solongonews
Төмсний үр суулгачихаад алимны ургац хүлээх боломжгүй
2015-12-28 18:21
 
Амьдралын олон янзын итгэл үнэмшлийн дундаас хүн хүндээ өгдөг сэтгэл зүрхний итгэлийн илгээмж, хүндлэл хүлцэл  хамгийн чухалд тооцогддоггүй гэж үү? Бусдад итгэж чадна гэдэг, бусдаас хүндлэлийн хариуг хэзээ нэгэн цагт эргээд хүртэж мэдрэх аз жаргалын нэгэн сэжмийг бүтээж байгаа хэрэг. “Чамд итгэж байна” гэсэн зоримог төгс үгийг сонссон хүн “Итгэлийг нь алдаж болохгүй юм шүү” гэсэн чандлал дөрөөлөлтэй явдаг билээ. Итгэл алдах, бас итгэл алдрах тохиол бишгүй ч итгэл хайрын сэтгэлээр хамтдаа бүтээсэн гэгээлэг зүйлс нь харин ч олоон, энэ амьдралд. “Надад итгэдэг хүн бий” гэсэн бодлыг сэтгэлдээ өлгийдөөд олны урсгал дунд өөдрөг алхаж явах сайхан...Хүндлэх гэдэг бусдыг өөрийн нүдээр харж, түүний оронд өөрийгөө тавьж бодож, тэдэнд туслаж дэмжихийн ухаан юм.
 
             Наполеон Бонапартын эхлүүлсэн дайны үеэр Францад болсон явдал. Дайнд оролцож байсан Чарльз Непия  тулалдаанд хүнд шархтаж, Фанцын цэргүүдэд олзлогджээ. Түүний аюулгүй байдалд санаа зовсон анд нөхөр нь элч илгээн, Францын Ней жанжинд бараалхан, хоригдолтой уулзуулж өгөхийг хүсч гэнэ. Түүнийг зөвшөөрсөн жанжин доод тушаалын хүндээ: 
 
 - “Непия ноёнтонг энэ элчтэй уулзуулж, бие лагшин нь ч сайн, эндхийн тусгай нөхцөл ч гайгүй байгааг өөрийнх нь амаар хэлүүлээрэй” хэмээн тушаалаа.
 
Гэтэл бараалхаж ирсэн офицер тушаалыг сонсоод шууд өрөөнөөс гарах шинжгүй байсанд жанжин инээмсэглэн  “Өөр хүсэх зүйл байгаа юм уу?”  хэмээвэл “Үнэндээ бол төрсөн нутагт нь нас өндөр болсон ээж нь байдаг юм гэхэд нь жанжин, “Тэгвэл шууд сулла.Эсэн мэнд уулзах явдал ээжид нь хамгийн чухал шүү”  гэсэн гэдэг.
 
            Тэр үед улс хооронд хоригдол солилцохыг зөвшөөрдөггүй байж. Ней жанжин Непияг суллахдаа Наполеоныг уурлуулж магадгүй гэсэн айдас дүүрэн байсан ч, үрээ гэх эхийг өрөвдөх сэтгэл нь өгөөмөр шийд гаргахад хүргэсэн нь тэр. Бусдын зовлонг сэтгэл зүрхээрээ хуваалцсан энэ жанжин олон хүнээс хайр хүндлэл, талархлыг нь хүлээсэн гэдэг. Амьдралын тооныг хамтдаа түшдэг хоёр багана болсон эхнэр нөхрийн итгэлцэл, хүндлэл, эцэг эх үр хүүхдийн харилцаа  үүнтэй мөн л адил. Бид уурлан хашгирваас нөгөө хүний эсэргүүцэл хананд шидсэн бөмбөг шиг л  бидэн рүү буцаж ойно. Харин тэвчээр ухаан заагаад эвтэйхэн  хэлчихвэл эвгүй асуудал ч элдэв хүндрэлгүй хялбархаан шийдэгдэх нь бас бий. Хүнд юу өгнө, түүнийгээ буцааж авдаг хуультай. Төмсний үр суулгачихаад алимны ургац хүлээх боломжгүй. Хайр, итгэл хүндлэлийг  хаа нэгтэйгээс тосон хүлээх биш, амданнэхэх биш, өөрөөсөө эхлээд ундруулж гэмээнэ, эргээд энгүй ихээр үржин өсч буцан  ирдэг юм.
 
ГЭГЭЭ
Найруулагч: Энхтуяа
Эх сурвалж : Mongoljingoo.mn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл