- Та ямар намайг хүн гэж тоодог биш, ингэж байхаар анхнаасаа төрүүлээгүй бол дээр байсан юм гэсээр Бадрал хаалга саван гарч түргэн түргэн алхлав. Түүний ард нугаснаасаа салах шахам савуулсан хаалга гунигтайяа чийхарч асгарах бороонд норсоор үлдлээ. Хэрэв хэн нэг нь түүний хажууд байсан бол гомдож цөхөрсөн өнчин хүүгийн зовлонг ойлгох хүнгүй, нулимсаа урсгаж яваа Бадралыг харахад хичнээн өрөвдөлтэй дүр зураг бууна гэхэв. Гэхдээ: - Муу ч гэсэн намайг төрүүлсэн ээж минь шүү дээ, би арай л хатуу үг хэлчихлээ, энэ муу уурыг дээ гэж бодохоос эргээд ормоор санагдавч, Загдад бууж өгөхгүйн төлөөх шаралхуу зандаа хөтлөгдөн:
- Гэхдээ л энэ муу Загд! гэснээ гараа зангидан шууд л гудамжны үзүүр лүү зүглэв.
Дөнгөж дунд сургуулиа төгсөөд удаагүй байгаа тэрээр үргэлж л “ээж” хэмээх тэр эрхэм нандин хүний мөрөөсөл болж ирсэн бол өнөөдөр түүндээ тунирхан гомдож яваа нь энэ.
Хар усан бороон дундуур хаалга хэмхлэх шахан нүдсээр ахуйд угаасаа нойр нь хүрч өгөхгүй сэрвэлзэн байж, мойног хуруугаараа оймс нэхэх аядан суусан Дулам эмгэн гайхаж:
- Үгүй, энэ хар борооноор хэн нь юм бол доо? За, очлоо очлоо хэмээн үглэсээр хаалга нээвүү үгүй юу шалба норсон Бадрал ус үсчүүлсээр орж ирэв.
- Пээ, чи чинь усан хулгана болчихож. Хүү минь, юу болоо вэ? Алив наад гутлаа тайл гэх эмгэнийхээ тэвдсэн дуунаар Санги гуай сэрэв.
Даарсандаа бөмбөгөнөн чичирсэн Бадрал үүдний дэргэдэх жижиг сандал дээр толгой гудайн хөдөлгөөнгүй сууна. Санги гуай паржигнасан бүдүүн хоолойгоор аргадах зэмлэхийн аль нь үл мэдэгдэм:
- Юунд муу эхийгээ зовоож байдаг юм бэ дээ, хөөрхий минь. Одоо удахгүй хойноос чинь ороод л ирнэ. Ганц удаа ч гэсэн чамайг буцаад очвол баярлана даа. Намайг тэгсэнгүй, ингэсэнгүй л гэхээс биш эхийгээ ер нь баярлуулж үзсэн хүн үү чи?! гэхэд Бадрах бухимдалаа барьж ядан:
- Тэр чинь миний ээж бишээ, биш байсан бол дээр байсан юм. Надаас илүү тэр архичин Загд нь хэрэгтэй биз! гээд огшиж ирснээ чимээгүй боллоо.
- Миний хүү тэгж болдоггүй юм, ямартай ч төрүүлсэн эх чинь шүү дээ гэсээр эмгэн аягатай цай түүнд барихaд Санги гуай гэнэт таягаа барин гар нь чичирч:
- Өдий наслахдаа ийм эрэг хаднаас төрсөн мэт хүнийг үзсэнгүй. Хөгшин би хүртэл одоо хэрнээ бурхан болсон ээжийхээ хойноос сэтгэл өмөрч суудаг. Надад чам шиг ижий минь гээд дуудах хүн байсан бол... гээд сүрдмээр болж ирснээ үгээ гүйцээж түвдэлгүй түргэн гэгч нь гаансаа авч амандаа зуугаад:
- Алив тэр гал хаа байнаа? хэмээн мунгинаж байснаа алгуурхнаар царайгаа төв болгон Бадрал руу харж:
- Бага залуу чам шиг л байлаа. Ижийнхээ өмнөөс ганц ч үг сөрж үзээгүй юмдаг. Харин нэг удаа саахалтын хүүхдүүдтэй шагай наадаж ээждээ шагналыг нь авчирна гэж. Тэр үед “Яваад хэрэггүй ээ” гээд байхад нь хэлэлгүй сэмхэн явчихаад долоо хоноод ирсэн чинь. Муу ижий минь намайг хайж яваад... ” гэснээ хоолойд нь ямар нэг юм тээглэх шиг болоод шүлсээ гүдхийтэл залгиж:
- Бурхан болсон байсан даа гээд шүүрс алдав.
Асгаран орох бороо дээвэр нүдэхийн зэрэгцээ алсад цахилах цахилгаан тооноор гялсхийж, тэнгэр нүргэлэн дугарах нь даанч нэг сүрдмээр.
Энэ үеэр олон жилийн тэртээх амьдралын бэрхээс шалтгаалан аргагүйн эрхэнд хүүгээ эцэг эхдээ үлдээснээр үрийхээ өмнө буруутан болж яваа Урнаа Бадралыг хайхаар усан бороон дунд шавар туучин гүйнэ. Түүний ийнхүү явааг гүн нойрондоо амгалан нойрсох түүний нөхөр Загд, охин Солонго хоёр эс мэдэх тул хээв нэг унтаж, хөшигний завсраар цахилгаан цахихад буруу харан яраглана.
Эмээ өвөөгийн дэргэд ганцаардмал өссөн жаал хүү нэг л өдөр дүүтэй, түүгээр ч үл барам энэ орчлонд ээжтэй байж гэдгээ мэдээд баярлахын ихээр баярлан байсан тэр мөчөөс хойш даруй хоёр жил өнгөрчээ. Гэвч яагаад ч юм тэдний дэргэд дасч өгөхгүйн дээр нэг хэсэгтээ л “ээж” гэж дуудахад ч хол хөндий мэт санагддаг байв. Түүнээс хойш Бадрал гэр хорооллын намхан хашаануудын нэгэнд хэнд ч үл анзаарагдам даруухан жижиг байшинд ээжтэйгээ, түүний нөхөр гэх Загд, мөн өчнөөн жил уулзаагүй дүү Солонгын хамт амьдарлаа. Амьдрах ч гэж дээ, ундууцан бачимдах болгонд балчир ахуйд нь хаяж явсанд нь ээжийгээ буруутган уурсана. Бас болоогүй өнөөх Загд хааяа халамцуу ирж бөөн хэрэг мандуулахын хэрээр заримдаа тэнд байх суух газраа олж ядна. Энэ удаад мөн л Загдаас болсон хэрэг. Загд:
- Чиний энэ хүү чинь ирсэн цагаас хойш амар тайван байж чадахаа байлаа. Энэ гэрт чинь миний байр суурь гэж юу байна айн! гэж ирээд л агсамнаж гарна. Тэр бүрийд Урнаа бүсгүй аргадах аргаа олж ядан:
- Хүүхэд шүү дээ энэ чинь. Та нар эвтэй байхад яадаг юм гэж дэмий л цухалдана. Иймэрхүү байдлыг тэвчиж, тэвчээр алдсан Бадрал эхэндээ Загдыг согтуу ирэхэд чимээгүйхэн гараад явчихдаг байсан бол одоо түүнтэй ана мана үг сөрж, эцэстээ ийнхүү хэд хэдэн удаа өсгөсөн хоёр буурайдаа буцаж ирэх болов.
Асгаран шаагих бороо улам ширүүссээр.
Бадрал энд ирэхэд хаана ч байснаас илүүтэй амарч аваад явдагсан энэ шөнө яагаад ч юм нойр нь хүрч өгөхгүй хэдэнтээ хөрвөөн хэвтэнэ.
- Ямар ч шөнө дунд байсан миний хойноос хүрээд л ирдэгсэн гэж ээжийгээ далдхандаа үгүйлэх Бадрал:
- За, энэ хар борооноор, дээр нь тэгж хэлүүлсэн хүн юу гэж л намайг хайж ирээ аж хэмээн өөрийгөө тайвшруулах гэж хичээх авч, яагаад ч юм түмэн бодол эргэлдэж сэтгэл санаа нь нэг л тогтож өгөхгүй байлаа. Уур гомдол нь ч гарч, борооны шаагих дуунд хичээн байж чимээ чагнавал эмээ өвөө нь аль хэдийн унтсан бололтой. Хэр барагтайд ундууцах нь байтугай амьдралдаа хэн нэгэн рүү муухай харж үзээгүй боловуу гэлтэй, хэтэрхий ч гэмээр амгалан өвөө нь энэ удаад тэгтлээ бухимдсан нь Бадралын хувьд үнэхээр гэнэтийн явдал байлаа. Өвөөгийнх нь хэлэхийн аргагүй тэр байдал, шимшрэн байж хэлсэн үг нь, тэр харц нүдэнд нь дахин дахин харагдах тусам Бадралын зүрх эмтрэх шиг болно. Чингээд хичнээн ёсгүй авирласандаа гэмшихийн ихээр гэмшиж:
- Ерөөсөө явъя байз, нээрээ л ээжийгээ би баярлуулж үзээгүй юм байна хэмээн бодоод сэмээрхэн хувцаслан гарч одов.
Чийг үнэртсэн бороон дундуур балчиг шаварт халтиран явж байтал харанхуйн дунд цахилгаан гялсхийхтэй зэрэгцэн чанх өмнө нь нэг хүн байх шиг харагдав. Гайхан байж дахин нэг харвал ээж нь газарт тэрийн хэвтэж байх нь тэр. Бадрахын нүд харанхуйлах шиг болов. Тэвдэж сандарсаар чичирсэн гараар ээжийгээ тэврэн усан бороон дунд даарч бээрснээ ч үл хайхран ухаан балартах мэт явахдаа:
- Намайг дулаан гэрт хэвтэж байхад миний төлөө ингээд явж ч байх гэж, дандаа л үг сөрж байдаг миний энэ амыг дээ! хэмээн халаглан явсаар гэртээ ирэхэд архи нь гарсан Загд хаалгаа нээмэгц нүдээ бүлтийлгэсээр Урнаа руу нэг, Бадрал руу нэг харж, Урнааг тэврэн оруулаад:
- Солонгоо, хурдан алчуур чийглээд ир. Юу болох нь энэ вэ? гээд Бадрал руу хандан:
- Аан муу гай авчирсан амьтан! Чамаас л боллоо гэж элдвээр хашгирсаар Бадралыг гэрээсээ хөөж гаргав. Дэмий үг хэлж эхийгээ гомдоосондоо гэмшин яах учраа олохгүй балмагдсан Бадрал: - Би ээжийгээ заавал баярлуулна гэж өөртөө амлаад эргэж харан:
- Загдаа, энэ чинь миний ээж, наад хаалгаа онгойлго! гэж байдаг чадлаараа үүд балбачин хашгиртал Солонго хаалга нээж:
- Ээж түрүүнээс хойш таныг дуудаад байна гэв.
Бадрал арай ядан нүдээ нээж харцаараа түүнийг хайж хэвтэх ээж рүүгээ дөхөн гэмшсэндээ юу хэлэх учраа олохгүй мэгдэж:
- Ээжээ, бие нь яаж байна? хэмээн болгоомжтойхон асуухад хариу үл дугарав.
- Ээж ээ, намайг уучлаарай, би таныг ерөөсөө баярлуулж байгаагүй, би... гээд нүднээс нь юу юугүй бөмбөрөн уначих гээд байгаа том нулимсаа барьж ядан байтал:
- Ээж нь одоо ч гэсэн баярлаж байна аа гэхэд бүр ч гэмшсэн Бадрал өөртөө итгэлгүйхэн:
- Гэхдээ..., гэхдээ би таны төлөө юу ч хийгээгүй шүү дээ гэхэд ээж нь зөөлөн дулаахан харцаар инээмсэглээд:
- Миний хүү чинь ээждээ өдөр бүр инээж өгдөг шүү дээ гэлээ.
МЗЭ, ШМУЗН-ийн гишүүн Э.ҮРЖИНХАНД

