Чийгийн үнэр яг л цэгээ айргийн үнэр шиг сэнгэнэнэ. Зэрэглээ улам зузааран өндөртөж бүжиглэн мяралзан усны долгион юм шиг, хадагны мяралзаа ч юм шиг сүүмэлзэн сүүтгэнэнэ. Салхины сэвэлзээд алсын бараа цэлмэгхэн гийж, хааяа униартаж дуниартангуй. “Ичигсэд хөдлөх цаг” нь ирэхээр буянтай буурал нутаг минь бүр ч орь татаж дулаарах юм.
Малчин айлын хот хороонд тарга сайтай эх мал тэжээлийн үлэмж өнгөжөөд малчин ард маань төл тосох бэлтгэл ажлаа яв цав амжуулжээ. Хөрзөнгийн төөнөөтэй хашаа хороонд мянган цагааны түрүү төлийн майлаанд малчин хүний магнайн үрчлээ тэнийлгэн баясаж, ууган төлөө үнэсмээр өхөөрдөн, түм түмээр үржихийн бэлгэ ерөөл хэлж, толгойг нь тос өрмөөр мялааж, төл тосох их үйл ид авч өрнөнө. Хамгийн хатуу агаад ажил ихтэй хурга ишгийг угжиж хөхүүлэх, эх хургыг нь таниулахаас эхлээд шөнийн манаа, хурга ишигний зунгаг баасыг хайчилж арилгах, хуурайлах, им тэмдэг тавих, саах сувайн сүрэг ялгах, гологдсон төлийг авуулах, гээсэн хургаа хайх, хоёр сүрэг хонио усалж өвслөх зэрэг хүнд ажлын өмнө хүзүү бөхийлгүй, борви амсхийлгүй завгүй ажилладаг.
Эрчүүд нь адуу дэллэн хөгжилдөж, хүч тамираа шалгаж, даага тамгалж, үрээ хайрч ажлын чилээгээ тайлж хялбархан найрлаад буцдаг. Охид бүсгүйчүүд үнээ сааж хурга ишгээ угждаг. Өнгө нь буусан ажлын тэрлэгтэй бор бүсгүй цайлзан тоглох хөрөвжсөн хурга ишгээ харан баясна. Нар барууншилж нялх тугалын эх мөөрсөөр хотондоо ойртох нь галын чимээ аниртсан нуурын баясгалантай цаг ирэхийг мэдээлж байгаа ч юм шиг юутай сайхан санагдах аж. Сая тугалсан үнээнийхээ уургийг шувтарч хөөрүүлээд өл өегтэй сайхан ундаа оочих нь хавар цагийн бахархал.
Хавар гэж малчин хүний заяанд малын буяныг өтгөрүүлдэг амьлалын хишгийг ивээсэн ганган улирал юм.
