solongonews
Элсний үнэ цэнэ буюу эрхийдээ эрдэмтэй залуус
2019-10-22 14:56
Элсийг эрдэнэ болгож байна.

Элсийг эрдэнэ болгож, санаанд оромгүй үнэ хүргэлээ. Шулуун хөх хошууны малчин уран бүтээлч Алтанбилэг 36 өдрийн хугацаанд 18 м/кв талбайтай “Нүүдлийн мал аж ахуйн соёл” хэмээх бүтээлээ элсээр бүтээсэн байна. Тус зураг нь одоогоор улсын дотооддоо байгалийн элсээр бүтсэн хамгийн том бүтээл бөгөөд Өвөр Монголын буудалд өлгөөтэй байгаа ажээ. Энэхүү бүтээл нь 180 мянган юанийн өндөр үнэ хүрчээ. Хүний нүдэнд өртмөөргүй, элсэн нутагт амьдарч үзээгүй хүний хувьд ад болмоор элсээр бодож оломгүй зургийг бүтээгээд ганц зургаараа хоёр гурван хүний жилийн цалинтай тэнцэх мөнгийг олно гэдэг том бизнесийн ухаан биш гэж үү? Шинэ цагийн малчдын зах зээлийн өрсөлдөөнд зогсч чадсан зөв ухаан энэ юм.

Арван дөрөв дэх удаагийн олон улсын соёлын аж үйлдвэрлэлийн үзэсгэлэн Шэньжэн хотод болсон билээ. Тэнд нэгэн монгол залуугийн бүтээл үзэсгэлэнгийн гялс цэг болж, үзсэн харсан бүхний сонирхлыг татаж байсан нь малчин уран бүтээлч Алтанбилэгийн элсэн зураг байлаа. 2009 онд элсэн зургийн галерейг ажиллуулж, элсийг ашигласан эрдэм ухааныг нь харахад эгэл жирийн боловч  энэ бүхний цаана өөрийн гэх зүйлийг үнэ хүргэж чадсан ухаан явж байна. “Үндэстнийх бол дэлхийнх” гэдгээр малчин залуу Алтанбилэг маань өөрийн нутгийнхаа элсийг ингэж эрдэнэ болгож чадсанаараа гайхагдаж явна. Алтанбилэгийн урлан бүтээсэн элсэн зураг ганцхан энэ биш юм. Түүний бүтээсэн элсэн зураг арван мянгыг давжээ. Элсэн зургийн үнэ цэнийг нь хэлэхгүйгээр зөвхөн энэ тоог харахад элсийг эрдэнэ болгосон гайхамшиг билээ.

Алтанбилэг 2003 онд Тяньжин хотод байшингийн гаднах зар мэдээг зурж төлөвлөхдөө элсийг ашиглаж байгааг харсан байна. Ингээд элсийг зураг болгон ашиглаж болохыг бодож олжээ. Хулан шарга даагын элсэнд төрж өссөн малчин залуу маань нутгийнхаа элсийг ашиглах бодлыг холын хотоос өвөрлөж ирсэн байв. Нутаг буцаад Алтанбилэг элсний эрэлд мордсон юм. Элсний эрэл гэхээр байж л байгаа элсийг юуг нь эрээд байх вэ гэх байх. Гэхдээ элсээр зураг бүтээхэд элсний өнгийг ялгаж салгах гэдэг маш нарийн хөдөлмөр шаардагдаг юм байна. Тэрээр одоог болтол Хулан шарга даагын элснээс 19 өнгийн элсийг илрүүлээд байгаа бөгөөд голдуу таван хошуу мал, монгол гэр, амьтан, шувуу зэргийг зурж бүтээдэг байна. Энгийн хүний нүдэнд элс шаргал өнгөтэй юм шиг байдаг ч зурагчин хүний нүдэнд ийм олон өнгөөр харагддаг юм байна. Зарим өнгө нь маш адилхан мөртлөө зурагт ашиглахад өөр үр дүнтэй болгодог ажээ. Зурагчин хүний нүдний ур өнгөний зохицолд тийнхүү нарийн ажилладаг байна. Алтанбилэг элсэн зураг хийх элсээ цуглуулахаар эрэлд морддог. Гэвч түүнд нэгэн стандарт байдаг нь сонссон бүгдийн магтаалыг хүртэхийн дээр байгаль эхээ хайрлаж чаддаг монгол араншин болно. Тэр нь юу вэ гэхээр, Алтанбилэг удаа бүр элс цуглуулахаар явахдаа ухсан нүхэндээ ганд тэсвэртэй мод бургас суулгадаг байна. Монгол онцлогтой бүтээгдэхүүн бүхэн байгаль эх, хүн төрөлхтөнд хор уршиг болохгүй нийтлэг онцлогтой байдаг бол Алтанбилэгийн элс цуглуулах үйл ажиллагаа мөн энэ онцлогийг харуулж байв. Тэрээр одоог болтол 5.3 гаруй га талбайтай манхан нутгийг ногооруулаад байгаа билээ.

"Танаасаа би нэг атга элс авбал нэг суурь мод буюу нэг бод бургас тарьж өгнө" хэмээн Алтанбилэг нутагтайгаа ярьдаг. Хүндлэн байж хүндэтгэлийг нь олдог нь хорвоогийн дархан жам билээ. Алтанбилэг энэ хүндэтгэлд шүтэж ажилладаг болохоор элсэн нутаг нь ч түүнд маш их үр өгөөжөө өгсөөр байгаа билээ.

Элсэн зураг гэдэг нь яг үнэндээ уран зураг, баримал, гар урлалын онцлогийг уусгасан нэг төрлийн урлаг юм. Алтанбилэг энэхүү урлагийг эзэмшсэнээрээ зөвхөн амьдралаа аргацаахын төлөө биш, харин монгол зургийн үйл хэрэгт зүтгэх, монгол соёлоо мандуулан хөгжүүлэх, монгол нутгаа алдаршуулан танилцуулах зэрэг олон талд ажиллах болсон бөгөөд хамгийн чухал нэг тал нь урлах ухаан байхад элс хүртэл эрдэнэ болдог гэсэн учрыг ойлгуулах гэж яваа билээ. Түүний зураг хол ойрдоо алдаршиж, гаднын наймаачид өндөр цалингаар компанидаа ажиллуулахаар санал тавьж урьж байсан ч удаа бий. Энэ нь жижигхэн явдал, малчин ухаан дэлхийд шагшигдаж байгаагийн илрэл билээ. Гэвч нутгийнхаа өгөөж буянаар үйлсийн торгон мөртэй гялалзаж яваа болохоор тэрээр нутгаасаа салаагүй юм.

Алтанбилэгийн цуглуулсан 19 өнгийн элс нь байгалийнх болохоор өнгө нь хувирах гэдэг асуудал өнө үүрд оршихгүй ажээ. Модон хавтсан дээр элсийг нааж зураг бүтээхэд наалт хэрэгтэй болно. Зах дээр худалдаж байгаа зарим наалт хүний биед зохих хор хөнөөлийг учруулдаг болохоор өөрөө наалт зохиохоор болжээ. Алтанбилэгийг бага байхад нутгийн ахмадууд, аав ээж нь эмээл хагарахад наадаг тусгай цавуу чанадаг байсан нь түүний ой тойнд маш тод байжээ. Ингээд цавуу чанадаг уламжлалт аргыг өөрчилж шинэчлээд элсэн зураг наахдаа ашиглажээ. Энэхүү наалт нь наалдамхай чанараар маш сайн бөгөөд хамгийн гол нь хүний бие, орчин тойронд хор нөлөөгүй болохоор нөгөө монгол тавааруудын нийтлэг онцлогт зохицно. Тэрээр энэхүү байгалийн цавуугаараа улсын шинийг санаачлах нээлтийн тусгай ашгийг хүртээд байгаа билээ. Хүн төрөлхтөн, хөрст алтан дэлхийдээ хоргүй бүтээгдэхүүн хийнэ гэдэг монголчуудын эс цусанд нь шингэсэн нандин чанар. Элсэн зураг гэдэг бүтээл хүний бие махбодод ямар ч хор нөлөөгүй мөртөө цахилгаан хэрэгслээс үүссэн цацрагийг эсэргүүцэх, хорт хий бодисыг татаж шингээх чадалтай байдаг нь урлагийн үнэ өртгөө улам бүр өсгөсөөр байгаа ажээ. Шил нутагт Алтанбилэг шиг нутгийн шороогоо дээдлэн урлагийн түвшинд хүргэж яваа залуус нэг хоёр биш. Элсийг эрдэнэ болгон ашиглаж чадсан нэг хэсэг хүмүүс гарын ур, ухааны хүчээрээ аж төрж яваа билээ. Нэг талдаа элсээр тэд ажил үйлсээ болгож, лут их орлого бүтээх болсон бол нөгөө талдаа элсээр дамжин соёл урлагийн фронтод гавшгайлах болсон нь завшаан байсан юм. Элсэнд гарамгай ухаанаа шингээж, элсний мөхлөгт гарын эрдмээ шингээсэн залуусыг ухаант хүмүүс гэдэг юм.

Зохиогч: Нийтлэл: Шүрэнчимэг
Найруулагч: ЧҮНЬ ЯНЬ
Эх сурвалж : Шилийнголын сонин
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл