Ханьтай минь учруулсан Валентин
2015-12-28 18:21
Анх Хүмүүнлэгийн ухааны их сургуульд ороод нийгмийн идэвхи сайтай би гэдэг хүн. Миний бие анх Хүмүүүнлэгийн ухааны их сургуульд нилээдгүй нийгмийн идэвхи гарган сургуулиас гадуурхи бүхий л үйл ажиллагаанд оролцож, суралцаж байлаа.
Эр хүн, найз нөхөддөө цаг гаргахаас илүүтэй өөрийн албан тушаал, хичээл сурлага, ажилдаа хамаг анхаарлаа төвлөрүүлэн суудаг үе байсансан. Гэвч намрын нэг өдөр миний амьдралыг өөрчилнө гэдгийг даанч санаагүй юм.
Тэр өдөр Хүмүүнлэгийн Ухааны их сургуулийн харъяа дор үйл ажиллагаа явуулдаг клуб болон байгууллагуудад хурал зарлав. Намрын налгар өдөр байсны хэлэх үү? Халуун, бүгчим байсанд бусад зөвлөлийн оюутнаас түрүүлэн ирж, цонхоо онгойлгон сууж байтал нөгөө ангийн хараахан танилцаагүй залуу ороод ирлээ.
Эелдэг инээмсэглэл, цэвэрхэн цагаан цамц, усан цэнхэр өмд, нямбайлан зассан үс, цагаан царайтай залуу хаалгаар орж ирэн суулаа. Хараахан танилцаж амжаагүй байсан ч ирээдүйн нөхөр минь зориг гарган надтай танилцаж билээ. Энэ үеэс эхлэн бид хамгийн сайн найзууд болж, хамтдаа ихэнхи цагийг өнгөрүүлдэг болов. Гэхдээ эмэгтэй хүний бардам зан гаргаад хайрт руугаа халуун дулаан үгтэй мессеж бичих нь тун ховор.
Тэр миний анх фейсбүүк-ээр над руу мессеж бичиж, бүхий л зүйлсээ ярилцаж, болохгүй асуудал, сургууль, гэр бүл гээд бүгдийг хамтдаа ярилцдаг болсон. Энэ үед миний толгойд “эрэгтэй эмэгтэй хүмүүс жирийн найзууд байж чадах болов уу?” гэсэн бодол орж ирлээ. Сүүлдээ ч түүнтэй ярихгүй болохоор сэтгэл дотор нэг л “эзэнгүй” мэт. Өдөр ирэх тусам өөрийн найз гэж бодож явсан залуудаа дурлаж, хайрлах болсон зүрх минь нэг л тогтохоо байлаа. Ингээд бидний анхны болзоо бусад хосын адилаар кино театрт эхэлж байсан юм.
Ингээд арванхоёрдугаар сарын 31-нд түүнийхээ сайн найзуудтай танилцаж, шинэ оноор шинэхэн номын хуудас эхлүүлсэн юм. Шинэ оныг хамтдаа гаргаж, цагийг хөгжилтэй аргагүй өнгөрүүлж билээ.
Валентин боллоо. Гадуур хаа сайгүй хөөрч баярласан хүмүүс, сарнайн баглаа, амтат шоколадыг гартаа барин явж байгаа дүр зургийг хотын аль ч өнцгөөс харж болно. Энэ өдөр урьдын ажлын өдөртэй ижил өнгөрч байлаа. Гараад гүйчихмээр тийм л догдлол дүүрэн байсан юм. Ирээдүйд нөхөр минь болно гэж таамаглаагүй байсан ч өнгөрсөн хугацаанл их дасаж, түүнээс чихэр горьдон сууж байгаа хүүхэд шиг бэлэг, халуун дулаан үг сонсохыг хүлээн хичээлдээ анхааран суулаа.
Хэд хоногийн өмнө надаас “Миний охин валентинаар юу хиймээр байна вэ?” гэхэд эмэгтэй хүн болсон хойно романтик зүйлд дурлаж, олны өмнө “санал тавь” гэхэд тэр зөвшөөрч “Чи ичихгүй, чамд минь хэцүү биш гэвэл би хийхэд бэлэн” гэж хэлэхэд зүрх минь хичнээн ихээр догдлож, баярласан гээч.
Ингээд гэгээн хайрын баяр боллоо. Гэнэтийн бэлгийг таамаглаж байсан ч энгийн хувцаслан гарснаа санаж байна.. Жавартай байсан хэдий ч энэ гэнэтийн өдрийг мартдаггүй юм. Өглөөнөөс авахуулан хичээлд суусан би нилээн ядарлаа. Азаар нэг цаг “цонхолж”, номын сан руу алхаж байтал утас дуугарч, “Дээшээ хоёр давхарт гараад ир. Чамайгаа өөрийн болгох тэр бэлгээ бэлдсэн хүлээж байна” гэв. Би ч баярлан дээш өгстөл баглаа дүүрэн улаан сарнай, бөгж, хайлуулсан шоколадтай инээмсэглэн зогссон цэвэрхэн, цагаан, сэтгэл татам залуу зогсож байсан юм.
Завсарлагааны цаг болоод ч тэр хүмүүсийн хөл хөдөлгөөн тасрахгүй, зөрөн өнгөрсөн охид бүр баглаа дүүрэн улаан сарнайд шунан зогтусан ярилцан, зогсож байсан юм. Охид болгон харахдаа атаархаж, нууцхан шивнэлдэж байсансан. Харин ийнхүү гэнэтийн явдлаар дүүрэн амьдралаас жилийн дараа бид хөөрхөн алаг үртэй болж, хамтдаа амьдарч эхэлсэн юм. Амьдрал гэдэг гэнэтийн бөгөөд таашгүй бэлэг юм даа.
Ари
Найруулагч: Энхтуяа
Эх сурвалж : Mongoljingoo.mn
Дэлгэрэнгүй үзэх
