Их эзэн Чингис хааны мэндэлсний 856 жилийн ой, "Монгол бахархлын өдөр" нохой жилийн өвлийн тэргүүн харагчин гахай сарын 01-ний энэ өдөр тохиож байна.
Монгол бахархлын өдөр Үндэсний номын сангаас “Чингис хааны тахилгын судалгаа” эрдэм шинжилгээний бага хурал болон Монголын бурхан шашинтны төв Гандантэгчинлин хийд, Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейтэй хамтран “Чингис Хааны шүтээн хөргүүд” үзэсгэлэнг нээсэн юм.
“Чингис хааны тахилгын судалгаа” эрдэм шинжилгээний хурлын үеэр “Чингис хааны сан” хэмээх номыг Гандан хийдийн лам нар монгол хэлээр уншиж, доктор Д.Сумъяабаатар “Чингис хааны угийн бичиг”, доктор бэлтгэл хурандаа Д.Мягмарсамбуу “Чингис хааны тахилгын сүм”, судлаач Г.Ням-Очир "Чингис хааны шүтээн хөргүүд" сэдвээр сонирхолтой илтгэл тавьсан байна.
Эрдэм шинжилгээний хурлын дараа Үндэсний номын сан, Гандан тэгчинлин хийд, Занабазарын нэрэмжит дүрслэх урлагийн музейн сан хөмрөг дэх Чингис хааны сан тахилгын гар бичмэл ном судар, танка зургуудаас дээжлэн “Чингис хааны шүтээн хөргүүд" үзэсгэлэнг олон нийтэд толилуулав. Мөн үндэсний номын сан нэгдүгээр давхарт Чингис хааны холбогдолтой судалгааны номнуудын үзэсгэлэн худалдаанд Шинжлэх ухааны акапемийн түүх археологийн хүрээлэн, монгол судлалын хүрээлэн, зохиолч, орчуулагч, хэвлэн нийтлэгч, хэвлэлийн компаниуд оролцож, хямдралтай үнээр бүтээгдэхүүнээ борлуулсан байна.
“Чингис хааны тахилгын судалгаа” эрдэм шинжилгээний бага хурлын хөтөлбөр:
09.00-09.10 Нээлт: МУҮНС-ийн захирал Б.Ичинхорлоо
09.10-09.20 Гандан тэгчинлин хийдийн хамба лам Д.Чойжамцын мэндчилгээ
09.20-09.30 “Чингис хааны сан” хэмээх номыг Гандан хийдийн лам нар монгол хэлээр уншина
09.30-10.00 “Чингис хааны угийн бичиг” доктор Д.Сумъяабаатар
10.00-10.30 “Чингис хааны тахилгын сүм” шинжлэх ухааны академийн түүхийн хүрээлэн, доктор, бэлтгэл хурандаа Д.Мягмарсамбуу
10.30-11.00 “Лу жанжин гүний Чингисийн цагаан сүлдний тахилгын тухай” сэтгүүлч, судлаач Г.Бадамсамбуу
11.00-11.30 “Бурханы шашин дахь Чингис хааны тахилгын тухай” Гандан хийд, Б.Жамбал
11.30-12.00 “Чингис хааны дурсгалын цогцолборуудын уран баримлын тухай” архитекторч, уран барималч Д.Эрдэмбилиг
12.30-13.00 “Чингис хааны шүтээн хөргүүд” Үндэсний номын сан, сэргээн засварлагч Г.Ням-очир
Дагалдуулал:
2012 оноос хойш тэмдэглэж ирсэн өвлийн тэргүүн сарын шинийн 1 буюу "Монгол бахархлын өдөр"-үүд нь:
2012 он: 11 сарын 14
2013 он: 11 сарын 4
2014 он: 11 сарын 23
2015 он: 11 сарын 12
2016 он: 10 сарын 31
2017 он: 11 сарын 19
2018 он: 11 сарын 8-нд тохиож,
2019 он: 11 сарын 27
2020 он: 11 сарын 16
2021 он: 11 сарын 5
2022 он: 11 сарын 24-нд тохиох юм байна.
