Хатуу хахир өвлийн өдрүүд алслан холдож урин дулаан хаврын өдрүүд ийнхүү айлчан ирж байна. Хүн бүр л хаврыг мөрөөдөж мод бут гөлөглөн нахиалахыг тэсэн ядан хүлээдэгсэн. Өдрөөс өдөрт харсаар байтал модод ногоороод хоног сунаж өдөр уртсаад л хүмүүсийн алхаа гишгээ хүртэл тайваржаад хавар цаг үнэхээр сэтгэл дулаацуулан ирлээ.

Цаг хугацаа гэдэг харвасан сум лугаа өнгөрдөг юм байна. Байгаль дэлхий сэргэж, өнгөө засахтай зэрэгцэн хүн бүрийн сэтгэл тэнийнэ. Арга ч үгүй биз. Хүн байгаль хоёр хүйн холбоотой болохоор тэр. Энэ л улиралд цас мөс хайлж, газар гэсэж газрын дотоод бүлээн уур дээшилж, түүний нөлөөгөөр цэцэг ногоо ургаж байгаа байгаль дэлхий ногоон дээлээ өмсдөг. Тийм ч учраас хаврыг хайрын улирал ч гэж нэрийддэг. Хавар хайр гэдэг хоёр үг салшгүй холбоотой байдаг билээ.




