Төв Азийн таван орон саяхан 2021 оны 1-р улирлын макро эдийн засгийн индексээ нийтэлсэн бол эдгээр орнуудын эдийн засаг КОВИД-19 цар тахлын нөлөөнд нэлээд хүнд өртсөн тухай тэмдэглэсэн байна.
Энэ оны 01-р сард Казахстаны ДНБ нь өнгөрсөн оны мөн үеийнхээсээ 4.5 хувиар буурчээ. Тэгвэл 01-ээс 03-р саруудын тоо баримтуудыг бүхэлд нь авч үзвэл ДНБ нь өнгөрөгч оны мөн үеийнхээс 1.6 хувиар буурсан байна.
Узбекистаны ДНБ нь 1-р улиралд 3 хувиар өссөн байна. Тус орны Засгийн газрын төсөөлснөөр 2021 оны бүтэн жилд эдийн засгийн өсөлт нь 4.5-аас 5.5 хувийн хооронд байх болно. Мөн цар тахлын нөлөөгөөр оны эхний гурван сард гадаад худалдаа нь 7 тэрбум 100 сая ам.долларт хүрсэн буюу мөн үеийнхээсээ 11.6 хувиар буурч, Хятад улс тус орны гадаад худалдааны хамгийн том түнш хэвээр байж, хоёр орны хооронд 1.4 тэрбум ам.долларын өртөг бүхий худалдаа явагдсан байна.
Тажикстаны Эдийн засгийн хөгжил ба худалдааны яамны тоо баримтаар 1-р улиралд тус орны ДНБ 1.52 тэрбум ам.доллар байж, мөн үеийнхээс 7.5 хувиар унажээ. Үүнд импорт, экспортын худалдааны нийт хэмжээ нь 1.79 тэрбум ам.долларт хүрч, мөн үеийнхээсээ 34 хувиар нэмэгджээ.
Киргиз Улсын 01-ээс 03-р саруудын ДНБ нь 1.4 тэрбум ам.долларт хүрч, мөн үеийнхээсээ 9.4 хувиар буурсан байна. Үүнд аж үйлдвэр, барилга, үйлчилгээний салбар нь цар тахлын нөлөөнд хамгийн их өртсөн ажил төрлийн салбарууд болсон аж.
Түүнчлэн “Төвийг сахисан Туркменистан” сонинд нийтэлсэн тоо баримтаас харахад энэ оны 1-р улиралд Туркменистаны ДНБ 5.9 хувиар өссөн байна.
