
Энэхүү системийг хамгийн сүүлийн үеийн технологи ашиглаж, хөгжүүлсэн учраас дэлхийн навигацийн хиймэл дагуулын системийг хөгжилд том хувь нэмэр оруулна хэмээн албаныхан онцолж байна.
Хятадын иргэний агаарын тээврийн салбар “Beidou” аппликэйшний хамрах хүрээг аажмаар тэлж, энэ системийн тусламжтайгаар 2035 оны эцэс гэхэд агаарын тээврийн аюулгүй байдал, үр ашигтай ажиллагааг дээд зэргээр хангана гэж төлөвлөжээ.
Иргэний нисэхийн ерөнхий газрын ажилтан Лю Лянши: - Энэхүү систем нь аюулгүй байдлын эрсдлийг бууруулаад зогсохгүй уламжлалт навигацийн системийн сул талыг нөхөх боломжтой” хэмээн мэдэгдлээ.
“Beidou” буюу “Долоон бурхан од” хэмээх энэхүү навигацийн системийг Хятад улс 1990 оноос эхлэн хөгжүүлсэн бөгөөд 2012 оноос Ази номхон далайн бүсэд ашиглаж эхэлсэн байна.
Хятад улс системээ хөгжүүлэхэд зориулж 10 хиймэл дагуулыг сансарт илгээхээр төлөвлөжээ. Ингэснээр “Beidou” дэлхийн сүлжээг 2020 онд амжилттай дуусгаж чадна гэж албаныхан мэдэгдлээ.
Хятадын “Beidou” системийн олон улсын хувилбар ирэх жил ашиглалтад орсноор Америкийн GPS (Global Positioning System), Оросын Глонасс, Европын Холбооны “Галилей” системийн дараах дэлхийн дөрөв дэх навигацийн систем болох ажээ.

