solongonews
Бүсгүйчүүдээ, авахаасаа өгөх нь сайхан
2015-12-28 18:21
Залуухан бүсгүй бас гэрийн эзэгтэй та санаа аваарай. Амьдралдаа эрч хүчтэй, олон найз нөхөдтэй, танилын хүрээ сайтай баймаар байна уу?
 Ийм байх нь тун энгийн шүү. Танаас зөвхөн авхаалж самбаа шаардагдана. Надад ийм юм алга, тийм юм хэрэгтэй байна гээд дутуу гачуугаа тоочин шаналж сууснаас хэн нэгнийг баярлуулах, найз нөхөддөө өгчихмөөр бэлэг сэлт байгаа эсэхээ өөрөөсөө хайгаарай. Нүд чинь орой дээрээ гарна гэдэгт эргэлзэхгүй байна. Учир нь танд төсөөлшгүй их эд зүйлс байгаа.
Эд зүйлсээ хэнд бэлэглэж болох тухайгаа сайн бодоод, тусгайлан бэлд. Дараа нь түүн рүүгээ утсаар ярь. Амьдрал ажил үйлс нь ямар байгааг асууж сурагла, анхаарал тавьж яриарай. Ярианыхаа төгсгөлд өөрт нь л зориулж бэлэг бэлдсэн тухайгаа хэлээрэй. Утасны цаанаас та хязгааргүй их баяр баясгаланг мэдрэх болно. Хожим нь тэр чамайг яг л чам шиг баярлуулах нь дамжиггүй. Өөрт байгаа зүйлсээ хэзээ ч бүү голж чамлаж байгаарай.
 
Хөргөгчөө нээгээд хар даа, онц зүйл алга гэж бүү бод. Харин алиныг нь юутай хольж, хялбархан амттай зууш бэлтгэж болохыг сэд. Ажилдаа гарахаас өмнө түрэгхэн бэлтгээд хоолны жижиг саванд аваад яв. Өөрөө эс идсэн ч хэн нэгэн найздаа өгөөрэй. Тэгээд таны чамласан жижигхэн хүнснээс ямар их талархал ундрахыг хараарай. Байгаа бүхнээ бага гэж чамлалгүй бусдад өгөөрэй. Хариу нь танд уул овоо шиг болж ирнэ. Бүсгүй минь та авхаалжтай, самбаатай байвал танилын хүрээгээ тэлж, найз нөхөддөө дотно уур амьсгал төрүүлж чадна. Ингэж бусдад эд зүйлс өгөхийг “тал засаж байна” гэж хэлэхвий гэж бүү санаа зовоорой. Хүн гэдэг сэтгэлийн амьтан. Тиймээс хэн нэгнээс анхаарал халамж битүүхэн горьдож л яваа.
 
Тэгээд ч хэн нэгнийг баярлуулах нь юу нь буруу гэж ... Бүсгүй минь туршаад үзээрэй, таны амьдрал хэдхэн сарын дотор гайхалтай өөрчлөгдөх болно. Байхгүйгээ тоочин гуниглаж суухын оронд байгаагаа барин бусад руу яардаг аз жаргалтай бүсгүй болоорой. Авсан хэрнээ л гачигдаад байдаг амьдрал байхад, өгөөд л байхад улам ундараад байдаг амьдрал бас байдаг юм шүү. Алиныг нь сонгох нь бүсгүй таны хэрэг.
Эрч хүч, аз жаргалын эрэлд эцэж цуцахгүй яваа бүсгүй танд амжилт хүсье. Таны дотны анд “Монголжингоо”
 
 
Найруулагч: Энхтуяа
Эх сурвалж : Mongoljingoo.mn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл