
Лүө Жаохүй хэлэхдээ, хоёр орны удирдагч найрсаг уур амьсгалын дунд олон улсын болон бүс нутгийн бүх талын, урт хугацааны, стратегийн чанартай асуудлаар санал бодлоо гүнзгий солилцож, хоёр орны хөгжлийн түншлэлийн харилцааг улам нягт бэхжүүлэхээ санал нэгтэй зөвшөөрсөн гэжээ.
Хоёр удирдагч 2018 оны 4-р сард Ү Хань хотод болсон албан бус анхны уулзалтын үеэр тохиролцсон нийтлэг ойлголтоо дахин нотлоод, Хятад, Энэтхэг харилцан хөгжлийн боломж олгох нь өнөөгийн олон улсын тогтвортой байдлыг хангах чухал хүчин зүйл хэмээн үзсэн байна.
Хоёр орны харилцааны хөгжлийг хоёр тал эерэгээр үнэлээд, улс орноо удирдах туршлагаа солилцож, хөгжлийн стратегийг гүнзгийрүүлэх талаар санал нэгдсэн бөгөөд Хятад, Энэтхэг хоёр талын хэлхээ холбоог хэрхэн гүнзгийрүүлэх талаар судалж, хоёр орон дэлхийн индэрт өдөр ирэх тусмаа чухал үүрэг гүйцэтгэж байгааг харуулжээ.
Олон улсын нөхцөл байдалд томоохон өөрчлөлтүүд хийгдэж байна гэж хоёр орны удирдагчид үзээд: Хятад, Энэтхэг энх тайван, аюулгүй, цэцэглэн хөгжсөн дэлхий ертөнцийг байгуулж, улс орнууд олон улсын эрх зүйд тулгуурласан олон улсын дэг журмыг эрэлхийлж, олон талт үзэл, олон улсын харилцааны ардчиллыг дэмжин, хөгжиж буй орнуудын хамтын ашиг сонирхлыг хамгаалах ёстой хэмээн үзсэн байна.
