solongonews
Аян, жин, нүүдэл гурав хоорондоо ялгаатай
2016-09-07 17:06
Сөнид нутгийн малчид өмнөх зууны жараад он хүртэл тэмээн нүүдэл, аян жиндээ тэмээн ачааг түшдэг байсан бол сүүлийн үед тэмээн тэрэг хэрэглэх болсноор тэмээн ачаа аяндаа орхигдсон байна.

               Энэ тухай малчин Сүхбаатар:
       Өмнөх зууны жараад оны дунджаар мал аж ахуйн оронд төмөр хүрдтэй тэмээн тэрэг орж ирсэн цагаас тэмээн ачаа манай нутагт харагдахаа больсон юм. Би арван хэдтэй байхдаа тэмээн тэрэг хөтлөн аргал түүдэг байлаа гэж эргэцүүлэн ярьлаа.
        Тэмээн ачааг ердөө гурван төрөлд хуваадаг байв. Үүнд, ойр зуурын ачааг нь нүүдэл гэдэг. Нүүдэлд баян айл зургаа, долоон тэмээтэй бол нүүчихдэг. Амьдрал барагтайхан айл нь гурав, дөрвөн тэмээтэй нүүдэг. Нүүдлийн ачаанд монгол гэр болон бүх эдлэл хэрэгсэл, аргал түлш, ус түлээгээ ачиж зөөдөг. Тэмээн ачаанд туургаараа тэмээнийхээ хоёр бөхийг ороож, ханаараа хавчиж уяад дээр нь юмаа ачаад явдаг байв. Нүүхэд эхний тэмээнд тооноо ачдаг. Түүнийгээ тоононы тэмээ гэж нэрлэнэ. Тоононы тэмээ бол номхон, үргэж догшрох зангүй, гэр буулгахаас өмнө нүүхийг мэдчихдэг эзэндээ ээлтэй гарын тэмээ байдаг. Тоононы тэмээнд аяга сав, гурил будаа, тулга зэрэг бүх ойр зуурын юмсаа ачдаг болохоор хамгийн хүндийг нь ачиж явдаг байна.
        Тэмээн ачаатай хагас сар, хорь гаруй хоногоор үргэлжлэн явдгийг нь тэмээн аян гэдэг. Дээр үед баяд ноёд, сүм хийд буюу малчид өөрийн ганц хоёр тэмээгээ нийлүүлэн тэмээн аянаар ар газрын давс, арьс шир зэргээ ачиж, дотор газар очин цай, будаа гурил, бөс бараа сольж авчирдаг байжээ. Малчин Сүхбаатрыг таван настай байх үед нутгийн ахмад нь тэмээн аянаар Сайхантал суурин руу явж ирэхэд хорь гаруй хоног зарцуулдаг байсан гэнэ. Аянд явах хүн бол эхний тэмээнд майхан, хоол хүнс зэрэг хөнгөн юмсаа ачиж, хоёр дахь тэмээнд бусад ачаагаа ачдаг байна. Аянд намрын сүүл сард яваад өвлийн эхэн сард ирдэг гэнэ. Хэрвээ зун явбал тэмээ халууцаж хөлрөн хамуурах аюултай байсан гэх.
        Тэмээн ачаатай аялах зам хол, аялах цаг хугацаа нэн урт бол тэмээн жин гэдэг. Дээр үеийн тэмээн жингийн байдлаас тухайлан сонирхуулахад баяд ноёд нь жингийн тэмээгээ сургачихаад Их хүрээнээс Чуулгат хаалга хүртэл тэмээн жингээр эд зүйлс зөөдөг байсан байна. Бас хошуу, чуулган нь тэмээн жин зохион байгуулан тээврийн ажил хийдэг жишээтэй. Тэмээн жин нэг удаа явж ирэхэд хэдэн сар, тэр ч бүү хэл хагас жил зарцуулдаг.

 

Зохиогч: Содбилэг
Найруулагч: Б.АРВИНТАЛ
Эх сурвалж : Шилийнголын Өдрийн Сонин
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл