
Ухралт буюу хуц мөргөлдөх зайд би олон жилээр сэтгэж удлаа. Түүний цаанах ухааныг өнөөгийн бодит ахуйгаас л сая ойлгох шиг болов. Бага насанд хонин сүргийн дунд хуц мөргөлдөж байхыг дандаа үздэг байлаа . Энэ шөнө үүнийг дахин зүүдлэв. Хуц мөргөлдөх гурван алхмын зайд эргэлт гэх юм эргэлдэж байсныг үзэв. Тэр мэдрэмж болор мэт тунгалаг тодорхой байснаас би үргэлжлэн зүүдэлжээ... ... Ухралт бол эргэлтийн тунгаалт байжээ. Ухралт бол сөнөлт биш тунгаалт учир түүнийг ахин тунгаан сэтгэх хэрэгтэй. Ухралт бол нэн ч агшин зуурын марталт байдгаас түүнд шинэ нээлт нуугдаж, шинэ эрчим хүч агуулагдаж байдаг юм. Бид ухралтыг дандаа буруушаан зэмлэж, урагшлалт бүхнийг үргэлж магтдаг нь үүрдийн эндүүрэл бөлгөө.

Өдөөгийн Монголчууд ухралтад оршиж байгаад би хязгаалшгүй баярлаж явна . Ухралт бол зайлшгүй эргэлт гэдгийг угчлахгүйгээр урагшилж хэзээ ч чадахгүй. Тархины цусны эргэлт зогсож болдоггүйтэй яг адил. Ухралт нь зай үүсгэдэг. Тэр зай нэг ёсондоо хязгааргүй зай байдаг. Зай бол нөхцөл боломж мөн. Бүх юм өөр өөрийн зайтай байдаг. Зайнд бүх юм оршино. Зайгүй бол бүх юм үл оршино. Зай оршихгүй байж үл болно . Манай залуу үеийнхэн минь их зайтай сэтгэж байна. Их зайд сэтгэж байна. Эртний Герегийн мэргэд “ Сэтгэнэ гэдэг бол хамгийн агуу их ” хэмээн айлтгажээ. Залуу нас гэж өөрөө л их зай бөлгөө. Худал зовлон гэдэг юм байдаггүйтэй адил худал зай гэж оршдоггүй. Мөхөх мандахын бичил зайд урвагчид гол дүрийг тоглоно. Энэ бол зайлшгүй сайн үзэгдэл. Учир нь тэд нар ( урвагч сүнс урвагч хүмүүс ) лавтай дээл тэрлэгээ тайчиж нүцгэн болох болно. Чухам “Үнэнийг харъя гэвэл нүцгэн биеийг харах хэрэгтэй” гэсэн эртний сэцэн ухаантны үг байдаг шүү дээ . Бас “Худал юм юу бэ? гэвэл даруй хувцастай байгаад оршино” хэмээх агуу үг ч бий. Мөхөх, мандахын бичил зайд урвагчид олон байхад уурлаж хилэгнэх буюу бачимдаж гомдож болохгүй. Харин туйлбартай баярлах хэрэгтэй. Яагаад бэ? Бүх урвагчид улаан цайм нүцгэлэх жүжиг тоглоно. Үзэгчид буюу үлдэх нь үл урвагчид болно. Тэр цагт аливаа учир гарын алга урвуулах мэт хялбархан болно. Бүх урвагчдад бичил зай тавьж өгөх хэрэгтэй .
2014 оны 11 сарын 3-ны үдэш, Шилийн хотод
