Эмэгтэй хүн гэдэг байгалиасаа гоо үзэсгэлэнгийн бэлэг тэмдэг болон илгээгдсэн гэдэг. Гоо үзэсгэлэн гээч ойлголтод үнэт эдлэлээр чимсэн чих ч юм уу, эсвэл хүзүү, холын арлын хачин өндөр ханштай даашинз углахыг хэлэхгүй. Харин ямар ч цаг үед, ямар ч хувцсыг амь оруулагч төгс бие галбир билээ.
Олон эмэгтэй шинэ жилийн гайхамшигт үдшээр хэдэн давхар харвин нь хэрхэн харагдах бол гэхээс эхэндээ үхтлээ айж, сүүлдээ энэ тухайгаа бүр тоохоо больчихсон байдаг. Тэгээд л жинхнээсээ таргалалттай эвлэрч, өөх тосны хаант улсыг өөр дотроо сүндэрлүүлчихдэг. Нөхөртэй болсон, гэр бүл зохиосон гэсэн шошго нь тэдэнд юунаас ч айх шаардлагагүй мэт санагддагаас тэр биз. Гэвч үнэн хэрэгтээ техник, төхөөрөмж өндөр хөгжиж байгаа бидний эрин зуунд эр хүн гээчийн төрөлхийн анчин чанар нь гоо үзэсгэлэнг эцэж цуцалгүй мөрдсөөр.
Тиймдээ л нэгэнт биеэ мартсан залуу бүсгүйчүүд “Манай нөхөр надад анхаарал тавихгүй байна”, эсвэл “Өөр хүнтэй болсон юм шиг байна” гэж ханиа хардацгаадаг. Тэгсэн хэр нь бурууг өөрөөсөө бус өрөөлд чичихийг яана. “Би хэдэн хүүхдийг нь гаргаад өгсөн байхад надад ингэж хандаж байгаа юм уу” гээд л хэрүүлийн гал асна. Байзаарай, ийм маргааныг дэгдээгч бүсгүй та толинд өөрийгөө нэг эргээд хар даа. Анх нөхөртэйгөө танилцаж байхдаа хэчнээн гоо үзэсгэлэнтэй нэгэн байснаа эргэн сана. Гэтэл та одоо түүнээсээ тэс эсрэгээрээ болж хувирчихаад буруутныг дэргэдээсээ хайгаад байгаа юм биш биз. Эцсийн дүнд хатуу үнэн бол буруутан нь та.
“Хүүхэд”
Олон эмэгтэй хүүхдээ өөрийн таргалалтад буруутгадаг. “Би энэ хүүхдүүдийг төрүүлээгүй байсан бол өдийд ийм байхгүй байсан юм” гэж хэлж байсан нэгэн бүсгүйг санаж байна. Гэтэл энэ дэлхий дээр хүн бүхэн хүүхэд төрүүлээд л тэгээд арчаагаа алддаг юм бол Холливудын одод яасан байж таарах вэ. “Эмэгтэй хүн өөртөө арчаатай, цагаа зөв зохицуулаад сурчихвал хэчнээн хүүхэд гаргасан ч бай өмнөх гоо үзэсгэлэнтэй хэвээрээ байж чадна.
Өөрөөр хэлбэл, цэвэр хувь хүний арчилгаа нь өөрөө гоо сайхныг бүтээдэг” гэж нэгэн фитнесийн багш хэлсэн юм. Энэ үгийг батлах нэг зүйл байна. “Би хөдөлгөөнөөр бараг 20 кг хасч чадсан. Хувь хүн өөртөө итгэж чадвал юм бүхэн боломжтойг би ухаарсан” гэж дасгал хөдөлгөөнөөр жингээ хасч, галбиржсан Б.Ариунзаяа ярьсан юм. Тэрээр өмнө нь 58 кг байсан бол одоо 45 кг болсон байна. Энэ яриаг батлах өөр нэг баримт бол, Холливудын од Анжелина Жоли. Энэ жишээг авсанд зарим уншигч эгдүүцэж мэдэх. Гэхдээ тэр ч бас адилхан л эмэгтэй хүн шүү дээ. Яг үнэндээ уншигч авхай танаас илүү эд эрхтэн түүнд байхгүй. Яг тантай л адилхан эмэгтэй хүн. Ялгаа нь тэр зорилгынхоо төлөө тууштай тэмцэж, өөрийнхөө үнэ цэнийг гоо үзэсгэлэндээ шингээсэн явдал. Та ч гэсэн түүн шиг, эсвэл түүнээс ч илүү байж чадна гэдэгт итгэлтэй байна. Учир нь итгэл найдвар гайхамшгийг бүтээдэг шүү дээ.
Тураах бэлдмэл, цай, кофе, тэгээд тос...
За, бүсгүй минь эдгээрийг л бүү хэрэглээрэй гэдгийг мэргэжлийн багш нар зөвлөж байна. Эдгээр нь хүний өөхний эд эсийг өөрчилж, түүнийг өөр хэлбэрт оруулснаар жин хасахаасаа эсрэг үр дүн авчирч мэдэх аж. Хамгийн түгшүүртэй нь эрүүл мэндээрээ хохирон байж дээшээ доошоо гүйлгэсний дараа олж авсан “гоо сайхан” гээд байгаа зүйл тань хэдхэн өдөрт хадгалагдана. Эцэст нь та насан туршдаа ч ямар нэг өвчнөөр шаналж мэдэх юм. Үнэхээр л цай, кофе уугаад турчихдаг байсан бол энэ дэлхий дээр илүүдэл жингийн тухай шаналал байх байсан гэж үү. Иймд аливаа зүйлийн гол үндсийг олж, эрүүл энх аргаар, өөртөө ашигтай дасгал хөдөлгөөнөө турах нь хамгийн гайхамшигтай бэлгийг танд өгнө.
