго болгож, тосгоны иргэдийг дайчлан тосгоны хямд өртөгтэй материаллаг нөөцийг бүрэн ашиглаж хөдөө орон нутгийн “бичил үзэмж”, “бичил зочны өрөө” зэрэг олон талт орон зайг төлөвлөн байгуулна. Үүнээс гадна, бүс нутгийн хөгжлийн сэдэвчилсэн хөтөлбөрийг боловсруулж, дизайнер нь зөвхөн дизайны нэг хэсгийг гүйцэтгэсэн бүрэн бүтэн бус дизайны аргыг ашиглан, гол сэдэв, зарчим, хэрэглэгч тал зэргээр удирдамж болгон тосгоны иргэдэд зураг төслийг бие даан гүйцэтгэх боломж, орон зайг олгож, бүс нутгийн цогц шинэчлэлт, хөгжлийн төлөө орон нутгийн хуучин эд зүйл, хаягдал материалыг ухамсартайгаар ашиглахыг нь удирдан чиглүүлж болно.
Гэ Жя тосгоны цөлжсөн гавирын ой нь “Хүүхдийн аялал жуулчлал + орон нутгийн судалгаа” сэдэвт үндэслэн, тосгоны иргэд тоглоомын болон сувилахуйн хэрэгслийг ухамсартайгаар ашиглаж байгуулсан амралтын бүс юм. Тэр дунд тосгоны иргэд дээдсийн сүмийг сэргээн засварлаж, нураахад үлдсэн байшингийн дам нуруу, хавтангуудыг ашиглан бүтээсэн олон тооны амьтдын хийсвэр баримал, банзан гүүр, амрах суудал зэрэг байгууламжууд байгаа бөгөөд эдгээр дизайнууд хүүхдүүд, эцэг эхчүүдэд маш их таалагдаж байна.
Тосгоны иргэдийн цогц үзэл баримтлал, хөдөө орон нутгийн нөөц баялгийг золиослон байж хөдөө орон нутгийг хөгжүүлэх нь алдагдал ихтэй. Харин тосгоны иргэдээр орон нутгийн соёл, нөөцийг чадавхжуулж, хөгжүүлэх нь тогтвортой, алс хэтийн үнэ цэнтэй байж чадна. Ирээдүйд дизайныг хөдөө орон нутгийн хөгжилд оролцуулах явцад бид мөн тосгоны иргэдийг чадавхжуулах арга замыг тасралтгүй гүнзгийрүүлэн судалж, хөдөө орон нутгийн амьдрал, соёлын бүтээлч бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдааны тавцанг байгуулан, уялдаа холбоогоо өргөжүүлэх ёстой. Мөн орон нутгийн засаг захиргаа, их дээд сургууль, аж ахуйн нэгж, нийгмийн байгууллагууд зэрэгтэй хамтран хөдөө орон нутгийг сэргээн хөгжүүлэх нөлөө тусгалыг нэмэгдүүлэн, “Урлагаар ард иргэдэд хүч зориг өгч, хөдөөний иргэдээр хөдөө тосгоныг хөгжүүлэх” загварын катализаторын хүчийг эрчимтэй дэлгэрүүлж, “тосгоны иргэдийг дэмжих, соёлыг хүчирхэгжүүлэх, нөөцийн үнэ цэнийг нэмэгдүүлэх” арга замыг илүү системтэй, итгэлтэй, үр дүнтэй болгох болно.
