solongonews
Үрцэцэг багш 22 сургуульд 250 мянган юанийн ном бэлэглэв
2019-04-17 11:57
Үрцэцэг багш 22 сургуульд 250 мянган юанийн ном бэлэглэв.

250 мянган юань гэдэг хувь хүний хувьд бага бус мөнгө. Энгийн хүний 2-3 жилийн орлоготой тэнцэнэ. Сайхан машин авч болно. Дэлхийн 10-20 улс оронд аялан зугаалж чадна.

Гэтэл Үрцэцэг багш өөрийн хурааж хадгалсан 250 мянган юаниараа монгол ном худалдан авч 22 монгол сургуульд бэлэглэж, монгол хүүхдүүдээ монгол номтой ханилуулахаар хичээн зүтгэж байна. Үрцэцэг нь Ар Хорчин хошууны Чавга монгол дунд сургуулийн жирийн нэгэн багш.

Үрцэцэг багш өнгөрсөн хавраас эхлэн үндэстний боловсролын ажлыг дэмжих, нийгэм нийтээрээ ном унших сайхан дадлыг бий болгох үүднээс багш сурагчид хичээлийн дараа монгол ном унших нь цөөхөн байгаад хандуулан “Эх хэлний ном хандивлах” үйл ажиллагааг санаачлан хийсэн юм. Тэрээр Чавга монгол дунд сургууль болон Ар Хорчин хошууны үндэстний онцгой боловсролын сургуульд тус бүр 20 мянган юанийн өртөг бүхий монгол ном бэлэглэсэн ба үүнээс гадна 20 сургуулиар тус бүр 10 мянган юанийн өртөг бүхий монгол ном бэлэглэсэн байна. Мөн “Цэцгийн анхилуун” дунд сургуулийн сурагчдын найруулал ба уран уншлагын тэмцээнийг санаачлан зохион байгуулж, ивээн тэтгэж байгаа юм.

- Би багш хүн. Манай багш, сурагчдад монгол ном дутагдаж байна. Ялангуяа ном унших дадлыг бий болгох нь бидний хамгийн том асуудал. Боловсрол соёлын ажил нь миний хамгийн хайртай, дуртай ажил. Монгол ном бэлэглэх нь миний хувьд хамгийн их аз жаргал хэмээн Үрцэцэг багш ярилаа.

Үрцэцэг хэмээх эгэл жирийн багш үндэстний сурган хүмүүжлийн ажилд бие сэтгэлээ зориулж явна билээ. 

Найруулагч: Х.AРВИНТАЛ
Эх сурвалж : ӨМӨС
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл