solongonews
Уяан дээр өрнөсөн яриа
2019-08-05 17:29
Уяан дээр өрнөсөн яриа

Өвөр Монголын Өөртөө Засах Орны Олон Улсын Адуун Соёлын анхдугаар наадмын хүрээнд зохион байгуулсан Өвөр Монголын Өдрийн Сонины Хорооны Монгол Улс дахь сурвалжилгаар бид “Дэлхийн монголчууд” сэтгүүлийн эрхлэгч, “Монгол туургатны адуун соёлын нийгэмлэг”-ийн тэргүүлэгч, сэтгүүлч, морь судлаач Шарын Ганхуягтай ярилцсан юм.

“Монголын удамт хурдан хүлгүүд”, “Хүлгийн хурд оршвой”, “Уяан дээрх хууч”, “Уяачийн алтан гэрэгэ”, “Уяачийн ном”, “Унаган хүлэг” зэрэг олон сайхан уран бүтээлээ монгол түмний оюуны хүртээл болгосон Ш.Ганхуяг ахтай бид улсын их баяр наадмын босгон дээр хүлгийн хийморьтой Хүйн Долоо Хутагт уулзан ярилцсан билээ. “Хүн баярлатал ном бичих хэцүү. Гэвч бичдэг хүн байдаг. Түүний нэг нь Шарын хүү Ганхуяг болно” гэх Монгол Улсын Төрийн шагналт яруу найрагч Дөнгөтийн Цоодолын хэлсэн үгээр ярилцлагаа хүргэхэд таатай байна.

- Сэтгүүлч хүн яагаад морь судлаач болсон бэ?

Төв аймгийн сонинд ажиллаж байхдаа наадмын дугаар бэлдэх болж, морины тухай бичиж эхэлсэн. Дараа нь “Ардын эрх” сониноос мөн морины тухай бичих үүрэг даалгавар авч бичиж явсаар нэг л мэдэхэд энэ зам руу орсон байна.

- Та морьтой ойрхон өссөн үү?

Хөдөөний монгол хүүхдүүд яаж өсдөг би яг л тэр замаар өссөн. Манай аав морь уядаг, морь сайхан унаж эдэлсэн, сайхан адуутай хүн байсан. Надад бас сайхан сайхан морь авч өгдөг байлаа. Би моринд багаасаа их дуртай.

- Монгол Улс, Өвөр Монгол адилхан монгол туургатан хэдий ч хилийн наана цаана оршдог учир жигд хөгжихгүй нь мэдээж. Таны бодлоор Ар, Өвөр Монголын адуун соёлын хөгжлийн ялгаа юунд байна?

Хоёр өөр улс орон болохоор соёлын ялгаатай тал байлгүй л яах билээ. Өвөр Монголоор аялж явахад морь уядаг хүмүүс их олон харагдаж байсан. Ялангуяа залуучууд нь их морь унадаг болсон байна. Мөн адилхан монгол үндэстэн болохоор л хэл соёл, зан заншлаараа ижилхэн байдаг, мөн адилхан адууны соёлыг дээдэлж явдаг.

- Дээр үеийн богино дуу, уртын дууны үг нь эхний бадагт морио дуулж, сүүлийн бадгуудад аав ээж, амраг хонгор, нутаг усаа дуулах нь их байдаг. Одоо ч морь унадаг морьтой нөхөрлөдөг хүмүүс “Би хаана хаагуур явж ирлээ” гэхээсээ илүү “Морь бид хоёр хаана хаагуур явж ирлээ” гэх монгол сэтгэхүй бий. Энэ бүхнийг та яаж ойлгодог вэ?

Морь монгол хүний амьдралаас салшгүй холбоотой, одоог хүртэл нүүдлийн соёл иргэншлийн тулгын чулууг тулж, буурийг сахиж байгаа нь манай монголчууд. “Морь, нохой шиг үнэнч”, “Морь шиг үнэнч амьтан байхгүй” гэж ярьдаг. Төр, улс орны хүчирхэг байхад хүртэл морьтой холбоотой байсан байна. “Нарийн сайхан хээр” дуунд “Нарийн сайхан хээрийг аргамжин сааж унаарай, Настай буурал ээждээ намрын сардаа золгоорой” гэж дуулдаг мэтээр монгол хүн морьтой бүх юмаа холбож ярьдаг. Тэр ч утгаараа морь нь амьдралаас салшгүй холбоотой буюу олон дуу морьтой холбоотой. Ер нь бүх урсгал чиглэл морьтой холбоотой байдаг.

- Морь гэдэг Монголчуудын шүтэн дээдэлдэг амьтан хэдий ч адгуус амьтан. Энэ амьтныг уяж, сойж, учрыг нь олж ханилдаг уяачдыг та хэрхэн үнэлдэг вэ? Монголын сайхан уяачдын түүхээс ярьж сонирхуулаач?

Би олон сайхан уяачдын уяан дээгүүр явж, олон сайхан наадмын өдрүүдийг, олон сайхан зуны нарыг уяан дээр, адуу мал дээр өнгөрүүлсэн. Манай уяачид маш эртнээс өвлөгдөж ирсэн соёлыг авч явсаар байна. Намайг хөдөө орон нутгаар явж байхад хүмүүс “Адууг хурдлуулж, алдар хүндэд хүргэдэг хөдөлмөрч уяачдын тухай бичих” санал тавьж байсан. Уяачдын тухай бичээд ирэхээр их нандин зүйлүүд гарч ирдэг. Өв уламжлалаа дагаж, эрт дээрээс өвлөж үлдсэн адуугаа яаж додомдон, өнө удаан жил хурдлуулан нэрд гаргах гэдэг нь уяач хүний хэрэг болдог. Уяач хүн адуундаа их хүч хөдөлмөр зарцуулан додомддог. Миний “Уяачийн ном”-д газар газрын уяачдыг тэгшхэн оруулахыг хичээсэн. Зөвхөн Улсын наадамд нэрд гарсан хэдэн уяачид, морьдын тухай бус баруун бүсийн хязгаар, хангай говийн уяачдыг адил тэгш хамруулахыг зорьсон юм.

- Та олон газраар явж, олон уяачидтай уулзаж явсан хүн. Эмэгтэй хүн морь уяж байгаатай таарч байв уу?

Тааралдалгүй яах вэ. Монголд ганц манлай уяач Хорлоодой гэж эмэгтэй байсан. Тэр хүн тэтгэвэртээ гараад л морь уясан. Хэдэн жилийн өмнө би Хэнтий аймагт явж байхад жижигхэн майхантай айлын гадаа уяан дээр буухад залуухан бүсгүйтэй тааралдаж байлаа. Тэр эмэгтэй аймгийн наадамд хоёр үрээгээ айрагдуулсан байдаг.

- Таны уран бүтээлүүд дотроос “Монголын удамт хурдан хүлгүүд” номыг илүү сонирхож байна. Номд орсон Монголын ард түмний сэтгэл зүрхэнд шингэсэн хурдан хүлгүүдээс онцолбол?

Олон сайхан адууны тухай бичсэн. “Унаган хүлэг” номдоо Монгол Улсад гурван удаа түрүүлсэн Хандоржийн хонгор халзан морины тухай тодорхой бичсэн. Өвөр Монголд дуулагдаж байсан “Хөгшин хоохон” дуу одоо ардын дуу болж дуулагдаж байна. Морь гэдэг хүлэг домог шиг алдаршиж, хүмүүсийн зүрх сэтгэлд үлдэж байдаг юм. Өөрийн хөдөлмөрөөрөө унаган адуугаа бий болгосон хүмүүсийн тухай бичиж, тэр хүмүүсээс бусдыг суралцаасай гэж бичдэг. Хөдөлмөрийн баатар Даваахүү гэж Монголын зууны манлай уяач ах маань гурван үедээ цуглуулсан адуугаа өнөөдөр гаргаад уралдаж байна. Түүний хүү Баянбатад нь “Наран хонгор” гэдэг үнэхээр сайхан хурдан адуу байдаг. Тэр бол Даваахүү ахын маань үр хүүхдүүддээ өв уламжлал болгон өвлүүлж үлдээж байгаа хурдан хүлэг. Ах маань надад “ Би одоо л өөрийн унаган адуу гэж ярих цаг болж байна” гэж ярьж байсан.

- Монголчууд ураг төрлийн хол нь дээр гэж цус ойртохыг бэлэггүйд үздэг юм байна. Тэгвэл адуун дээр ч гэсэн адилхан байх уу?

Яг ингэж бас ойлгож болохгүй юм. Өөрийн гэсэн сайн унаган адуугаа бий болгоход өөр дотор нь цусыг нь сэлбэж хадгалдаг. Цөм гэдгийг нь цусан дотор нь хадгалдаг гэсэн үг. Хүмүүс найман үе дотроо сууж болохгүй гэж хэлдэг. Одоо Монгол Улсад тоотой хэдэн хурдан адууны угшил байдаг. Эдгээрийг Монголын уяачид мөн чанарыг нь хадгалж бий болгосон байдаг юм.

- Соёолонгийн тоосыг илүү их бэлэгшээдэг тухайд?

Соёолон гэдэг нь хүнээр бодвол ид эр бяр нь ханаж байгаа эр хүн шиг хийморь, цог сүлдтэй насны морийг хэлдэг. Хөлийн хамгийн хурд нь соёолон насанд гардаг гэж үздэг гэх зэрэг зүйлүүдээс л болж бэлэгшээж байгаа болов уу.

- Танд маш их баярлалаа.

Зохиогч: Ярилцсан: С.УРЬХАН, С.САРАНЧИМЭГ, Б.ТУЯА
Найруулагч: С.САРАНЧИМЭГ
Эх сурвалж : Солонго мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл