Саяхан Австрийн Үндэсний Олимпын Хороо тус улсын баруун өмнөд нутгийн Инсбрук хотод хэвлэл мэдээллийн уулзалт зохиож, 2022 оны Бээжингийн өвлийн олимпод бэлтгэж буй Австрийн төлөөлөгчдийн багийн талаар танилцуулжээ. Арга хэмжээний дараа Австрийн Үндэсний Олимпын Хорооны нарийн бичгийн дарга болон тамирчид Хятадын Төв Радио Телевизийн сурвалжлагчид ярилцлага өгсөн байна.

Хэвлэлийн бага хурал дээр тамирчдын төлөөлөл Австрийн төлөөлөгчдийн багийн хувцастай ирж, тэмцээн, бэлтгэлийн хувцсыг үзүүлж, Бээжингийн өвлийн олимпод бэлтгэж буй явцын талаар танилцуулсан байна.
Австрийн хэсэг тамирчид 10-р сард Бээжинд зохиогдсон өвлийн олимпын туршилтын тэмцээнд оролцсон юм. Тэд Австрийн мэдээллийн хэрэгсэлд Бээжингийн өвлийн олимпын бэлтгэл ажил, ордон талбайн талаар танилцуулж, Бээжингийн өвлийн олимпын тэмцээний ордон талбай маш боловсронгуй болсон хийгээд цар тахлын сэргийлэлт хатуу мөрдөгдөж буйг үнэлэн сайшааж, эдгээр бүхэн нь тамирчид бүх сэтгэлээ дайчлан тэмцээнд оролцоход тустай гэсэн байна.
Австрийн бобслейн тамирчин Бенжамин Майер Бээжингийн өвлийн олимпын ордон талбайн талаар ийн ярьсан юм.

“Бээжингийн өвлийн олимпын ордон талбай, тэмцээний зам үнэхээр гайхалтай санагдсан, ийм том хэмжээний тэмцээний байгууламжуудыг өмнө нь харж байгаагүй, яг дурсгалын цогцолбор шиг байсан. Эдгээр ордон талбайтай очиж танилцан, дасгал хийхэд зөвшөөрөл олгосон Хятад улсад бид маш талархаж байна. Ажилтнууд нь маш тусархаг, биднийг маш их тусалсан. Бээжингийнхэн тамирчид биднийг халуун дотноор угтаж байгааг мэдэрсэн, энэ нь олимпын үзэл санааны маш сайн илэрхийлэл юм. Бас нэг тал нь аюулгүй байдал маш сайн байна, учир нь Хятадын ард түмэн халдвараас сэргийлэх дүрэм журмыг хатуу мөрдөж байна.”
Австрийн Үндэсний Олимпын Хорооны нарийн бичгийн дарга Питер Меннел хэлсэн үгэндээ: Хятад улс цар тахлын халдварыг маш сайн тогтоон барьж чадсан бөгөөд туршилтын тэмцээнүүд ч амжилттай явагдсан. Австрийн бүх тамирчид үүнээс маш их урам зориг авсан юм. Тамирчид маань Бээжинд шилдэг амжилт гаргана гэдэгт итгэлтэй байна.
“Австрийн тамирчид Бээжингийн өвлийн олимпын талбай заалд бүгдэд нь сэтгэл ханамжтай байгаа. Хятад улсын ард түмэн бол найрсаг ард түмэн юм. Бээжинд нэгэн удаагийн төгс төгөлдөр өвлийн олимп зохиогдоно гэдэгт бид эргэлзэхгүй байна”.
