solongonews
” Алсын нүүдэл” уран зургийн үзэсгэлэн
2018-05-16 17:00
Залуу уран бүтээлч Баяртын “Алсын нүүдэл” сэдэвт хятад зургийн үзэсгэлэн 05 сарын 15-ны өдөр Хөххотын Үндэстний уран зургийн ордонд дэлгэгдлээ.

Улаанхад дахь Монгол үндэстний дунд сургуулийн багш, Байран баруун хошууны уугуул Баярт нь Хятад улсын үндэстний цөөнхийн уран зургийг дэлгэрүүлэх нийгэмлэгийн гишүүн, Өвөр Монголын Уран зурагчдын нийгэмлэгийн гишүүн зэрэг албан тушаалыг үүрдэг. 1991 онд Өвөр Монголын Багшийн Их Сургуулийг уран зургийн мэргэжлээр төгсөж, 2015-2017 онд Чинхуа Их Сургуулийн Уран зургийн дээд сургуульд мэргэжил дээшлүүлсэн удаатай.
Түүний "Долоон сарын тал нутаг", "Өлзийт өдөр", "Ээж", "Хавар", "Ла сар", " Дулаан өвөл", "Өргөнө", "Горхин гол" зэрэг бүтээл нь улс орны олон нэртэй үзэсгэлэнд дэлгэгдэж, "Монголын нууц товчоо"-ны түүхт хүмүүсийн хятад зургийн цуврал бүтээл нь ӨМӨЗО-ы анхны “Бай Ян” шагналд "Оны хүн” цол хүртэж, “Мөнгөн өвөл”, “Зам” гэх бүтээл нь Япон улсад зохион байгуулагдсан “2017•ZERO” үзэсгэлэнд шилдэг шагнал тус тус хүртэж байв.
Энэ удаагийн уран зургийн үзэсгэлэнд Баяртын арав гаруй жилийн хүч хөдөлмөр шингэсэн 89 бүтээлийг дэлгэн үзүүлжээ. Эдгээр бүтээл нь Баярт багшийн ажлынхаа хажуугаар зав чөлөө гарган зурсан бүтээлүүд болно. Тэрээр бага байхын уран зурагт авьяастай байсан бөгөөд хожим нь энэ мэргэжлээр сургуулиа дүүргэж, уран зургийн мэргэжлээр багшийн албанд зүтгэн олон жил болжээ. Боловсролын салбарт зүтгэсэн эдгээр жилүүдэд тэрээр “Амралтгүй ажиллах”-ыг одоог болтол баримталсаар байгаа бөгөөд хөдөө нутгаар үргэлж явaн уран зургийн сэдэв эрсээр иржээ. Энэхүү нөр их хөдөлмөр, нүүдлийн соёл иргэншил, сэтгэхүй нь түүний олон бүтээлд шингэсэн нь тодорхой. Үзэсгэлэнгээр Баярт өөрийн уран зургийн бүтээлээсээ Хөххотын Үндэстний уран зургийн ордонд хадгалуулсан байна. Мөн үеэр Хөххотын Үндэстний уран зургийн ордонгоос түүнийг "Урлаг судлаач"-аар урьжээ.


 

Зохиогч: Бэлтгэсэн: Чийрэг, Мөнхбаяр
Найруулагч: Ц.Урантунгалаг
Эх сурвалж : Амьдрал гарагийн сонин
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл