Сүүлийн үед Хятадын хэмжээнд цахим оффисын хэв маяг хурдтай хөгжиж, цар тахлаас урьдчилан сэргийлэх, хянах хэрэгцээг хангаад байгаа юм. Түүгээр ч зогсохгүй, бүх нийгмийн ажлын үр дүнг дээшлүүлэх, олон салбар хоорондын хамтын ажиллагааны загварыг шинэчлэх, үйл ажиллагааны зохион байгуулалтын арга хэлбэрийг өөрчлөхөд түлхэц болсон байна.
Хуучин загваруудыг шинэчилсэн “Онлайн оффис”, “Алсын зайны оффис” зэрэг нь Хятадын дижитал эдийн засгийн шинэ онцлох шинж чанар болоод зогсохгүй, үүнийг дагаад маш олон программ, техникийн шинэчлэлүүд ар араасаа гарч, дэлхийд тэргүүлэх боллоо.
“Цахим оффис”-ын давуу тал
Шанхай Шы Гуан Ли дэлгүүрийн борлуулалт өмнөх оны мөн үетэй харьцуулахад 110 хувиар өссөн бол Бээжингийн Да Дүн дэлгүүрийн борлуулалт өмнөх оны мөн үеэс 92 хувиар өссөн байна. Цар тахлаас урьдчилан сэргийлэх, хянах үеэр төв байр нь Шанхайд байдаг “Tayonya” тавилгын компаний борлуулалт өмнөхөөсөө багасаагүй, харин ч өссөн. Компаний албан тушаалтан Пань Шүжэнь үүнийг алсын зайны оффисын платформын ач гавьяа гэж үзэж байна.
Онлайнаар баримт бичиг батлах, уулзалт зохион байгуулах, видео хурал хийх зэргээр компаний ажил хэвийн үргэлжилсээр. Пань Шүжэнь том, жижиг бүх ажлыг алганы зураас шигээ сайн мэддэг. Тайбэйд ажилладаг тэрээр өглөө бүр 08:00 цагт “Дин Дин /DingTalk/” программ ашиглан байгууллагын өглөөний хурлыг цаг тухайд нь зохион байгуулж, ажлаа зохицуулан, ажилчдаа урам зоригоор дэмждэг.
- Ажилтнууд маань оффлайнаар цугларч чадахгүй ч тэдний зүрх сэтгэл “үүлэн” дээр хамт байдаг гэж тэрээр олзуурхан хэлж байлаа.
Он гарснаас хойш онлайн оффисын загвар хурдтай хөгжиж эхэлсэн. Тооцооллоос харахад Хятадын алсын зайны оффисын зах зээл 2020 онд 44.8 тэрбум юаньд хүрэх төлөвтэй байгаа нь 2017 оныхоос 7.5 дахин их юм. Өмнө нь уламжлалт утгаараа "Ажилдаа явах” гэдэг нь ихэвчлэн оффлайн оффисын хэв маягтай байлаа. Ажилчдынхаа ирцийг бүртгэх, хурууны хээ, нүүр уншуулах зэргээр хязгаарлалтай арга барилыг зарим салбар, аж ахуйн нэгжүүд ашиглаж байсан боловч ерөнхий оффисын загвар болж чадаагүй байв.
Цар тахал дэгдсэнээс хойш гэрийн оффис, алсын зайны оффис, цаасгүй оффистой холбоотой ажлын шинэ хэлбэрүүд газар авч эхэлсэн. Онлайн оффис “хэзээ ч, хаана ч” ажлаа явуулж болох оффисын шинэ загварын шаардлагуудыг бүрэн хангасан. “Хүрэлцэхгүй” байдлаар цар тахлаас урьдчилан сэргийлэх, хянах хэрэгцээг хангаад зогсохгүй, оффисын оффлайн горимын хэвийн байдлыг харилцан нөхөж, “ажилдаа явах” гэдэг ойлголтыг дахин цоо шинээр тодорхойлсон байна.
- Хүмүүс цар тахлын үеэр онлайн болон дижиталд чиглэсэн хүчийг үнэхээр сайн мэдэрч, онлайн оффисын түгээмэл хандлагыг дор хаяж гурван жилээр хурдасгасан гэж Алибаба Дин Дин программын гүйцэтгэх захирал Чэнь Хан ярьж байна. Дин Динг хариуцагч албан тушаалтны хэлснээр 300 сая хэрэглэгч, 15 сая байгууллага Дин Дин программыг ашиглаж байгаа юм. Цар тахал дэгдсэнээс хойш 10 гаруй сая компани тус платформын хэрэглэгчээр нэмэгджээ. Дин Дин нь мөн “Alibaba Cloud” дээр 100 мянга гаруй “үүлэн сервер” байршуулж, 130 гаруй сая сурагчдыг онлайн хичээлд хамруулахад тусалсан байна.
“Alibaba”-гийн “Дин Дин”-гээс гадна “Фэй Шү”, “Tencent хурал” зэрэг программууд бий. Энэ хүрээнд интернэтийн тэргүүлэгч компаниуд хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлж, нэгэн цуврал хүчирхэг, найдвартай онлайн оффисын хэрэгслүүдийн хэрэглээний цар хүрээ хурдтай өргөжив.
- Гэрээсээ ажиллах нь өдөрт ирж, очих хоёр цагийг хэмнэж өгдөг. Энэ хэв маягаар байнгын чанартай үргэлжлэхийг хүсэж байна гэж Бээжин хот дахь нэгэн төрийн өмчит аж ахуйн нэгжид ажилладаг Ма Чэнь сэтгэгдлээ хуваалцлаа. Энэ жилийн цагаан сарын дараа хэдэн сар гэрээсээ ажилласан тэрээр сүүлийн өдрүүдэд сэргээгдсэн уламжлалт маягийн ажиллах хэлбэртээ нэг л дадаж өгөхгүй байгаа тухайгаа дурдсан юм.
Цар тахлаас урьдчилан сэргийлэх, хянах нөхцөл сайжирснаар олон компаниуд уламжлалт оффлайн оффисын загвараа сэргээж эхэлсэн. Гэвч зарим компаниуд шинэ загварын давуу талыг мэдэрч, онлайн оффисын загвараа хэрэгжүүлсээр байна.
Нэгэн цахим компанид ажилладаг залуу Вэй Чян:
- Онлайнаар хэдэн сарын турш ажилласны дараа компаний удирдлага бизнесийн 90 хувийн үйл ажиллагааг онлайнаар хийх боломжтой. Энэ нь ажилчдын явж, ирэх цагийг хэмнэж болдог болохыг мэдсэн. Одоо манай хэлтэс гэртээ ээлжээр ажиллах системийг хэрэгжүүлж, жижүүрийн ажилтнуудаас бусад нь ирц бүртгүүлэх шаардлагагүй болсон гэж сонирхуулан Бээжингийн Чао Ян дүүрэг дэх кофены газарт ажлаа амжуулж сууна. Тэрээр:
- Гэртээ ажиллахаар амархан залхуу хүрч, үр дүнгүй байдаг. Компанидаа очих гэхээр хэтэрхий хол. Энэ кофены газар гэрт ойрхон, тохилог, ажлын уур амьсгалтай болохоор би энд байнга ирж суудаг гэж сонирхуулан ярьсан юм.
“Цаасгүй” үйлчилгээ олны таашаалд хүрч байна
Онлайн оффис нь зөвхөн аж ахуйн нэгжүүдээр хязгаарлагдахгүй бизнесийн системийн бүхий л хүрээний үйл ажиллагаанд ашиглагдаж байна.
Нэг ажлыг бүтээхийн тулд олон хэлтэс дамжиж, хэд хэдэн хүнээр гарын үсэг зуруулж бас олон ч тамга дарах хэрэгтэй болдог. Ийм байдал өмнө нь олон бизнес эрхлэгчдэд толгойн өвчин болж байсан. Өнөөдөр харин аж ахуйн нэгжүүдийн “цаасгүй” үйл ажиллагаа, засгийн газрын “цаасгүй” үйлчилгээнүүд тэрхүү үйл явцыг улам багасгаж байна.
- Цахим баримт бичиг байгаа бол татвар төлөхөд цаг товлох, биечлэн очих шаардлагагүй болсон гэж Жянши мужийн Наньчан хотын шинээр нээгдсэн “Ян Жин” хоол хүнсний компаний албан тушаалтан Чю Минь ярьлаа. Саяхан тэрээр Цахим татварын товчоогоор дамжуулан 20 ширхэг цахим баримт бичгийг шууд гаргасан төдийгүй, баримт бичгийн хүргэлтийг и-мэйл, SMS зэрэг аргаар явуулсан байна.
Татварын товчооны цахим платформ нь татвар төлөгчдийн татварын төлбөрийн тав тухтай байдал, ажлын үр дүн зэргийг ихээхэн дээшлүүлж, татвартай холбоотой асуудлын 70 гаруй хувийг платформ дээр шийдвэрлэх боломжтой болсон байна. Үйлчилгээний нэгдсэн нүүр хуудас болон гүйцэтгэх үйл явцтай тул компаний санхүүгийн ажилтнууд компани болон татварын товчооны хооронд байнга “довтолгох” шаардлагагүй болсон юм.
Олон нийтийн харилцааны салбарт онлайн оффис ашиглах нь аж ахуйн нэгжүүдийн бизнесийн орчныг зогсолтгүй сайжруулж чаддаг. Олон төрлийн дижитал хэрэглээний дэд бүтцүүд улам сайжирч, онлайн оффисын олон талт хэрэгцээг үр дүнтэй дэмжин, төрийн байгууллагуудад “цахим засгийн үйлчилгээ” үзүүлэх боломжоор хангаж, мэдээлэл илүү “гүйж”, иргэд дутуу “гүйх” шинэ зарчим хэрэгжүүлсэн байна.
Саяхан Зах зээлийн зохицуулалтын ерөнхий товчоо зэрэг яам, зөвлөлүүд хамтран “Бизнесийн бүртгэлийн үйлчилгээг цаашид илүү оновчтой болгох тухай мэдэгдэл” гаргасан юм. Үүгээрээ бизнес эрхлэх цахим лиценз, цахим баримт бичиг, цахим тамга хэрэглэхийг эрчимтэй дэмжсэн бөгөөд 2020 он дуусахаас өмнө бизнес бүртгүүлэх үйл явцыг бүхэлд нь онлайн хэлбэрээр хэрэгжүүлэх тухай санаачилсан байна.
Энэ тал дээр Хятад улсдаа Шанхай хот тэргүүлж байна. 04-р сард Шанхай хотын зах зээлийн хяналтын байгууллага цахим лиценз, цахим тамга тэмдгийн системийг сайжруулснаар Хятад улсын хэмжээнд анх удаа цахим лиценз, цахим тамгыг нэгэн зэрэг олгох ажлыг гүйцэтгэсэн байна. Цахим лиценз, тамга нь цаасан лиценз, бодит тамгатай адил эрхзүйн хүчинтэй. Компаниуд үүнийгээ ашиглан Засгийн газрын цахим платформ дээр татвар, нийгмийн даатгал төлөх зэрэг үйл ажиллагааг гүйцэтгэх боломж нээлттэй.
07-р сарын 15-нд Үндэсний хөгжил, шинэчлэлийн зөвлөл зэрэг яам, зөвлөл хамтран “Бизнесийн шинэ хэлбэр, шинэ загварыг эрүүлээр хөгжүүлэх, ажлын байрыг өргөжүүлэх зорилгоор хэрэглээний зах зээлийг идэвхжүүлэх тухай санал” нийтэлсэн. Үүндээ цахим гэрээ, баримт, тамга, гарын үсэг, цахим гэрчилгээ зэрэг дижитал хэрэглээний дэд бүтцийг төгөлдөржүүлэхийг дэмжих хэрэгтэй гэж дурдсан байна. Энэ нь дижитал ачаалагчаар цаасан ачаалагчийг орлуулахыг дэмжиж, засгийн газар, аж ахуйн нэгжүүд онлайнаар ажиллахад үр дүнтэй дэмжлэг үзүүлэх болно гэдгийг салбарынхан онцоллоо. Нэг талаас дижитал хэрэглээ нь аж ахуйн нэгжүүдийн онлайн бизнесийн үйл ажиллагааны сүлжээг бий болгож, бизнес эрхлэх, ажиллуулах зардлыг бууруулдаг. Нөгөө талаас дижитал хэрэглээ болон тэдгээрийн дэд бүтцийг сайжруулснаар бизнесийн орчныг оновчтой болгож, засгийн газрын үйлчилгээний менежментийг сайжруулан, уламжлалт оффисын загварыг өөрчилж болдог.
Цар тахал өнгөрсөн ч хөгжлийн орон зай хэвээрээ
Цар тахлаас урьдчилан сэргийлэх, хянах нөхцөл байдал сайжирснаар онлайн оффис түгээмэл хэвээр үлдэж чадах уу?
Онлайн оффис нь халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх хэрэгцээнд үйлчилдэг “Үл хүрэлцэх” арга барилаас хамаагүй илүү утга учиртай. Цар тахал дууссаны дараа онлайн оффисын холбогдох ажилтнууд мөн хэвээр үлдэх болно гэж мэргэжилтнүүд үзэж байна.
Хамрах хүрээний хувьд одоогийн байдлаар Хятадад алсын зайнаас онлайнаар ажиллаж буй хүний тоо дөнгөж нэг хувьтай байгаа бол зарим улс орны төлөвшсөн зах зээлд 20 хувиас хэтрээд байгаа учраас алсын зайнаас ажиллах хэв маягт мөн хөгжлийн өргөн боломж байна.
- Онлайн оффис нь шинээр байгуулагдаж буй олон жижиг, бичил бизнес эрхлэгчдийн хувьд үйл ажиллагааны зардлыг ихээхэн бууруулж чаддаг. Ирээдүйд онлайн болон оффлайн оффисыг уялдуулан ашиглах нь шинэ чиг хандлага болж магадгүй гэж Чэнь Хань үзэл бодлоо илэрхийллээ.
Тав тухтай онлайн оффисыг хөгжүүлэх, алсын зайны оффисын программыг сурталчлах, аюулгүй, найдвартай онлайн оффисын хэрэгслийг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлнэ гэж энэ удаад нийтэлсэн “Санал”-д тодорхой заасан байна. Энэ бол холбогдох салбарууд, ялангуяа онлайн оффисын платформыг хийж бүтээх, худалдааны чиглэлээр ажилладаг компаниудад ихээхэн ач холбогдолтой.
Шинэ технологийг боловсруулж, хэрэгжүүлснээр “хэзээ ч, хаана ч” ажиллаж болох онлайн оффисын орчин бий болгох боломжтой. Оны эхний хагаст Үйлдвэр, мэдээллийн технологийн яам, Үндэсний хөгжил, шинэчлэлийн хороо зэрэг байгууллага нэгжээс олон удаа мэдэгдэл гаргаж, шинэ дэд бүтцийн бүтээн байгуулалтыг түргэсгэх, аж үйлдвэрийн интернэт платформыг удирдан 5G, хиймэл оюун ухаан, блокчейн зэрэг шинэ технологид тулгуурлах чадварыг дээшлүүлэх, алсын зайны оффисын тал дээр үйлчилгээний чиглэлийн аж ахуйн нэгж, эсвэл хүрээлэн дэх 5G сүлжээний бүтээн байгуулалтад анхаарлаа хандуулах хэрэгтэй гэж дурдсан байна.
5G нь цаашид онлайн оффисын салбарт чухал үүрэг гүйцэтгэх нь тодорхой
- Гэртээ ажиллах, видео хурал зохион байгуулахад тухайн газарт нь байгаа мэт мэдрэмж төрүүлдэг. Ирээдүйд эдгээр асуудлаар өргөтгөсөн бодит байдал эсвэл виртуал бодит байдлын технологийг ашиглах боломжтой. Үүний тулд тогтвортой, өндөр холболттой утасгүй харилцаа холбооны сүлжээ шаардлагатай бол 5G технологи эдгээр асуудлыг шийдэж чадна гэж Хятадын Олон улсын эдийн засгийн солилцооны төвийн Эдийн засгийн судалгааны газрын орлогч дарга Лю Шяндүн хэллээ.
Алсын зайны оффисын программ нь хамгийн сүүлийн үеийн дижитал технологийг нэвтрүүлэх гол хэрэгсэл болж байна. Улмаар 5G, нүүр царайгаар таних, текст - яриаг харилцан хөрвүүлэх, том дата өгөгдөл зэрэг технологийг өргөнөөр нэгтгэж, хүмүүсийн ажил хөдөлмөр, хамтын ажиллагааны хэв маягийг эрс өөрчлөх болно. Үүний зэрэгцээ ухаалаг сүлжээ, ухаалаг хэвлэл болон ирц бүртгэл, ухаалаг угтуул, AR шил, ухаалаг хурал зэрэг тоног төхөөрөмжийн бүтээгдэхүүнүүд нь компани, байгууллагын оффисын орчны гол бүрэлдэхүүн хэсэг болж, “Программ хангамж ба техник хангамжийн нэгдэл” нь аж ахуйн нэгжүүдийн хамтын оффисыг бүхэлд нь хамарна гэж салбарынхан үзэж байгаа юм.
Зах зээлийн тэсрэлттэй тэлэлт нь онлайн оффист сорилт учруулсан байна. Хэрэглэгчийн туршлага дутуу, хэт олон хүн зэрэг ажиллуулах зэргээс шалтгаалан гацах, тэр байтугай серверийн сүйрэх зэрэг асуудал үүсэж байна. Алсын зайны оффисын программ хангамж нь бүтээгдэхүүний боловсруулалт, ашиглалт, засвар үйлчилгээ зэрэг тал дээр сайжруулах шаардлагатай бөгөөд техник хангамжийн хувьд мөн шинэ үеийн дэд бүтцийн өндөр түвшин шаардлагатай байдаг.
- Тус салбарыг хөгжүүлэхийн тулд мэдээллийн дэд бүтцийг илүү сайн дэмжих шаардлагатай байна. 5G сүлжээг бизнесийн чиглэлээр ашиглах явцыг түргэсгэж, шинэ үеийн мэдээллийн технологи, харилцаа холбооны аргыг илүү сайн ашиглан, хэрэглэгчийн туршлагыг нэмэгдүүлж, салбарын хөгжилд илүү хүчтэй техникийн хөдөлгөх хүч бий болгох хэрэгтэй гэж Хятадын Худалдааг дэмжих зөвлөлийн судлаач Жао Пин хэллээ.
