Замын-Үүд боомтод Хятадын тусламжаар хийгдсэн авто замын боомтын дэд бүтцийн бүтээн байгуулалтын төсөл ашиглалтад орсныг Монгол Улсын Засгийн газар хүлээн авах ёслол 03-р сарын 24-ний өдөр болов. Ёслолд Монгол Улсын ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шэнь Миньжуань нар оролцож, үг хэллээ.
Цар тахлын хүндхэн үед ч Хятад улс олон улсын жишигт нийцсэн боомтын барилга байгууламж барихад тусалж, зорчигч болон ачааны гаалийн бүрдүүлэлтийн хүчин чадлыг тав дахин нэмэгдүүлж, Монгол Улсын "Боомтын сэргэлтийн бодлого"-ын хэрэгжилтэд үр дүнтэй дэмжлэг үзүүлсэнд Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ талархал илэрхийлээд Замын-Үүд боомт Монголын гадаад худалдаанд цаашид чухал үүрэг гүйцэтгэхийг онцолжээ.
Элчин сайд Шэнь Миньжуань хэлэхдээ "Хятад улсын тусламжтай Замын-Үүд боомтын дэд бүтцийн бүтээн байгуулалтын төсөл албан ёсоор ашиглалтад шилжсэн нь боомтын зорчигч болон ачаа тээвэрлэлтийн хүчин чадлыг ихээр дээшлүүлэх болно. Монголын талтай хамтран боомтын дэд бүтцийн бүтээн байгуулалтыг илүү боловсронгуй болгож, зорчигч болон ачаа тээврийн шинэ загвар нээж, үндэстэн дамнасан аялал жуулчлалыг хөгжүүлэхэд Хятадын тал бэлэн байна. Энэ жил Хятад, Монгол дипломат харилцааны 75 жил, найрсаг хамтын ажиллагааны гэрээ байгуулсны 30 жил, стратегийн иж бүрэн түншлэлийн 10 жил зэрэг олон тэгш ой давхацсан онцлог жил болж байна. Хятад, Монголын хувь заяаны хамтын нийгэмлэг байгуулах гол чиглэл дагуу "Бүс ба зам"-ын хамтын ажиллагаанд тулгуурлаж, стратегийн уялдаа холбоогоо гүнзгийрүүлж, улмаар хоёр орны хөгжилд сайн хүч сэлбэж, Азийн "шинэ гэр орны бүтээн байгуулалт"-д Хятад, Монголын хамтын хүчин зүтгэлийг нэмэхэд Хятадын тал мөн бэлэн байна" гэжээ.
