solongonews
“Нутгийн үнэр” уран бичлэгийн үзэсгэлэн
2016-06-18 19:54
Өвөр Монголын уран бичлэгтэн Боржигон овогт Үнэний “Нутгийн үнэр” нэртэй бие даасан үзэсгэлэнгийн нээлтийн ёслол өнөөдөр буюу зургаадугаар сарын 18-нд Хөххотын Үндэстний уран зургийн ордонд боллоо.

        Үзэсгэлэнг Өвөр Монголын Өөртөө Засах Орны Монгол Уран бичлэгтний нийгэмлэг, Өвөр Монголын Хянган аймгийн Хорчин баруун гарын дунд хошууны Утга урлагийн холбооноос голлон эрхэлснээс гадна Хөххотын Алтан хүрд Соёл дэлгэрүүлэх компани, мөн бусад албан байгууллага, хувь хүмүүс хамтран зохион байгуулсан байна. Содон авьяасаараа ялгарч байгаа уран бичлэгтэн Үнэн өвөрмөц бүтээлүүдээрээ үзэгч олондоо урам зориг, өөдрөг итгэл, эрч хүч өгөхийг зорьжээ. Тэрээр нэг жилийн өмнө гэнэтийн тохиолдлоор өвдсөн боловч эмнэлэгт эмчлүүлэх жил гаруйн хугацаандаа уран бичлэгээ улам хичээнгүйлэн бичсэн байна. Үзэсгэлэнд түүний хүнд бэрхийг даван туулах эрч хүч, урам зоригоор хөглөгдөн туурвисан жар гаруй бичлэгээс гадна Өвөр Монголын нэрт уран бичлэгтэн Ж.Монголхүү зэрэг анд нөхдийнх нь зарим шилдэг бүтээлээс дэлгэгджээ.

“Нутгийн үнэр” үзэсгэлэнгийн нээлтийн ёслолд түүний хүндэт эрдэмтэн багш нар, Өвөр Монгол орны өнцөг булан бүрээс нэр хүндтэй уран бичлэгтнүүд, мөн уран бичлэг сонирхогчид хүрэлцэн ирснээс гадна түүнийг эмчилж буй Өвөр Монголын Олон Улсын Монгол эмнэлгийн хорооны төлөөллөөс хүрэлцэн ирсэн юм. Өөрийн гэсэн өвөрмөц онцлог бүхий эдгээр уран бичлэгүүд хэн бүхэнд эрч хүч, хийж бүтээхийн төлөөх хүсэл тэмүүллийг бэлэглэж чадсан сайхан үзэсгэлэн байна гэж хурсан олон сайшааж байлаа.


                                             Бэлтгэсэн: Э.ҮРЖИНХАНД 

                                             Зургийг: Т.БУЯНХИШИГ

 

Найруулагч: Солонго мэдээллийн төв
Эх сурвалж : Солонго мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл