solongonews
Германд Олон улсын гутлын үзэсгэлэн нээгджээ
2017-09-01 17:25
Орон нутгийн цагаар 8 дугаар сарын 27-ноос 29-нд Германы Дюссельдорф хотноо ”Tag it!” хэмээх олон улсын гутлын үзэсгэлэн худалдаа боллоо.

Олон улсын гутлын "Tag it!" үзэсгэлэн худалдаа бол дэлхийд хамгийн нэр нөлөөтэй гурван том гутлын үзэсгэлэнгийн нэг юм. Энэ тухай ХОУР-гоос Германд суугаа сэтгүүлч Юань Жявэний ирүүлсэн мэдээллийг хүргэе.

Дюссельдорфын гутлын үзэсгэлэн худалдаа   дэлхийд цар хүрээгээр хамгийн том, хамгийн нөлөөтэй, дээд зиндааны олон улсын   мэргэжлийн үзэсгэлэн худалдааны нэг билээ. Гутлын бүх төрөл загвар, бүрдэл   хэсгийг хамруулсан тус үзэсгэлэн 90 мянган ам дөрвөлжин метр талбай бүхий үзэсгэлэнгийн бүстэй, 1700 гаруй компани нэг дор бүтээгдэхүүнээ дэлгэх боломжтой юм. Энэ үзэсгэлэн гарах бүрт мэргэжлийн худалдан авагч 50 гаруй мянган бизнесийн нэгж удаа оролцож, бүтээгдэхүүн худалдан авдаг байна.

Тус үзэсгэлэнгийн төв алдарт Райн мөрний   хөвөөнд байдаг юм. Тус төвд маш олон компани тус тусын бүтээгдэхүүн, хамгийн   сүүлийн үеийн загвараа тавьсан байлаа. Дюссельдорфын үзэсгэлэнг зохион   байгуулагч корпорац анх 2013 оны 9-р сараас “GDS” олон улсын гутлын үзэсгэлэн   гаргахаа зарлаж, улмаар тус арга хэмжээг гутлын төрөл загвар, бүрдэл хэсгийг   танилцуулах олон улсын зорилтот газар болгон, гутлын брэндийн “Tag it” үзэсгэлэн   худалдаа зохиох болжээ. Гутлын үзэсгэлэнгийн намрын улирлын арга хэмжээг 9 дүгээр сард зохион байгуулдаг байсныг 2014 оноос эхлээд 7, 8 дугаар сард хаврын арга   хэмжээг 3-р сард зохиогддог байсныг 2-р сард зохион явуулдаг болсон   байна.

Энэ үзэсгэлэнд Хятадын хөнгөн үйлдвэрийн бүтээгдэхүүний экспорт импортын худалдааны нийгэмлэг Хятадын нөлөө бүхий   брэндүүдийг зохион байгуулан оролцож, Хятад гутлыг сурталчлан танилцуулж, тус   салбар дахь Хятад, Европын хамтын ажиллагааг зохих хэмжээгээр нэмэгдүүлж байна. Тус арга хэмжээ Хятадын гутлын брэндүүд Европын холбооны зах зээлд хөл тавих   үүдийг нээсэн юм.

Ханжөү хотын соёлын "One Ten" компанийн бүтээгдэхүүний менежер, хатагтай Линь Аова анх удаа оролцож буй бизнес нэгжийн хувиар Европт иржээ. "Европын зах зээл Хятадын компанийн хувьд асар их   татах хүчтэй байна. Маш чухал зах зээл гэдэг нь гарцаагүй" хэмээн тэр ярьж байлаа.

"Хятадын бүтээгдэхүүнд ямар хандлагатай байдаг вэ гэвэл, Европчууд эхлээд хямд бүтээгдэхүүн авдаг байсан бол одоо загварлаг, чанартай бүтээгдэхүүн авдаг болсон. Энэ бол сүүлийн хэдэн жилд гарсан   томоохон эргэлт юм. Иймээс, манайх шиг шинээр гарч ирсэн компаниудын хувьд том зах зээл гэж би бодож байгаа. Брэнд бүтээгдэхүүн, эсвэл харьцангуй хямд үнэтэй тансаг бүтээгдэхүүний аль алиных нь хувьд, Европ тив бол яахын аргагүй тодорхойлогч зах зээл юм. Америкийн зах зээл ердийн үед тоо хэмжээг төлөөлдөг, харин Европын зах зээл чанарыг харуулдаг юм. Иймээс хэрэв Европын зах зээлд орж чадвал, томоохон амжилт дэвшил болох юм."

Хятадын эмэгтэйн гутал   хувцасны “Sheme” брэнд сүүлийн жилүүдэд Европ төдийгүй олон улсын зах зээлд  ихээхэн амжилттай ажиллаж байна. Тус брэндийн үүсгэн байгуулч хатагтай Лю   Чюн-Ин: "Хятадын соёлыг агуулсан жинхэнэ брэндийг дэлхийн хүмүүст танилцуулахын тулд манай компани уран хатгамал, зангидсан товч, сувдан шигтгээ зэрэг уламжлалт гар урлалын элементийг олон улсын хувцасны загварт төгс төгөлдрөөр уялдуулахаар хичээн зүтгэж ирсэн" гэжээ.

"Шинэ загвар гаргахдаа Хятад соёлын элементийг ашиглаж, олон улсын мода даган, бүтээгдэхүүндээ зүү утсаар хатгаж урласан нарийн чимхлүүр гар урлалыг нэмж оруулдаг. Бүтээгдэхүүн нэг бүрийг маш   нарийн хийцтэй, соёлын агуулгатай, харсан хүн биширмээр болгодог. Ийм бүтээгдэхүүн л олон улсын зах зээлд амжилтад хүрч чадна. Миний ойлголтоор, загвар бол улс орон, бүс нутгаар хязгаарлагддаггүй."

Хятадын компаниудыг удирдан Дюссельдорфын үзэсгэлэнд 10 жил дараалан оролцсон Хятадын хөнгөн үйлдвэрийн бүтээгдэхүүний экспорт импортын нийгэмлэг бол Худалдааны яамны дэргэдэх худалдааны 6 нийгэмлэгийн нэг юм. Тус нийгэмлэгийн дэд дарга Жан Жие үзэсгэлэнд оролцсон тухайгаа танилцуулж байна.

"Хятад бол гутал экспортлогч том орон боловч энэ салбарт хүчирхэг орон биш. Жинхэнэ сайн чанарын брэндүүд Европ, Америкт их байдаг. Тэднийг хэрхэн гүйцэх вэ гэдэг бол бидний өмнөө тавьсан зорилго юм. Иймээс бид дотоодын компаниудыг зохион байгуулж, GDS гутлын үзэсгэлэнд оролцож   брэндээ танилцуулдаг. Энэ бол маш чухал. Компани нэгжүүд үр дүнтэй оролцож   байна. Энэ удаад олон том компани ирсэн. Эдгээр компанийн ихэнх нь бусад   брэндийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж, шошгыг нь хадаж өгдөг байлаа. Харин одоо   бие даасан брэнд компаниуд улам нэмэгдэж байна. Компаниуд хөгжин дэвшиж,   үйлдвэрлэлийн түвшин улам дээшилж байгаа юм."

Хятадын гутал үйлдвэрлэгч “KANGNAI” группийн ерөнхий менежер Мяо Рэньзань: “Гутал үйлдвэрлэгч   компаниудад шинэчлэл, шилжилт хийх, чанараа улам сайжруулах тулгамдсан шаардлага тавигдаж байна. Манай компани голдуу Европын брэндүүдэд бүтээгдэхүүн үйлдвэрлэж нийлүүлэх, өөрийн брэндээ хөгжүүлэх хоёр гол үйл ажиллагаатай боловч, өөрийнбрэндээ хөгжүүлэх нь улам чухал болж, шинэ арга зам эрэлхийлж байна” гэжээ.

"Ажиллах хүчний зардлын хувьд манай улс давуу   байлаа. Харин одоо дотоодын ажиллах хүчний зардал, түүхий эдийн үнэ нэмэгдсэнээс   хойш гадаадын компаниудтай адил болсон. Одоо манай компани бие даасан брэнд   үйлдвэрлэх, хөрөнгө оруулалт хийх тал дээр илүү анхаарч байна. Цахим худалдааны   хувьд, Америкийн Аmazon, Ebay зэрэг цахим индэрт үйлчилгээгээ нээсэн. Европчууд   ч сайхан боломж, цахим худалдааны зохистой индэр хайж байгаа. Манай компанийн үйл ажиллагаа дотоодын зах зээлд өргөжихийн хэрээр Европын бизнесменүүд манай   Хятад улс дахь зах зээлийг анхаарч, хамтран ажиллаж, манай брэнд дэлгүүрийн   үйлчилгээг дам ашиглан Хятадын зах зээлд орохыг хүсэж байна. Энэ нь хамтран  ажиллаж, хамтдаа ашиг хүртэнэ гэсэн үг."

Хятад бол хамгийн том гутал экспортлогч орон юм. 2016 оны үзүүлэлтээр Хятадын гутлын экспортын нийт хэмжээ   48 тэрбум 526 сая ам.долларт хүрчээ. Энэ нь асар их тоо боловч 2015 оныхтой   харьцуулбал 9.48 хувиар буурсан үзүүлэлт юм. Ийм нөхцөлд Хятадын худалдааны яам   тус салбарын аж үйлдвэрлэлийг шинэчлэх, чанаржуулах, экспортын бааз, алдартай   брэнд бүтээх, нөгөө талаар, дизайн, судалгаа, бэлтгэл сургалт, хурал, үзэсгэлэн зэргийг багтаасан үйлчилгээний индэр бий болгох арга хэмжээ авч, цахим худалдаа, гадаад дахь борлуулалтын сувгаа өргөтгөж байна. 2017 оны эхний хагас жилийн байдлаар, Хятадын гутлын экспорт 4 орчим хувиар нэмэгджээ.

Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : CRI
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл