solongonews
Та өнөөдөр ном уншсан уу?
2021-04-23 09:42
Өнөөдөр /04 дүгээр сарын 23-ны өдөр/ Дэлхийн Номын өдөр тохиож байна. Номын өдрийг мөн зохиогчийн эрхийн өдөр, ном унших өдөр ч гэдэг.

ЮНЕСКО 1995 онд анх 04 дүгээр сарын 23-ны өдрийг дэлхийн номын өдөр болгон зарлажээ. Энэ өдрийг дэлхий даяар буюу 100 гаруй оронд ном уншихыг сурталчлах зорилготойгоор тэмдэглэн өнгөрүүлдэг. ЮНЕСКО-гоос дэлхийн номын өдрөөр зохиолч, хэвлэн нийтлэгчдэд хүндэтгэл үзүүлэх, нийт хүмүүс, ялангуяа залуучуудын дунд ном уншихыг сурталчлах, нийтийн уншлагыг дэмжих өдөр болгон тэмдэглэдэг юм байна. Энэ өдрийг сонгох болсон шалтгаан нь уг өдөр нь алдарт зохиолч М.Сервантес, У.Шекспир, Оросын алдарт зохиолч В.Набаков болон бусад олон алдар цуутай зохиолчдын мэндэлсэн болон нас барсан өдөр тохиодог аж. 

Дэлхийн номын өдөр бол хэвлэлийн компани, номын худалдаачид болон сонирхлын бүлгийнхэн хамтран ажиллах, ном болон ном унших нь хэчнээн чухал болохыг сурталчлах өдөр юм.Энэ өдрийн гол зорилго нь хүүхдүүдэд ном уншсанаар олон зүйлийг мэдэж авах сайхан боломж бий гэдгийг ойлгуулах, тэдэнд туслахад оршино. Сонирхуулахад дэлхийн зарим оронд номын дэлгүүрүүд нь энэ өдөр бүх номоо хямдруулан зарим дэлгүүр бүх номоо тус бүр 1$ үнэтэйгээр зардаг байна. Түүнчлэн номын дэлгүүр болон номын клубүүдэд цаасан болон электрон ном солилцох арга хэмжээ ч зохиогддог байна.

Тэгвэл та өнөөдөр ном уншсан уу? Уншсан номоо та сэтгэгдэл бичин үлдээж, илүү олон хүмүүстэй хуваалцахгүй юу?

Найруулагч: С.УРЬХАН
Эх сурвалж : Солонго сайт
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл